Anu.mn
АНУ-ын хамгийн их хууль бус цагаачид амьдардаг мужууд

АНУ-ын хамгийн их хууль бус цагаачид амьдардаг мужууд

Sun Aug 06 2023
АНУ-ын хамгийн их хууль бус цагаачид амьдардаг мужууд

АНУ-д 11 сая орчим хууль бус цагаачид амьдардаг. Тэд эдийн засаг, хөдөлмөрийн зах зээлд чухал нөлөө үзүүлдэг бөгөөд хамгийн сүүлийн судалгаагаар хууль бус цагаачдын хамгийн их амьдардаг 15 мужийг тодруулсан талаар Yahoo мэдээлэв.

Цагаачлалын судалгааны төвөөс хууль бус цагаачдыг "хууль ёсны оршин суугч биш гадаадад төрсөн, харьяат бус бүх хүмүүс" гэж тодорхойлдог бөгөөд АНУ-ын эдийн засагт бичиг баримтгүй цагаачид хэрхэн нөлөөлж байгааг нарийн тооцоолоход хэцүү байдаг ч, бие даасан төрийн бус байгууллагууд эдгээр зардлыг тооцсон судалгааг байнга гаргадаг байна. Америкийн цагаачлалын шинэчлэлийн холбоо (FAIR) ашгийн бус, цагаачлалын эсрэг байгууллага саяхан хууль бус цагаачлалын зардлыг 150.7 тэрбум доллараар тооцсон судалгааг нийтэлжээ. Судалгаанаас харахад хууль бус цагаачдад зориулсан холбооны нийт зардал 66.4 тэрбум доллар байна. Мөн эдгээр зардал 2017 оноос хойш 45 хувиар өссөн гэж мэдэгджээ. Түүнчлэн хууль бус цагаачид ойролцоогоор 31 тэрбум долларын татвар төлдөг гэсэн судалгаа байдаг. 2019 оны байдлаар, АНУ-д хууль бус цагаачдын нийт тоо 11 сая орчим, үүнээс Мексикчүүд 48 хувийг бүрдүүлдэг. Сальвадор, Гватемалаас ирсэн хууль бус цагаачид тус бүр долоон хувийг, 5 хувийг энэтхэгчүүд эзэлж байна. Мөн 35-44 насныхан энэ хүн амын хамгийн өндөр хувийг буюу 28 орчим хувийг 16 ба түүнээс доош насныхан хамгийн бага буюу 5%-ийг эзэлж байна. Хууль бус цагаачдын 46 хувь нь эмэгтэйчүүд байв. Хууль бус цагаачдын хамгийн өндөр хувь (21%) нь барилгын салбарт, харин 16% нь зочид буудал, нийтийн хоол, урлаг, зугаа цэнгүүний салбарт тус тус ажиллаж байжээ.

Дээрх тоонууд Холбооныхонд түгшүүр төрүүлдэг ч, бичиг баримтгүй цагаачдыг дэмжигч байгууллагууд цагаачид нь АНУ-ын эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлнэ гэж үздэг. Америкийн Прогрессийн Төвөөс (CAP), бүх бичиг баримтгүй цагаачдыг хууль ёсны иргэншилтэй болгосноор 10 жилийн хугацаанд АНУ-ын ДНБ 1.7 их наяд доллараар нэмэгднэ, мөн хугацаанд 438,800 ажлын байр шинээр бий болно гэж мэдэгджээ.

Хууль бус цагаачидын хүн амынх нь дунд эзлэх хувь хамгийн өндөр 15 мужийг танилцуулж байна.

15 - Вашингтон

Хууль бус цагаачдын эзлэх хувь: 3.68%.

Вашингтон муж нь АНУ-ын баруун хэсэгт байрладаг. Энэ нь найм дахь том муж юм. Вашингтон хотод 296 мянган хууль бус цагаачид амьдардаг. Арван хоёр хүүхэд тутмын нэг нь  бичиг баримтгүй цагаачийн хүүхэд байна.

14 - Коннектикут

Хууль бус цагаачдын хувь: 3.90%.

Тус муж нь АНУ-ын зүүн хойд хэсэгт байрладаг, 3.5 сая гаруй хүн амтай. Газар нутгийн хэмжээгээрээ АНУ-ын 48 дахь муж. Мөн хамгийн олон хүн амтай мужуудын нэг юм. Хойд талаараа Массачусетс, зүүн талаараа Род-Айленд, баруун талаараа Нью-Йорктой хиллэдэг. Коннектикут мужид 140 мянга орчим хууль бус цагаачид амьдардаг. Эдгээр  цагаачдын 76% нь ажиллаж, ажил эрхлэлтийн түвшиний 69%-г бүрдүүлдэг.

13 - Виржиниа

Хууль бус цагаачдын хувь: 3.90%.

Виржиниа нь Атлантын далайн эрэгт оршдог, АНУ-ын зүүн өмнөд муж бөгөөд тус мужид 335,000 хууль бус цагаачид амьдардаг. Тэдний 53% нь ядуурлын шугамаас доогуур амьдардаг гэсэн тооцоо байдаг.

12 - Хавай

Хууль бус цагаачдын хувь: 3.98%.

