АНУ-ын оршин суугчид, энэ өвөл халаалтын төлбөрийн огцом өсөлтөд өртнө.
Thu Sep 22 2022
9-р сарын 13-ны өдрийн хэрэглээний инфляцийн тайланд баярлах цөөн хэдэн шалтгааны нэг нь бензин, нефтийн үнийн бууралт байсан ч эрчим хүчний үнэ өсөх тул баярлахад эрт байна гэж USAToday мэдээллээ.
Сангийн яамны тэргүүн Жанет Йеллен(Janet Yellen) тэргүүтэй олон хүмүүс, энэ өвөл Америкчуудад тохиолдож болзошгүй халаалтын төлбөр болон шатахууны үнийн өсөлтийг анхааруулж байна. Йеллен 9-р сарын 18-нд өгсөн ярилцлагадаа “Энэ өвөл Европын холбоо Оросын нефтийг худалдан авахаа үндсэндээ зогсоож, үүн дээр нэмээд Оросын танкераар газрын тос тээвэрлэх үйлчилгээ үзүүлэхийг хориглоно. Энэ нь нефтийн үнийг өсгөхөд хүргэж болзошгүй юм." гэсэн байна.
Мөн энэ өвөл үнийн өсөлтөд нөлөөлөх өөр хүчин зүйлүүд бий. Ерөнхийлөгч Жо Байдены шийдвэрээр улсын онцгой нөөцөөс өдөрт 1 сая баррель газрын тос гаргах ажил 10-р сард дуусна. Мөн Европын эрчим хүчний хямрал өвлийн хүйтэн саруудад хамгийн хүнд тусах төлөвтэй байна, тус улсын томоохон нефть үйлдвэрлэгчид олборлолтоо бууруулж магадгүй гэж бусад шинжээчид үзэж байна гэж тэмдэглэжээ.
Ямар түлш илүү үнэтэй байх вэ?
Шинжээчдийн үзэж байгаагаар газрын тос, байгалийн хийн үнэ өсөх магадлал маш өндөр байна. Газрын тос нь нэг галлон бензиний тал орчим үнэтэй тэнцдэг ба ачааны машин зэрэг тээврийн хэрэгслийн дизель түлш, айл өрхөд зориулсан халаалтын тосыг газрын тосноос гаргаж авдаг. АНУ-ын орон сууцны болон арилжааны түлшний хэрэглээний дийлэнх нь “New England” болон Атлантын далайн бүс нутагт байрладаг байна.
Цаашилбал, АНУ-ын орон сууцны тал орчим хувь нь орон сууцны халаалт болон халуун ус зэрэгт байгалийн хий ашигладаг. Байгалийн хийг ихэвчлэн цахилгаан эрчим хүч үйлдвэрлэхэд ашигладаг тул 8-р сар хүртэлх 12 сарын хугацаанд цахилгааны үнэ 15.8% өссөн байна. Европ өвөл болохоос өмнө байгалийн хийн нөөцөө дүүргэхээр тэмцэж байгаа энэ үед байгалийн хийн үнэ сүүлийн 14 жилийн дээд хэмжээндээ хүрчээ. Байгалийн хийн өндөр үнэ зарим газруудыг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэхийн тулд газрын тос эсвэл нүүрс шатаах аргад шилжихэд хүргэж байгаа аж.
Америкчууд энэ өвөл дундажаар хэр их мөнгө төлөх вэ?
Орон сууцны халаалтын дундаж зардал өнгөрсөн өвлөөс 17.2%-ар өсөж, 1202 доллар болж, хоёр дахь жилдээ томоохон үнийн өсөлтөд хүрч, сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд тохиосон хамгийн өндөр үнийн өсөлт болох төлөвтэй байна гэж Эрчим хүчний салбарт тусламж үзүүлэх захирлуудын үндэсний холбоо (NEADA) мэдэгдэв.
NEADA-ийн гүйцэтгэх захирал Марк Вольфе –“20 сая гаруй гэр бүл буюу Америкийн 6 гэр бүл тутмын 1 нь нийтийн үйлчилгээний төлбөрөө хоцролттой төлж байгаагаас өр үүсч байна. Энэ өвөл орон сууцны эрчим хүчний үнэ нэмэгдэж байгаа нь орлого багатай сая сая гэр бүлийг эрчим хүчний төлбөрөө төлөхгүй байх эрсдэлд оруулж, хоол хүнс, эм тарианы хэрэглээ, түрээсийн төлбөрийн дарамтад орохоос өөр аргагүй болгоно" гэж хэлэв. 2022 онд NEADA-аас байгалийн хий, халаалтын тос, пропаны өндөр үнэ, мөн энэ зуны халууны нөлөөг харгалзан нийтийн үйлчилгээний зардал 3,803 доллар болж өснө гэж таамаглаж байна. Өндөр температурын улмаас агааржуулагчийн үнэ өнгөрсөн зун дунджаар 450 доллар байсан бол 600 орчим ам.долларт хүрчээ.
