АНУ тив хоорондын баллистик пуужин хөөргөсөн байна.
Wed Aug 17 2022
Хятадын хурцадмал байдлаас болж хоёр долоо хоног хойшлуулаад байсан тив хоорондын баллистик пуужингийн туршилтыг Пентагон энэ Мягмар гарагт явуулжээ.
Мягмар гарагт, АНУ-ын Агаарын цэргийн хүчин, Калифорниа мужийн Ванденберг сансрын хүчний баазаас идэвхигүй хошуутай Minuteman III тив хоорондын баллистик пуужин хөөргөсөн гэж мэдэгдэв. Уг пуужин хөөргөсөн цэгээс ойролцоогоор 4200 миль зам туулан Маршаллын арлуудын Кважалейн Атоллын ойролцоо эргэн агаар мандалд орж ирсэн байна.
Энэхүү төлөвлөгөөт туршилт нь Цагаан ордны төлөөлөгч Нанси Пелосигийн Тайван улсад хийсэн айлчлалаас болж хоёр долоо хоног хойшлогдоод байсан юм. Хятад улс, уг айлчлалын хариуд Тайваны арлын эргэн тойронд цэргийн сургуулалт хийж эхэлсэн бөгөөд энэ үеэр баллистик пуужингийн туршилтаа явуулах нь хурцадмал байдлыг улам дэвэргэх аюултай байжээ.
Пентагон, өмнө нь 3-р сард ОХУ, Украин улсад цэргийн ажиллагаагаа эхлүүлснээс шалтгаалж ICBM(Intercontinental ballistic missile) туршилтаа мөн Цөмийн зэвсгийн хурцадмал байдал үүсэхээс сэргийлэн цуцалж байсан юм.
Энэ Мягмар гарагт явуулсан туршилт нь зэвсэгт хүчний хэвийн, тогтмол хийгддэг туршилт байсан бөгөөд дэлхийн өнөөгийн улс төрийн үйл явдалтай хамаагүй гэдгийг Агаарын цэргийн хүчин мэдэгджээ.
576-р нислэгийн туршилтын эскадрилийн командлагч, хурандаа Крис Круз, "Энэхүү төлөвлөгөөт туршилт нь манай улсын ICBM флотын зэвсгийн системийн бэлэн байдал, найдвартай байдлыг харуулж байна" гэж мэдэгдсэн байна.
Эх сурвалж: CBS NEWS








