Anu.mn
АНУ-ын хаа нэгтээ булаастай байгаа 15 эрдэнэс

АНУ-ын хаа нэгтээ булаастай байгаа 15 эрдэнэс

Sat May 06 2023
АНУ-ын хаа нэгтээ булаастай байгаа 15 эрдэнэс

Булаастай нууцлаг эрдэнэс нь, зөвхөн далайн дээрэмчдийн кинонд гардаг зүйл биш юм. АНУ даяар олдоогүй, олддоггүй олон эрдэнэс байдаг бөгөөд тэднийг олохын тулд заавал далайн дээрэмчин байх шаардлагагүй юм. Эдгээр эрдэнэсийн талаар Reader's Digest сэтгүүлд бичжээ.

Хэдийгээр эдгээр эрдэнэсийн зарим нь олдсон ч, олонх нь металл илрүүлэгч, хүрз эсвэл хүмүүсийн хүсэл овсгооны тусламжтайгаар олдохоо хүлээсээр байна

Олдсон: Forest Fenn-ийн Rocky Mountain үхлийн сорилтот эрдэнэс

Арав орчим жилийн өмнө 85 настай Форест Фенн, таван сая орчим долларын үнэ бүхий алт, үнэт эдлэл, эд өлгийн зүйлсээ Роки уулсын хаа нэгтээ жижигхэн хүрэл авдарт хийж нуужээ. Фэнн, "Хөөцөлдөөний аазгай" хэмээх нууцлаг шүлэгтээ энэхүү нуусан эрдэнэсээ олох “түлхүүр” өгсөн нь, олон мянган адал явдал сонирхогч, эрдэнэсийн ангуучдыг хөдөлгөжээ. Харин харамсалтай нь тэдний зарим нь эрж хайх явцдаа нас барсан байдаг. 2020 оны зургадугаар сард, эрдэнэсийг нэрээ нууцалсан хүн олсон бөгөөд Фенн өөрийн цахим хуудаснаа, -"Энэ нь Роки уулсын өтгөн ойн дундах одот тэнгэрийн дор,10 гаруй жилийн өмнө нуусан газраасаа огт хөдлөөгүй байсан" гэж бичжээ.

Олдоогүй: Beel Ciphers

Томас Биль 1800-аад оны эхээр Нью Мексикийн Санта Фе хотод алт, мөнгө, үнэт эрдэнийн чулуугаар дүүрэн, хаягдсан уурхайтай таарч, 30 адал явдал эрэн хайгч хүмүүсийн хамт эрдэнэсээ Бедфордод (Виржиниа) авчирч булжээ. Дараа нь тэр, ямар эрдэнэс байсан, хаана байгаа болон түүнийг булахад тусалсан хүмүүсийн холбоо барих хаяг зэргийг нарийвчлан бичсэн гурван шифрийг бүтээж, уг зурвасаа төмөр хайрцагт хийж нэг найздаа өгөөд “арван жилийн дараа эргэж ирэхгүй бол нээ” гэж захижээ. Шифрүүд эцэст нь, 1885 онд хэвлэгдсэн боловч зөвхөн нэг л шифр нь тайлагдсан нь,нууц эрдэнэсийн гайхалтай агуулгыг нарийвчлан харуулсан хоёр дахь шифр байв. Энэхүү шифрийн түлхүүр нь,”Тусгаар тогтнолын тунхаглал” гэсэн үг байжээ. Харин одоог хүртэл, хэн ч үлдсэн хоёрын аль нэгийг нь тайлж, эрдэнэсийг олж чадаагүй байна.

Олдоогүй: Невада дахь Тед Бинионы эрдэнэс

Казиногийн чинээлэг өв залгамжлагч Тед Бинион хорин жилийн өмнө нас барсан ч, түүний өв хөрөнгө болох хэдэн сая долларын үнэтэй мөнгөн цуглуулга, Невада муж дахь Пахрумп Ранч-ын хаа нэгтээ булагдсан гэсэн цуу яриа байдаг. Бинионыг 1998 онд 55 настайд нь, найз бүсгүй нь, нууц амрагийнхаа хамт алжээ. Давж заалдах шатны шүүх хурлаар, гэмт хэрэгтэн хосыг хүн амины хэргээс нь цагаатгасан ч, мөнгөн эдлэлийг хулгайлсан хэргээр ял өгсөн. Зарим хүмүүс бүх мөнгөн эдлэл олдсон гэж үздэг бол, зарим нь хаа нэгтээ булаастай байгаа гэж үздэг.

Олдоогүй: Хуучин Озаркийн эрдэнэсийн агуй

Озаркуудын хамгийн том нууцуудын нэг болох Арканзасын баруун хойд буланд байрлах Хуучин Испанийн эрдэнэсийн агуйд, 350 гаруй жилийн өмнө уугуул америкчуудаас зугтан ирсэн Испанийн байлдан дагуулагчдын булсан эрдэнэс хадгалагдаж байгаа гэж үздэг. Эрдэнэс хараахан олдоогүй байгаа ч, тэр үеийн олдворууд болох дуулга, зэвсэг, хуяг дуулга зэрэг олдворууд эндээс олддог тул олдох найдвар хэвээр байгаа.

