АНУ-ын гурван хот дэлхийн амьдрахад хамгийн үнэтэй 10 газрын тоонд багтжээ
Fri Dec 15 2023
Economist Intelligence Unit (EIU) байгууллага, хамгийн сүүлийн үеийн дэлхийн амьжиргааны өртгийн тайландаа, АНУ-ын гурван хот дэлхийн хамгийн үнэтэй 10 хотын тоонд орсныг зарласныг Business Insider мэдээлэв.
Өнгөрсөн жил Сингапуртай хамт тэргүүлж байсан Нью-Йорк, үнэтэй хотуудын шинэ жагсаалтын гуравдугаар байрт орсон бол Сингапур тэргүүн байраа хадгалж, Цюрих (Швейцарь) хоттой 1-р байрыг хуваалцсан байна.
Лос Анжелес болон Калифорниа мужийн Сан Франциско хотууд орон сууцны хямралд нэрвэгдсэний улмаас зургаа, аравдугаар байрт орж, үнэтэй хотуудын эхний аравт багтсан ч, Хойд Америкийн хотууд өмнөх жилтэй харьцуулахад чансаа нь буурсан байна.
2023 оны 8-р сарын 14-өөс 9-р сарын 11-ний хооронд хийсэн уг судалгаанд, 173 хотын 200 өргөн хэрэглээний бараа болон үйлчилгээний үнэ хөлсний 400-гаад үнийг харьцуулсан бөгөөд судалгааны дүнгээс харахад дэлхийн томоохон хотуудын үнэ өнгөрсөн онд дунджаар 7.4%-иар өссөн нь, өмнөх оны өсөлттэй харьцуулахад 8.1%-иар бага, харин таван жилийн өмнөх өсөлтийн дундаж 2.9%-иас хамаагүй өндөр байна. АНУ-ын 10-р сарын хэрэглээний үнийн хамгийн сүүлийн индекс өмнөх оныхоос 3.2%-иар өссөн байна.
Баруун Европын хотууд, зээлийн хүү болон үнийн өсөлтийн нөлөөгөөр индекс өссөний улмаас эхний байр эзэлсэн 20 улсын тал орчим хувийг эзэлжээ.
Хятадын дөрвөн хот, тэр дундаа Бээжин хот юанийн ханш суларч, тахал өвчнөөс үүдэлтэй эдийн засгийн сэргэлт удаашралтай байгаагаас, тус улсын олон арван жил үргэлжилсэн эдийн засгийн тэлэлт дуусч, хоцрогдсон 10 хотын тоонд багтжээ. Тус улсад ч үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн хямрал нүүрлээд байна.
Түүнчилэн, барууны хориг арга хэмжээ нь рублийн ам.доллартай харьцах ханшийг унагахад хүргэсэн учираас, чансааны хамгийн их уналт Москва, Санкт-Петербургт (ОХУ) хотуудад тохиожээ. Оросын нийслэл 105 байраар доошилж 142-т, Санкт-Петербург 74 байраар ухарч 147-д жагсчээ.
Дэлхийн хамгийн хямд хотуудад Дамаск (Сири), Тегеран (Иран), Буэнос-Айрес (Аргентин), Ченнай (Энэтхэг) хотууд оржээ.