Хавай бол АНУ-ын 50 дахь муж юм. Энэ бол Номхон далайн төв хэсэгт байрлах галт уулын арлуудын бүлэг юм. Цагаачлалын бодлогын дагуу Хавайд 57,000 хууль бус цагаачид амьдардаг.

11 - Жоржиа

Хууль бус цагаачдын хувь: 3.98%.

Жоржиа муж нь нийт газар нутгийн хэмжээгээрээ АНУ-ын 4 дэх том муж юм. Хууль бус цагаачдынх нь бараг 48 хувь нь Мексикчүүд. Тус мужид 426,500 бичиг баримтгүй цагаач амьдарч байна.

10 - Иллинойс

Хууль бус цагаачдын хувь: 4.15%.

АНУ-ын баруун дунд хэсэгт орших Иллинойс муж нь 12 сая гаруй хүн амтай. Иллинойс мужид хууль бус цагаачдын 68 хувь нь цагаачлалын бодлогын дагуу ажилладаг. Иллинойс мужид бараг 526,500 хууль бус цагаач амьдардаг.

9 - Нью Мексико

Хууль бус цагаачдын хувь: 4.32%.

Нью Мексико нь нийт газар нутгийн хэмжээгээрээ АНУ-ын 5 дахь том муж юм. АНУ-ын баруун өмнөд хэсэгт орших Нью Мексико мужид 2 сая хүн амьдардаг бөгөөд тэдний 9% нь цагаачид буюу 91 мянган хууль бус цагаач амьдардаг.

8 - Флорида

Хууль бус цагаачдын хувь: 4.52%.

Флорида бол хууль бус цагаачдын хамгийн өндөр хувьтай мужуудын нэг юм. Флорида мужид 21.5 сая гаруй хүн амьдардаг. Флорида мужид ойролцоогоор 978,500 цагаачид амьдардаг бөгөөд тэдний 19% нь Мексик гаралтай.

7 - Мэрилэнд

Хууль бус цагаачдын хувь: 4.71%.

Мэрилэнд нь АНУ-ын Дундад Атлантын бүсэд оршдог. Нутаг дэвсгэрийн хувьд харьцангуй жижиг муж бөгөөд 6 сая гаруй хүн амтай. Америкийн Цагаачлалын албаны мэдээлснээр Мэрилэндийн ажиллах хүчний 6% нь бичиг баримтгүй цагаачид байдаг. Мэрилэнд мужид 225,000 хууль бус цагаач байна.

6 - Нью Йорк

Хууль бус цагаачдын хувь: 4.87%.

Нью-Йорк бол хууль бус цагаачдын хамгийн өндөр хувьтай мужуудын нэг юм. Энд 19 сая гаруй хүн амьдардаг. Нью-Йоркийн хууль бус цагаачдын бараг 48 хувь нь ядуурлын шугамаас доогуур байна. Ойролцоогоор 958,000 хүн буюу Нью-Йоркийн хүн амын 4.87% нь хууль бус цагаачид юм.

5 - Аризона

Хууль бус цагаачдын хувь: 4.99%.

АНУ-ын баруун өмнөд хэсэгт орших Аризона муж нь 7 сая гаруй хүн амтай. Аризона дахь хууль бус цагаачдын 80 орчим хувь нь Мексикчүүд. Аризонад 363,000 орчим  хууль бус цагаачид амьдардаг.

4 - Нью Жерси

Хууль бус цагаачдын хувь: 6.26%.

АНУ-ын зүүн хойд хэсэгт орших Нью Жерси нь, хамгийн олон хүн амтай муж юм.Нью Жерси муж нь хууль бус цагаачдад их ээлтэй байдаг. Тус мужид хууль бус цагаачид, АНУ-ын жирийн иргэдийн зарим эрх, тухайлбал хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тэтгэмж эдэлдэг. Нью Жерсигийн 568,500 хууль бус цагаачид хүн амынх нь 6,26 хувийг бүрдүүлдэг.

3 - Техас

Хууль бус цагаачдын хувь: 6.77%.

Техаст 29 сая гаруй хүн амьдардаг. Техас дахь хууль бус цагаачдын ихэнх нь Мексикчүүд. Техас мужид 1,982,500 хууль бус цагаач байна.

2 - Невада

Хууль бус цагаачдын хувь: 7.4%.

Невада бол газар нутгийн хэмжээгээрээ 7 дахь том муж юм. Невада мужид 3 сая гаруй хүн амьдардаг. Саяхныг хүртэл Невада мужид хууль бус цагаачдын тоо хамгийн өндөр байсан. Одоогоор Невада мужид 230,500 хууль бус цагаач байгаа аж.

1 - Калифорни

Хууль бус цагаачдын хувь: 7.63%.

Калифорниа нь 39 сая гаруй оршин суугчидтай, хамгийн олон хүн амтай муж юм. Калифорниа муж улсад хууль бус цагаачдын хамгийн өндөр хувь буюу 7.63% орчим байдаг. Калифорнийн арван ажилчин тутмын нэг нь бичиг баримтгүй цагаач байдаг тул хөдөлмөрийн зах зээлд тэдний оролцоо чухал байна. Нийт цагаачдын тоо 3,002,500 байна.

Сүүлд нэмэгдсэн