Олдоогүй: Мосбигийн эрдэнэ Виржиниагийн хаа нэгтээ байна

1863 онд рейнджер Жон Синглтон Мосби болон түүний бүлэглэлийн дайчид Холбооны нутаг дэвсгэрт 10 миль нэвтэрч, Виржиниа мужийн Фэйрфакс хотын шүүхийн байранд Холбооны 40 гаруй цэргийг буун дуу гаргалгүйгээр баривчилж чадсан бөгөөд тэндээс 350,000 долларын үнэ бүхий алт, мөнгө, үнэт эдлэл, лааны суурь болон бусад үнэт зүйлсийг авч явсан гэсэн мэдээлэл байдаг. Буцах замдаа, Холбооны цэргүүдийг ойрхон байгаа мэдээлэл авсанМосби, эрдэнэстэй шуудайгаа хоёр модны хооронд булж, хутгаар тэмдэг тавьсан гэдэг. Дараа нь тэрээр, долоон хүнийг эрдэнэсээ авчируулахаар илгээсэн боловч тэд баригдаж цаазлуулжээ. Мосби ирж түүнийг авсан гэх ямар ч мэдээлэл, яриа байдаггүй тул, нуусан эрдэнэс тэндээ хэвээр байгаа гэдэг байна.

Олдоогүй: Атлантын далайн эрэг дээрх Blackbeard-ийн эрдэнэсийн сан

1716-1718 онуудад далайн дээрэмчин Blackbeard, Баруун Энэтхэг болон Хойд Америкийн Атлантын далайг гатлав. Тэрээр Испани руу буцах замдаа Мексик, Өмнөд Америкаас алт, мөнгө болон бусад эрдэнэс ачсан хөлөг онгоцуудыг дээрэмджээ. Тэрээр булаасан эрдэнэсээ гайхуулдаг байсан ч, нуусан газраа илчлэхгүйн тулд, хэнд ч итгэж байгаагүй гэдэг. Эцэст нь тэрээр баригдаж, 1718 онд цаазлагдсан. Түүнээс хойш эрдэнэсийн анчид Виржиниа дахь Чесапик булангаас эхлээд Карибын тэнгис, Кайманы арлууд хүртэл хаа сайгүй Blackbeard-ийн нуусан эрдэнэсийг хайсаар байдаг.

Олдоогүй: зүүн Айдахо дахь Overland Stage Line-н эрдэнэс

"Айдахогийн зүүн хэсгийн хаа нэгтээ олон сая долларын үнэтэй эрдэнэс байдаг домог”-ийн талаар East Idaho News бичжээ. 1865 онд ачаандаа алт тээж явсан Overland Stage Line-ийг, Picket Coral Gang дээрэмчидийн бүлэг дээрэмджээ. Бүлэглэл олзоо Портнеуф хавцалд нуусан байх магадлалтай гэсэн яриа явдаг.

Олдоогүй: Хавайн Палемано Пойнт дэх далайн дээрэмчдийн эрдэнэс

Хавайн том арлын ойролцоох задгай хад болох Палемано Пойнт нь,далайн дээрэмчдийн 5 сая гаруй долларын үнэ бүхий эрдэнэсийн өлгий байж магадгүй.“Хавайн тайлагдаагүй нууцууд” номонд, ахмад Томас Кавендиш, Пойнт дахь асар их мөнгө, алтны баялаг, эрдэнэсээ булсан тухай гардаг. Орчин үеийн судлаачид нуугдмал эрдэнэс, тэр байтугай ахмадын хөлөг онгоцны сэгийг олохыг оролдсон ч, өнөөг хүртэл оролдлогууд амжилтгүй хэвээр байгаа юм.

Олдоогүй: Диллинжерийн жижиг дэвсгэртүүд

Америкийн хамгийн алдартай дээрэмчдийн нэг Жон Диллингер, 1934 оны хаврыг Висконсин муж улсын Манитовиш Уотерс хотын ойролцоох Little Bohemia Lodge буудалд нуугдаж өнгөрөөжээ. Үүнийг мэдсэн Холбооны мөрдөх товчооны ажилтнууд уг буудал руу дайрч буудалцаан болох үед, Диллингер арын хаалгаар 200,000 долларын жижиг дэвсгэрт бүхий чемоданаа бариад зугтсан гэдэг. Тэрээр чемоданыг хаалганы арын хашаанд булсан гэж домог яриа бий. Гурван сарын дараа тэрээр Чикагод буудуулж нас барсан бөгөөд нуусан эрдэнэс нь Висконсинд олдоогүй хэвээр байна.