Бензин, нефтийн үнэ буурсан уу?
Одоогийн байдлаар, газрын тос, шатахууны үнэ эрэлт буурсантай холбоотойгоор огцом унасан. 8-р сард бензиний үнийн индекс 7-р сарынхаас 10.6%-иар буурсан гэж Хөдөлмөрийн статистикийн товчоо 9-р сарын 13-нд CPI тайландаа дурджээ. Энэ нь энэ долоо хоногт хар тугалгагүй бензиний нэг галлон улсын дундаж үнэ энэ зун тогтмол буурч, 3-р сарын эхэн үеэс хойш ажиглагдаагүй түвшин буюу 3.71 ам.доллар болсныг харуулж байна. Бензиний үнэ галлон нь 5 доллар болж өссөн зургадугаар сарын оргил үеэсээ гуравны нэг орчим буурсан байна.
Гэвч Орос улс Европт нийлүүлэлтээ багасгаснаар байгалийн хийн үнэ өссөөр байгаа нь дэлхийд эрэлт хэрэгцээг бий болгоод байгаа билээ.
Яагаад одоо үнэ өсөх болов?
Нэгдүгээрт, стратегийн газрын тосны нөөцөөс Байдены шийдвэрт үндэслэсэн өдөр тутмын нийлүүлэлт ирэх сард дуусна. Нэмж дурдахад, АНУ-ын Эрчим хүчний яамны мэдээллээс харахад энэхүү стратегийн нөөц 1984 оны 10-р сараас хойших хамгийн доод түвшинд хүрч буураад байгаа бөгөөд ирээдүйд, нийлүүлэх хэмжээгээ багасгах замаар эдгээр нөөцийг нөхөх шаардлагатай болоод байна.
Мөн 12-р сарын 5-нд Япон, АНУ, Их Британи, Канад, Герман, Франц, Итали зэрэг аж үйлдвэржсэн орнуудын “G7”-ын уулзалтаар Оросын нефтийн үнийг хязгаарлахаар төлөвлөж байна. RSM US LLP-ийн ахлах эдийн засагч Жо Брусуэлас,- "Хэрэв тэд үүнийг хийвэл Орос улс газрын тос, байгалийн хийн экспортоо зогсоохоо зарлана. Ийм зүйл тохиолдвол, нефтийн үнэ 6-р сард тогтоож байсан дээд цэгтээ дахин хүрч, ердийн бензиний дундаж үнэ нэг галлон нь одоогийн 3.70 ам. доллараас давах болно." гэсэн байна. Тиймээс, байгалийн хийн үнэ дахин өсөх хандлагатай байна.
Оросын газрын тосны үнийн дээд хязгаарыг хэрхэн барих вэ?
Оросын газрын тосыг тодорхой үнээс дээш үнээр худалдаж авахгүй байх замаар Их долоогийн орнууд ОХУ-ын Украин дахь дайныг санхүүжүүлэх газрын тосны орлогыг нь хязгаарлах болно. Энэхүү хязгаарлалт нь дэлхийн танкерын флотын 95 орчим хувийг хамруулдаг Лондонгийн зуучлалын компани тээврийн даатгал хийхээс татгалзах, дээд хязгаараас дээш үнэлгээ бүхий ачааг санхүүжүүлэхээс мөн татгалзаж чадах эсэхээс ихээхэн шалтгаална.
ОХУ нь, дэлхийн зах зээлд газрын тосны хамгийн том экспортлогч, Саудын Арабын дараа ордог хоёр дахь том түүхий нефть экспортлогч учраас энэ хязгаарлах арга хэмжээ нь дэлхийн нефтийн үнэ өсөхөд хүргэж болзошгүй тул Оросын газрын тосонд шууд хориг тавихаас зайлсхийж байна. Үнийн хязгаарлалт нь Оросын газрын тосны худалдааг үргэлжлүүлэх боломж өгч буй ч, Оросын улсын сан хөмрөгийг бууруулсаар байх болно гэж үзэж байгаа аж.
Үүний хариуд Москва Оросын эрчим хүчний экспортын үнийн дээд хязгаар тогтоосон орнуудад газрын тос, байгалийн хийг худалдахыг зогсооно гэж анхааруулсан. Шинжээчдийн үзэж байгаагаар энэ нь нийлүүлэлт багасаж, хоёр төрлийн шатахууны үнэ өсөхөд нөлөөлнө.
