
Дипломат ажилтнуудыг Пентагоны сэтгэлзүйн ажиллагааны нэгжтэй хамтран ажиллахыг заасан, Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубионийн гарын үсэгтэй дипломат цахилгаан мэдээг The Guardian нийтлэв.
АНУ дэлхий даяарх бүх элчин сайдын яам, консулын газруудад гадаадын суртал ухуулгын эсрэг уялдаа холбоотой кампанит ажил эхлүүлэхийг үүрэг болгож, мөн X платформыг (Илон Маск-ийн эзэмшдэг) энэ зорилгод ашиглах шинэлэг хэрэгсэл гэж үнэлжээ.
Гуравдугаар сарын 30-нд Рубио гарын үсэг зурсан энэхүү баримт бичигт, АНУ-ын Зэвсэгт хүчний сэтгэлзүйн ажиллагааны нэгжтэй хамтран, өргөн хүрээний худал мэдээлэлтэй тэмцэхийг элчин сайдын яам, консулын газруудад зөвлөсөн байна. Мөн “гадаад орнууд АНУ-ын ашиг сонирхлыг сулруулах зорилготой зохион байгуулалттай үйл ажиллагаа явуулж байна” гэж үзэн, дипломат төлөөлөгчидөд хэрхэн хариу үзүүлэхийг тайлбарлажээ.
Энэ нь, АНУ ба Ираны хоорондын зөрчилтэй зэрэгцэн гарч буй арга хэмжээ юм. Ираны засгийн газрыг, олон арван жилийн турш дэлхийд ихэд хөгжсөн, өргөн цар хүрээтэй төрийн дезинформацийн системүүдийн нэгийг бүрдүүлсэн гэж үздэг. Үүнээс гадна Орос, Хятад улс, Европ, Ази, Латин Америк дахь АНУ-ын холбоотнуудын эсрэг, нөлөөллийн ажиллагаа үргэлжилсээр байна.
Цахилгаан мэдээнд дараах 5 үндсэн зорилтыг тавьжээ: дайсагнасан мэдээлэлд хариу өгөх, мэдээлэлд хүрэх боломжийг нэмэгдүүлэх, өрсөлдөгч талуудын үйл ажиллагааг илчлэх, АНУ-ын ашиг сонирхлыг дэмжсэн орон нутгийн дуу хоолойг хүчирхэгжүүлэх,
“Америкийн улсынхаа тухай өгүүлэх түүх”-ийг түгээх.
Мөн элчин сайдын яамд, орон нутгийн инфлюэнсерүүд, эрдэмтэн судлаачид, нийгмийн удирдагчдыг татан оролцуулж, АНУ-ыг дэмжсэн мэдээллийг “дотоодоос бий болсон мэт” харагдуулахыг зорьж байна.
Цахилгаанд дурдсанаар, дайсагнасан мэдээллийн кампанит ажлууд нь АНУ-д бурууг тохох, холбоотнуудын дунд хагарал үүсгэх, АНУ-ын ашиг сонирхолд харш үзэл санааг түгээх, улмаар эдийн засаг, улс төрийн эрх чөлөөг нь сулруулахыг зорьдог гэжээ. Дижитал платформ, төрийн хэвлэл мэдээлэл, нөлөөллийн ажиллагаагаар дамжуулан эдгээр нь, АНУ-ын үндэсний аюулгүй байдалд шууд заналхийлэл болж байна гэж онцолсон байна.
Сонирхолтой нь, уг баримт бичигт элчин сайдын яамдыг Пентагоны MISO (Military Information Support Operations, өмнө нь PsyOp) хэмээх сэтгэлзүйн ажиллагааны нэгжтэй уялдуулан ажиллахыг заажээ.
АНУ-ын Төрийн департаментын мэдээлснээр, олон нийтийн дипломат харилцаа хариуцсан дэд төрийн нарийн бичгийн даргад нэр дэвшсэн Сара Б. Роджерс “анти-Америкийн” гадаад суртал ухуулгатай тэмцэхийг нэн тэргүүний зорилт гэж тодорхойлсон бөгөөд тэрээр, департамент дипломат бүх хэрэгслийг ашиглан энэ асуудалд хатуу байр суурь баримтална гэдгээ илэрхийлжээ.
Мөн тэрээр Конгресст тавьсан илтгэлдээ Code Pink болон бусад зүүний идэвхтэн байгууллагуудыг АНУ доторх Хятадын нөлөөллийн суваг гэж нэрлэсэн байна. Code Pink нь, 2002 онд байгуулагдсан, дайны эсрэг болон нийгмийн шударга ёсны төлөө үйл ажиллагаа явуулдаг байгууллага юм.
АНУ-ын Төрийн департамент өмнө нь, гадаадын дезинформацитай тэмцэх оролдлого хийж байсан ч, энэ удаад олон нийтийн дипломат ажиллагааг цэргийн сэтгэлзүйн ажиллагаатай шууд уялдуулж байна. Өмнөх санаачилгууд Global Engagement Center-ээр дамжин санхүүждэг байсан ч, уг төв нь Дональд Трамп дахин засгийн эрхэнд ирэхийн өмнөхөн санхүүжилтээ алдсан юм. Өнгөрсөн жил FBI гадаад нөлөөллийн эсрэг бүлгээ татан буулгаж, Төрийн департамент мэдээллийн манипуляцитай тэмцэх төвөө хаасан байна.
Үүнээс гадна, цахилгаан мэдээнд X платформын Community Notes функцийг, худал мэдээлэлтэй тэмцэх, үг хэлэх эрх чөлөө болон хувийн нууцыг алдагдуулахгүйгээр ажиллах шинэлэг арга гэж шууд дэмжжээ.
Гэвч энэ нь, Европын Холбооноос уг платформыг төөрөгдүүлсэн практиктай гэж үзэн 137.5 сая ам.долларын торгууль ногдуулж, мөн хиймэл оюун ухаан болон зөвлөмжийн алгоритмуудыг нь шалгаж эхэлсэнтэй давхцаж байна.
Мөн элчин сайдын яамдад, АНУ-ын гадаад тусламжийг ил тодоор харуулах, ингэснээр гадаадын иргэд тухайн тусламж АНУ-ын засгийн газраас ирж байгааг ойлгох нөхцөлийг бүрдүүлэхийг үүрэг болгожээ.
Түүнчлэн, орон нутгийн хэл дээрх олон улсын мэдээ, хараат бус шинжилгээнд хандах боломжийг нэмэгдүүлж, зарим улс оронд элчин сайдын яамдыг гадаад хэл дээрх мэдээллийн төв болгон хөгжүүлэхээр төлөвлөсөн байна.
Дэлхий даяарх АНУ-ын санхүүжилттэй 700 гаруй “Америкийн орон зай” (соёлын төв, номын сан, солилцооны талбарууд), эдгээр зааврын дагуу шинэчлэгдэж, цензургүй мэдээллийн платформ болон “үг хэлэх эрх чөлөөний бүс” гэж сурталчлагдах ажээ.
АНУ-ын эзэмшил Хойд Марианы арлууд, хүүхдэдээ Америкийн иргэншил авахыг хүсэгчдийн “төрөх аялал”-ын бааз болжээ
Трамп, америкт төрсөн хүмүүст иргэншил олгож ирсэн уламжлалыг, уугуул америкчуудын эсрэг 150-д жилийн өмнө шийдэгдэж байсан нэгэн хэрэг дээр үндэслэн, цуцлахыг хүсч байна