Америкийн нэгдсэн улсад суугаа Монголчуудын мэдээллийн портал.

4/28/2026
Anu.mn
АНУ-ын ерөнхийлөгч асан Клинтон, Буш, Обама, Байден нар, Америкийн ирээдүйд итгэлтэй байга ...

АНУ-ын ерөнхийлөгч асан Клинтон, Буш, Обама, Байден нар, Америкийн ирээдүйд итгэлтэй байгаа талаараа ярилцлага өгчээ

https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Tue Apr 28 2026
АНУ-ын ерөнхийлөгч асан Клинтон, Буш, Обама, Байден нар, Америкийн ирээдүйд итгэлтэй байгаа талаараа ярилцлага өгчээ

Дөрвөн ерөнхийлөгч TODAY нэвтрүүлгийн Жэнна Буш-Хейгерт өгсөн онцгой ярилцлагад АНУ-ын ирээдүйг хэрхэн харж байгаагаа хуваалцжээ. Энэхүү нэвтрүүлэг нь тус улсын 250 жилийн ойд зориулагдсан байв.

АНУ-ын 46 дахь ерөнхийлөгч Жо Байден, 44 дэх ерөнхийлөгч Барак Обама, 43 дахь ерөнхийлөгч Жорж Буш (бага), 42 дахь ерөнхийлөгч Билл Клинтон нар, америкчуудад хандан үг хэлсэн бөгөөд тэд, 4-р сарын 21-нд Жэнна Буш-Хейгерт өгсөн ярилцлагадаа ирээдүйд итгэх итгэлээ илэрхийлж, Америкийн төр, нийгмийн үндэс суурийг бүрдүүлдэг зарчмуудыг онцолжээ.

Жэнна, Филадельфид болсон History Talks хаалттай арга хэмжээндээ 83 настай Байден, 64 настай Обама, 79 настай Клинтон болон өөрийн 79 настай аавыгаа оролцуулсан бөгөөд уг арга хэмжээг The History Channel зохион байгуулж, NBCUniversal-ийн толгой компани болох Comcast дэмжлэг үзүүлжээ.

Ярилцлагын үеэр Жэнна, Обамагаас 2008 оны сонгуулийн кампанит ажлын гол санаа байсан “итгэл найдвар” өнөөдөр хэвээр байгаа эсэхийг асуухад, Обама, “Би анх ерөнхийлөгч болоод, итгэл найдварын тухай ярихдаа хүмүүст нэг зүйлийг сануулдаг байсан. Итгэл найдвар гэдэг бол, сохор өөдрөг үзэл биш. Энэ нь бэрхшээл, тодорхойгүй байдлын өмнө бий болдог зүйл. Одоо бид амаргүй цаг үеийг туулж байгаа ч, Америкийн түүхийг харахад бид өмнө нь ч ийм үеийг даван туулж, илүү хүчирхэг болж гарч ирж байсан нь харагддаг.” гэж хариулжээ.

Түүнчлэн 7-р сарын 4-нд тохиох 250 жилийн ойг угтан америкчуудад ямар мессеж өгөхийг асуухад, Обама, “Бидний хамгийн сайн чанаруудыг санаж яваарай. Энэ улс хаад, ноёд, язгууртнуудгүй — харин иргэдтэй гэдгээрээ онцлог. Хэрэв бид өөрсдийгөө удирдах боломжтой ард түмэн гэдгээ ухамсарлаж, үүрэг хариуцлагаа санаж, санал зөрөлдсөн ч, бие биедээ хүндэтгэлтэй хандаж чадвал, ардчиллын хүрээнд асуудлаа тайван, хууль ёсоор шийдэж чадвал бидний ирээдүй өнгөрсөн 250 жилээс дутахгүй байх болно.” гэж хариулсан байна.

Клинтон, Байден нар ардчилсан институцийн тогтвортой байдлыг онцолсон. Клинтон, “Манай улс зөвхөн шийдвэрүүдээр бус, харин үйл явцаараа оршин тогтнодог — үг хэлэх эрх чөлөө, санал өгөх эрх чөлөө, улс төрд оролцох эрх чөлөө. Ийм системд эвлэрэл, буулт зайлшгүй хэрэгтэй байдаг. “Америк бол хэн нэгний хувийн хүсэл мөрөөдлөөс илүү агуу зүйл” гэсэн бол, Байден: “Бид дэлхий дээрх хамгийн өвөрмөц улс. Учир нь бид ардчиллыг Үндсэн хуулийн дээд эрхээр тодорхойлдог. Мөн бүх хүн тэгш эрхтэй төрдөг гэдэгт чин сэтгэлээсээ итгэдэг.” гэжээ.

Буш иргэдийн идэвх оролцооны ач холбогдлыг онцолсон. Буш, “Та бүхэн агуу орны нэг хэсэг гэдгээрээ бахархаж яваарай. Түүхээ судалж, ирээдүйгээ ойлгоорой. Зүгээр ажиглагч биш, харин идэвхтэй иргэн бай. Улс орныхоо амьдралд оролцож, хөршүүддээ өөртөө ямар байхыг хүсдэг шигээ ханд. Манай улсын нэг давуу тал бол өдөр бүр мянга мянган хүн сайн дураараа бусдад тусалдаг явдал. Энэ талаар тэр бүр ярьдаггүй ч, ийм үйлдлүүд л амьдралыг алхам алхмаар өөрчилдөг. Бид төгс улс биш ч, илүү сайн болохыг хичээдэг гэдгийг хүмүүс ойлгоосой гэж хүсэж байна” гэжээ.

Харин, улс төрийн хуваагдмал байдлыг юу нэгтгэж чадах талаар асуухад, Буш, “250 жилийн ой бол, нийтийн сайн сайхны төлөөх, манай улсын онцлог, түүхийг эргэн харах боломж. Шашныг төрийн дарамтгүй шүтэх эрх, шоронд орох айдасгүйгээр үзэл бодлоо илэрхийлэх эрх, засгийн газрыг хянах чөлөөт хэвлэл, эдгээр нь биднийг нэгтгэдэг үнэт зүйлс. Би манай улсын ирээдүйд санаа зовдоггүй. Учир нь бид өмнө нь ч, уур бухимдал, зөрчилтэй үеийг даван туулж ирсэн. Ардчиллын онцлог нь өөрийгөө засах чадвартай. Хэрэв танд болж буй зүйл таалагдахгүй байвал, саналаа л өг. Америк ингэж сэргэдэг.”гэсэн байна.

Байден улс төрийн туйлшралын талаар, “Бид үнэхээр тийм их хуваагдсан гэж би бодохгүй. Магадгүй 15–30% нь туйлширсан байр суурьтай байж болох ч, ихэнх хүмүүс Үндсэн хуульд туссан үнэт зүйлсийн үнэ цэнийг ойлгож эхэлж байна.” гэж итгэлтэйгээр ярьжээ.

Сүүлд нэмэгдсэн