OPEC+ газрын тос нэмж нийлүүлж болохгүй гэж үү?
Нефть экспортлогч орнуудын байгууллага (The Organization of the Petroleum Exporting Countries - OPEC) болон OPEC-ийн гишүүн бус газрын тос экспортлогч бусад 10 томоохон улс (хамтдаа OPEC+ гэж нэрлэдэг) газрын тосны олборлолтоо нэмэгдүүлэх талаар тохиролцож болох ч үүнийг хийхээс татгалзаж байна.
2020 оны 3-р сард COVID-19-ийн тархалтыг удаашруулахын тулд эдийн засаг хаагдсаны улмаас газрын тосны үнэ огцом унасны дараа OPEC+ олборлолтоо нэмэгдүүлэх тал дээр маш болгоомжтой хандаж байна. Энэ сарын эхээр тус групп 10-р сараас хойш үйлдвэрлэлийн зорилтоо өдөрт 100,000 баррелаар бууруулж зах зээлийг гайхшруулсан. Үүгээрээ тус компани, нефтийн үнэд хяналт тавьж байгаагаа харуулахын зэрэгцээ газрын тосны үнэ хэт хурдан эсвэл илүү хүчтэй унаж байна гэж үзвэл эргэлзэхгүйгээр арга хэмжээ авахаас буцахгүй гэдгээ илэрхийлэх бэлгэдлийн алхам хийсэн гэж үзэж байна.
Зарим хүмүүс OPEC+ илүү их газрын тос олборлож чадах эсэхийг анхааралтай ажиглаж байна. Энэхүү групп нь, зарим улс оронд хүчин чадал дутмаг байгаагаас үйлдвэрлэлийн квотоо байнга дутуу биелүүлсээр байгаа юм.
Хэн хамгийн их хохирох вэ?
Европчууд Оросын байгалийн хийд түшиглэж ирсэн тул хамгийн хүнд хэцүү үеийг туулах болно. Орос улс Европ руу чиглэсэн хоёр том хоолойг аль хэдийн хаасан. Энэ нь өнгөрсөн онтой харьцуулахад үнийг 300 хувиар өсгөж, 2008 оноос хойших хамгийн дээд түвшинд хүрсэн байна. Мөн Америкчууд ч бас үүнийг мэдэрнэ. Өвөл болохоос өмнө нийлүүлэлтийг нэмэгдүүлэхийн тулд АНУ Европ руу шингэрүүлсэн хийгээ экспортын дээд хэмжээгээр илгээсэн. Харин одоо үнэ өсөхийн зэрэгцээ АНУ-ын нөөц багасч байна.
Америк яагаад шатахуунаа нөөцөлж болохгүй гэж?
АНУ-ын томоохон газрын тос үйлдвэрлэгчдээс Европ болон бусад улс орнуудад түлш бага экспортлохыг хүссэн ч эрчим хүчний зах зээл дэлхийн хэмжээнийх тул энэ нь тус болохгүй юм. Нефть, байгалийн хийн хэрэгцээтэй бүс нутгуудын экспортыг удаашруулах нь хаа сайгүй үнэ өсөхөд хүргэнэ. Харин үүний оронд засаг захиргааныхан нийлүүлэлтийнхээ асуудлыг судлах хэрэгтэй гэж шинжээчид үзэж байна.
“New Haven”-ийн их сургуулийн эдийн засгийн профессор, шинжээч Дэвид Руекасл,- " Байгалийн хийгээр баялаг Марселлус болон Шинэ Английн хоорондох хоолойг Нью-Йоркийн амбан захирагч асан Эндрю Куомо хаасан. Хэрэв Марселлусаас Пенсильвани руу татсан хоолойтой байсан бол энэ нь асуудалгүй байх байсан. Бид үүний төлөөсийг төлж байна. Богино хугацааны шийдэл үүн дээр байхгүй. Магадгүй энэ нь сургамжит мөч байх болов уу" гэж үзэл бодлоо илэрхийлжээ.
Мөн Chevron-ын гүйцэтгэх захирал Майк Вирт, засгийн газар нь, компаниудыг илүү ихээр газрын тос үйлдвэрлэх хөшүүрэг урамшууллыг боомилж байгааг, мөн газрын тос ашиглахаа зогсоохыг уриалан, тооцоогүй их татвар ногдуулж байгааг шүүмжилсэн байна.
Эх сурвалж: USAToday