Олдоогүй: Камехамеха хааны бунхан

1810 онд Камехамеха хаан, Хавайн бүх арлуудыг эрхшээлдээ оруулсан анхны хаан байв. Тэрээр 1819 онд нас барсан бөгөөд түүнийг олон сая долларын үнэ бүхий алт, үнэт эдлэлийн хамт бунхалсан гэдэг. Хааны бунхан одоог хүртэл олдоогүй. Хавайд, "Ганцхан өглөөний нэг од л, Камехамехагийн ясыг хаана байгааг мэднэ" гэдэг зүйр үг хүртэл байдаг: Зарим хүмүүс хааныг, Мауи дахь Мокуула ордны хааны оршуулгын газар эсвэл Хавайн бусад агуу удирдагчдын оршуулсан Мауи дахь Иао хөндийн агуйд оршуулсан гэж үздэг.

Олдоогүй: Орегон мужид сүйрсэн Испанийн хөлөг онгоц

1705 онд, Испанийн хөлөг онгоц Орегон мужийн эргийн ойролцоо живэх үед алт болон бусад эрдэнэс хамт живсэн гэж үздэг. Эрдэнэс байдаг гэж үздэг нь, тухайн бүс нутагт үл хөдлөх хөрөнгийн сонирхлыг бий болгох зорилготой байх магадлалтай. Tillamook County Pioneer-ийн гүйцэтгэх захирал Гэри Олбрайт, - “Ойролцоо тань алтны овоолго байгаа тухай мэдээлэл нь чамаас илүү их мөнгө татах боломж" гэж ярьжээ

Олдоогүй: Жесси Жеймсийн олз

Оклахомагийн хаа нэгтээ (Вичитагийн нурууны Роберсийн агуйн ойролцоо) 19-р зуунд Жесси Жеймс болон түүний гэмт хэргийн бүлэглэлийн үлдээсэн 1 сая доллараас дээш үнэтэй эрдэнэс булаастай байгаа гэж ярьдаг. Жеймсийн бүлэглэлийн тухай олон зуун түүх байдаг бөгөөд бүгд нэг үгээр төгсдөг: "Тэр энэ эрдэнэсийг Вичитад үлдээсэн бөгөөд хэн ч түүнийг дахин хараагүй."

Олдоогүй: Голланд Шульцын эрдэнэс

Дэлхий дээрх хамгийн ээдрээтэй нууцуудын нэг бол, Нью-Йоркийн Кэтскиллсийн хаа нэгтээ хөрөнгөө нуусан гэх гангстер Голланд Шульцын түүх юм. Түүхээс харахад, Шульц татвараас зайлсхийсэн хэргээр шалгагдаж байсан бөгөөд, шийтгэгдэхээс айж, ус нэвтэрдэггүй, агаар нэвтрэхгүй тусгай сейф бүтээлгэж, түүндээ 7 сая долларын бэлэн мөнгө, бонд хийж нуусан нь өнөөдрийн мөнгөөр ​​130 сая гаруй доллар болдог. Уг сейфийг Нью-Йорк мужид, газарт булсан гэх бөгөөд тэр цагаас хойш олдоогүй байсаар байгаа юм. Шульц 1935 онд Нью Жерсигийн нэгэн ресторанд өрсөлдөгч дээрэмчинд буудуулж нас барсан бөгөөд сейфийн байршил нь түүнтэй хамт нууцлагдсан.

Олдоогүй: Maciasport Pirate Treasures (ME)

Мэнийн зүүн хэсэгт орших Макчиаспорт хэмээх жижиг хотод, далайн дээрэмчин Сэмюэл Беллами (зарим хүмүүсийн үзэж байгаагаар тэрээр ахмад Жек Спарроу)-ийн эзэмшиж байсан олон сая долларын үнэт эрдэнэс хадгалагдаж байж магадгүй гэдэг. Аль 1716 онд, Беллами болон түүний багийнхан энэ газар руу нүүж, эрдэнэсдээ зориулж байшин барьсан ч, Беллами болон түүний "Дээрэмчид” удаан байсангүй, илүү олз цуглуулах эцэс төгсгөлгүй далайн дээрэмчдийн аяндаа гарчээ. Эцэст нь Беллами Массачусетс мужид баригдаж, дүүжлэгдсэн бөгөөд түүний эрдэнэс олдоогүй байна.

Олдоогүй: Фабержегийн найман өндөг

1918 онд, Оросын хувьсгалын үеэр большевикууд Романовынхныг алж, дараа нь, эзэн хааны үнэт эдлэлийн урлаач Фабержийн байрнаас, Фабержийн өндөгний ихэнхийг хураан авч Москва руу явуулсан бөгөөд 1930-аад оны эхээр, бизнесмен Арманд Хаммер тэднийг сонирхож, аравыг нь Америкт авчирчээ. Тэдгээрийн зарим нь зарагдаж, зарим нь хэд хэдэн гар дамжсан мэдээлэл байдаг. Эзэн хааны гэр бүлд зориулан хийсэн Фабержийн 50 өндөгний найм нь ул мөргүй алга болсон бөгөөд Фабержийн нэг өндөг 2007 онд 8.9 сая доллараар зарагдаж байв.

Сүүлд нэмэгдсэн