АНУ-ын зарим хотуудад, орон сууцны эздийг Airbnb дээр байраа түрээслүүлэхгүй байлгахын тулд мөнгө төлөх арга хэмжээ авч байна.
Tue Aug 23 2022
Үл хөдлөх хөрөнгө тэр дундаа байрны түрээсийн үнэ урьд өмнө байгаагүй ихээр нэмэгдэж, үл хөдлөх хөрөнгийн зах зээл ерөнхийдөө хяналтаас гарч байгаа энэ үед зарим хот суурингууд, тухайн орон нутгийн оршин суугчидад түрээсийн орон сууцыг түлхүү түрээслүүлэх, түрээсийн байрны хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд, богино хугацааны түрээсээс татагалзахад түлхэц болгох зорилгоортүрээслүүлэгчдэд бэлэн мөнгө өгөх шинэ стратегийг ашиглаж эхэлсэн талаар New York Post-д бичжээ.
Аризона мужийн Седона хот нь үл хөдлөх хөрөнгийн эздэд бэлэн мөнгө санал болгож, түрээсийн хямралыг зогсоохыг оролдож буй АНУ-ын бусад нийгэмлэгүүдийн бүлэгт нэгдсэн байна.
Седона хотын орон сууцны менежер Шеннон Бун, хотын зөвлөлөөс баталсан орон нутгийн орон сууцны түрээсийн энэхүү хөтөлбөрийн талаар "Түрээслэн сууж байгаа байрнаасаа гарахаас өөр аргагүй байдалд орсон түрээслэгч хүмүүсээс өдөр бүр дуудлага ирж байна. Учир нь байрны эзэд байраа богино хугацаагаар түрээслэх нь ашигтай байгаа тул урт хугацааны түрээслэгч нарыг гарахыг шаардах болсон. Харин бидний хэрэгжүүлж буй энэ хөтөлбөр үүнд туслана гэж найдаж байна" хэмээн ярьжээ.
Энэхүү хөтөлбөр нь, Airbnb ба Vrbo зэрэг богино хугацааны түрээсийн сайтууд дээрх байрны эздийн зарыг нь устгуулж, байрны эздийг орон нутгийн иргэдэд дор хаяж нэг жилийн хугацаагаар түрээслүүлэх нөхцөлтэйгээр, жижиг талбайтай орон сууц түрээслүүлэгчдэд 3000 доллар, том талбайтай орон сууц түрээслүүлэгчдэд 10000 доллар тус тус төлөх санал тавьж байгаа аж.
Энэ бол үл хөдлөх хөрөнгийн эздэд зориулсан сайхан урамшуулал болохоос, богино хугацаанд түрээслэхийг хориглосон хэрэг биш. Одоогийн байдлаар Седона хотын 6600 орон сууцны 1000 орчим нь богино хугацааны түрээсийн байраар ашиглагдаж байна. Бидний зорилго бол богино хугацааны түрээсийг зогсоох биш, харин орон нутгийн ажиллах хүч болох оршин суугчидыг байрлуулах газартай болгох явдал юм гэж хотын зөвлөлөөс мэдэгджээ.
Седонагийн энэхүү хөтөлбөр үр ашигтай байх эсэхийг цаг хугацаа харуулах болно. Гэхдээ бусад газруудад хэрэгжүүлсэн ижил төстэй урамшуулалын ийм арга хэмжээнүүд үр дүнтэй байгаа нь харагдсан. Колорадо мужийн Саммит Каунти-д богино хугацаагаар байраа түрээсэлдэг байрны эздэд, урт хугацааны түрээсийн гэрээгээр байраа ашиглуулах тохиолдолд 20,000 доллар хүртэл санал болгосноор орон нутгийн 140 ажилчдыг түрээсийн байраар амжилттай хангажээ.
Саммит Каунтигийн орон сууцны газрын захирал Жейсон Дитз, "Орон сууц эзэмшигчдээс маш олон эерэг санал хүсэлт ирж байна. Энэ хөтөлбөр бол түрээсийн байрыг хүртээмжтэй болгох арга хэмжээний нэг хэрэгсэл юм. Хямд боломжийн үнэтэй түрээсийн орон сууцны асуудлыг хурдан шийдэх арга маш хомс гэдгийг тэмдэглэх нь зүйтэй гэжээ.
Эх сурвалж: forumdaily.com








