АНУ-ын хамгийн өндөр настай хүн 115 нас хүрч байна
Thu Nov 17 2022
АНУ-ын хамгийн өндөр настай оршин суугч, Айовагийн өндөр настан Бесси Хендрикс арваннэгдүгээр сарын 7-нд 115 нас хүрч төрсөн өдрөө тэмдэглэлээ гэж CNN мэдээлэв.
Хендрикс 1907 онд төрсөн. Тэрээр амьдралдаа 21 ерөнхийлөгч, дэлхийн хоёр дайн, Титаник хөлгийн живэх үеийг үзсэн.
Зуун настныг (110 хүртэл насалдаг хүмүүс) бүртгэж, гэрчилгээ олгодог Геронтологийн судалгааны группийн мэдээлснээр, тэрээр АНУ-ын хамгийн өндөр настай хүн гэдгээс гадна дэлхийн хамгийн өндөр настай хүмүүсийн дөрөвт бичигддэг.
Мөн KCCI-ийн мэдээлснээр Хендрикс 115 насны төрсөн өдрөө гурван хүүхдийн хамт Shady Oaks Care төвд тэмдэглэжээ.
Түүний хүү Леон,- “Тэр гэр бүлээ үргэлж халамжилдаг, үргэлж тийм байсан. Ээж маань үргэлж гэр бүлээ хамгийн түрүүнд тавьж ирсэн" гэж ярьсан байна. Харин ээжийнхээ 115 насны төрсөн өдрийн өмнөх өдөр 90 нас хүрсэн түүний охин Жоан Шаффер,-"Би үүнийг хэрхэн үгээр илэрхийлэхээ мэдэхгүй байна. Бид ингээд хамт байж байгаа нь гайхалтай" гэж хэлжээ. Хендриксийн хүүхдүүд түүнийг хөдөлмөрч, халамжтай ээж гэж тодорхойлж байв.
Бессигийн урт насалсны нууцын тухайд, зарим мэдээллүүд түүнийг чихэрлэг хүнсэнд дуртай, дүү нарынхаа хамт багадаа томффи хийж идэх дуртай байсан гэж Mirror мэдээлсэн. Харин Бесси “Завгүй ажилла" гэсэн энгийн зөвлөгөө өгсөн байна.
Леон, -“Ээж дуулах дуртай. Бид түүнийг Shady Oaks-д аваачиж өгдөг байсан бөгөөд өрөөнүүдээр "Чи бол миний нарны гэрэл" дууг дуулж өгдөг байсан. Тэндхийн хүмүүс үүнийг өдөр бүр тэсэн ядан хүлээдэг байсан" гэж тэр нэмж хэлжээ.
Бесси 114 нас хүрээд ярихаа больсон ч, гэр бүлтэйгээ хамт байх нь маш их таалагддаг нь мэдрэгддэг гэж гэр бүлийнхэн нь ярив.
Тэрээр Оберн хотын ойролцоох Кэррол мужид Хью, Мэтти Шарки нарын гэр бүлд төрсөн. Тэрээр Жон, Дэвид, Лоуренс, Этел гэсэн ах, эгч нартай байв. Түүнийг бага байхад ээж нь нас барж, Бесси дөнгөж 13 настай байхдаа хагацал зовлон үзжээ. Талийгаач хатан хаан II Елизавета Мэйфейр хотод мэндэлсэн тэр жил 1926 онд ахлах сургуулиа төгсөж, дөрвөн жилийн дараа Пол Хендрикстэй гэрлэжээ. Пол 1995 онд буюу хуримынхаа 65 жилийн ойг тэмдэглэхээс сарын өмнө нас баржээ.
2021 онд Бесси есөн ач, 28 гуч, 42 жич, долоон жичэнцэртэй болжээ.
Одоогоор дэлхийн хамгийн өндөр настай хүний цолыг Францын 118 настай гэлэнмаа Люсиль Рандонд эзэмшдэг гэж Геронтологийн судалгааны групп мэдэгдэв. Гиннесийн амжилтын номонд бүртгэгдсэн хамгийн өндөр настай хүн бол 122 насалсан Франц эмэгтэй Жанна Луиза Калмент байв. Калман 1997 онд нас баржээ.








