АНУ, америкчуудад цензур тавихад оролцсон гэж үзсэн гадаадын иргэдэд визний шинэ хориг тавилаа гэж Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио тавдугаар сарын 28-нд мэдэгдлээ. Шинэ бодлого нь, Америкийн технологийн компаниудыг зохицуулдаг албан тушаалтнуудад чиглэж болзошгүй гэж Ройтерс агентлаг мэдээллээ.
Рубио цензурын тодорхой жишээнүүдийг нэрлээгүй ч, Америкийн технологийн компаниуд болон Трампын засаг захиргаа өмнө нь, Европын холбоотнуудыг олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд цензур тавьсан гэж буруутгаж байсан юм. Гадаадын албан тушаалтнуудыг АНУ-д нэвтрүүлэхийг хориглох нь Вашингтоны зүгээс арай хурцадсан хэрэг болно гэж хэвлэлүүд бичиж байна.
Рубио мэдэгдэлдээ, визний хоригийн шинэ бодлого нь АНУ-д хамгаалагдсан үзэл бодлоо илэрхийлэх хэлбэрийг цензурлах үүрэгтэй гадаадын иргэдэд хамаарна. Гадаадын албан тушаалтнууд, АНУ-д олон нийтийн мэдээллийн хэрэгслээр нийтлэгдсэн нийтлэлийн төлөө баривчлах тушаал гаргаж, сүрдүүлэхийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж тэрээр тэмдэглэв. "Гадаадын албан тушаалтнууд АНУ-ын технологийн платформд агуулгыг зохицуулах дэлхийн дүрмийг хэрэгжүүлэхийг шаардах эсвэл өөрсдийн эрх мэдлээс гадуур болон АНУ-ын дотоод хэрэгт цензур тавихыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Гадаадын зарим албан тушаалтнууд, АНУ-ын технологийн компаниуд, АНУ-ын иргэд, АНУ-ын оршин суугчдын эсрэг ямар ч эрх мэдэлгүйгээр цензурын ноцтой ажиллагаа явуулсан." гэж Рубио нэмж хэлэв.
АНУ-ын Facebook, Instagram зэрэг олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд (Метагийн эзэмшдэг), Европын контентыг зохицуулах хууль, Дижитал үйлчилгээний тухай хуулийг (DSA) үндсэндээ цензур гэж маргадаг. Гуравдугаар сард томилогдсон Трампын FCC-ийн дарга, DSA үг хэлэх эрх чөлөөг хэт хязгаарлаж байгааг анхааруулж байв.
Мета 1-р сард, АНУ-д баримт шалгах хөтөлбөрөө зогсоож, маргаантай нийтлэлүүд дээр "олон нийтийн тэмдэглэл"-д тулгуурлана гэж анхааруулсан боловч, Европ болон Латин Америкт баримт шалгах ажлаа үргэлжлүүлсээр байна.
"Олон нийтийн тэмдэглэл" ашигладаг X платформ (Трампын холбоотон Элон Маскийн эзэмшдэг) нь, DSA-ийн дагуу контент зохицуулах дүрмийг зөрчсөн гэсэн урьдчилсан дүгнэлтийг ЕХ аль хэдийн гаргасан. Европын албаны хүмүүс, илүү аюулгүй, шударга онлайн орчинг бүрдүүлэх зорилготой, технологийн аваргуудаас үзэн ядсан үг хэллэг, хүүхдийн хүчирхийллийн материал зэрэг хууль бус контенттой тэмцэх Дижитал үйлчилгээний тухай хуулийг хамгаалж байна.
Еврокомиссын төлөөлөгч Рубиогийн "ерөнхий шинж чанартай мэт" хэлсэн үгийг бүх гишүүд мэдэж байгаа гэж мэдэгдэв. Тэрээр нэмэлт мэдээлэл өгөхөөс татгалзсан байна.
Ерөнхийлөгч Дональд Трампын амласан Европын бараа бүтээгдэхүүнд 50 хувийн татвар ногдуулахгүйн тулд, ЕХ АНУ-тай худалдааны хэлэлцээр байгуулахыг эрмэлзэж байна. Рубио, “Европ бол дижитал цензурын голомт” гэжВашингтонд Германы Гадаад хэргийн сайд Иоганн Вадефултай уулзахынхаа өмнөхөн хэлсэн байсан юм
Трампын засаг захиргааны албан тушаалтнууд, Румын, Герман, Франц зэрэг баруун жигүүрийнхний улс төрийг дарангуйлж байгаа хэмээн Европыг удаа дараа шүүмжилж, орон нутгийн засаг захиргааг цагаачлалын талаарх шүүмжлэл зэрэг үзэл бодлыг цензурдаж байна гэж буруутгаж байна. Дөрөвдүгээр сард Рубио цензур тавьж, татвар төлөгчдийн мөнгийг зүй бусаар ашигласан гэж буруутган, гадаадын худал мэдээлэлтэй тэмцэх үүрэг хүлээсэн Төрийн департаментыг хаажээ.
5-р сарын 28-нд олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацсан нийтлэлдээ Рубио, "Латин Америк, Европ эсвэл бусад газар, хаана байсан ч америкчуудын эрхийг зөрчиж буй хүмүүст идэвхгүй ханддаг эрин үе дууслаа" гэж бичжээ.
Рубио хориг тавьж болзошгүй тодорхой улс болон нэрсийг нэрлээгүй.
Rumble-ийн гүйцэтгэх захирал Крис Павловски, визний хоригийг сайшаан: "Рамблын туршлагаас харахад дэлхий даяарх үг хэлэх эрх чөлөөний дайснууд Америкт хүрч, Нэгдүгээр нэмэлт өөрчлөлтийг хүчингүй болгохыг оролдож байна." гэж үзэж буйгаа илэрхийлсэн байна.
Хоёрдугаар сард Парист Дэд ерөнхийлөгч Ж.Д.Вэнс, агуулгын зохицуулалтыг "авторитар цензур" гэж буруушаасан. Рубио, үг хэлэх эрх чөлөөнд заналхийлэх нь АНУ-Европын харилцаанд тулгуурласан нийтлэг үнэт зүйлсийг алдагдуулж байна гэсэн бол, нэрээ нууцлахыг хүссэн Төрийн департаментын ажилтан, Төрийн департаментын Ардчилал, хүний эрх, хөдөлмөрийн товчооны төлөөлөгчид энэ долоо хоногт Франц, Ирландад айлчилж, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөг тус улсын засгийн газруудтай ярилцаж байгаа гэж ярьжээ.
Ахлах зөвлөх Самуэль Самсон, Их Британи, Герман улсыг онлайн ярианд цензур тавьсан гэж буруутгаж, ЕХ-ны дижитал үйлчилгээний тухай хуулийг "Орвелийн контентын зохицуулалтаар дамжуулан эсэргүүцлийг дарах зорилгоор" ашиглаж байна гэж мэдэгдэв. Тэрээр бусад зүйлсийн дунд, Их Британид үр хөндөлтийг эсэргүүцэгч хоёр хүнд оногдуулсан шоронгийн хугацааг дурджээ. Мөн "Ардчиллын зарчмуудыг бэхжүүлэхийн оронд Европ, дижитал цензур, олноор шилжин суурьших, шашин шүтлэгийн эрх чөлөөг хязгаарлах, ардчилсан өөрөө удирдах ёсонд халдах бусад олон халдлагын үүр уурхай болсон" гэж дүгнэдгээ илэрхийлжээ.