АНУ-руу, CBP One програмаар дамжуулан орогнол хүсэх боломжтой болж байна
Mon Feb 27 2023
2020 онд АНУ-ын Гааль, хил хамгаалах алба (CBP), Global Entry болон TSA PreCheck програмын урт хугацаа шаардагддаг ажлыг хөнгөвчлөх үүднээс CBP One гар утасны програмыг нэвтрүүлсэн. Харин одоо CBP One нь, АНУ-д орогнол хүссэн хүмүүсийн өргөдлийг хүлээн авах шинэ үүрэгтэй болсон талаар Washington Post сонин бичжээ.
Орогнол хүсэгчид, АНУ-руу нэвтрэх боомт дээр хүсэлт гаргахдаа CBP One-г ашигласнаар, үйл явцыг хялбаршуулж, хөнгөвчлөх болно гэж албаны хүмүүс үзэж байгаа ч, энэхүү аппликэйшний хэрэглээ өргөжиж байгаа нь улс төрийн хүрээнийхний шүүмжлэлийг дагуулж байгаа аж. Цагаачлалыг дэмжигчид CBP One нь, эмзэг бүлгийн цагаачдад бэрхшээл учруулна гэж үзэж байгаа бол, цагаачлалын хатуу хяналтыг дэмжигчид хууль бус цагаачдад хил нээх бодлогыг дэмжиж байна гэж үзэж байна. Түүнчилэн, энэ программ нь интернетгүй орчин эсвэл холболт хэтэрхий удаан байгаа нөхцөлд цагаачид ашиглах боломжгүй, мөн англи эсвэл испани хэлээр ярьдаггүй хүмүүсийн хувьд хүндрэл учирна (CBP One-д зөвхөн 2 хэл байдаг) гэж шүүмжилжээ.
Мөн залилан мэхлэлт гарах магадлал өндөр, луйварчид цагаачдын нэрийн өмнөөс программ дээр маягт бөглөхдөө мөнгө авах, эсвэл бүр хулгайлж, ар гэрийнхнээс нь барьцаа шаардах зэрэгт ихээхэн санаа зовж байгаа ч, бодит байдал ямар байхыг цаг хугацаа харуулах болно гэж үзэж байна.
Энэ програмыг хэрхэн ашиглах вэ?
CBP One програм нь, ямар ч үнэ төлбөргүй гэдгийг тэмдэглэх нь зүйтэй. Android-ын Google Play, iPhone-ны AppStore ашиглах боломжтой.
Програмыг татаж авах, АНУ-ын хилийн дараалалд бүртгүүлэх үйл явцыг эхлүүлэхийн тулд Мексикт байх ёстой. Энэ нь Мексикт байгаа хүмүүст маш тохиромжтой бөгөөд утсаараа дамжуулан өргөдөл гаргана.
Эхлээд, CBP-ийн вэб сайт дээр бүртгэл үүсгэн нэвтэрч, имэйлээ баталгаажуулсны дараа статус, аяллын маршрут сонгох цонх гарч ирнэ. Тэнд Traveler, Land болон Submit Advance Information-ыг бөглөсний дараа, мэдээллийг бөглөх маягт нээгднэ.
Үүнд, зөвхөн өөрийн болон гэр бүлийн гишүүдийнхээ мэдээллийг оруулаад зогсохгүй АНУ-д буй ивээн тэтгэгчийнхээ мэдээллийг (үүнийг урьдчилан олж мэдэх ёстой) оруулах ёстой. Ивээн тэтгэгч нь, АНУ-д ногоон карттай эсвэл хууль ёсны статустай, эсвэл АНУ-ын иргэн, мөн байрлуулах боломжоор хангах, санхүүгийн дэмжлэг үзүүлэхэд бэлэн байх ёстой. Ивээн тэтгэгчийн хаяг нь бүх албан бичиг, шүүхийн шийдвэрт ашиглагдах болно.
Зөвхөн CBP One-д бүртгүүлсэн, ивээн тэтгэгчтэй хүмүүс хилийн албаныхантай ярилцлага хийх боломжтой. Мөн эх орондоо буцах нь яагаад аюултай вэ гэдгийг ярихад бэлэн байх хэрэгтэй. АНУ-д орогнол авах хэд хэдэн ангилал байдаг:
- Улс төрийн үзэл бодол;
- Та эмэгтэй, гетеросекс бус бэлгийн чиг баримжаатай эсвэл улсдаа хүчирхийллийн хохирогч болсон ба цагдаа нар туслахаас татгалзсан;
- Үндэс угсаа, арьс өнгө, шашин шүтлэг.
Та өөрийн нөхцөл байдлаасаа болж урьд нь янз бүрийн хүчирхийлэлд өртөж байсан, эх орондоо буцвал ийм зүйл тохиолдох болно гэдгийг батлах ёстой.
Та өөрийн болон ивээн тэтгэгчийн мэдээллээ оруулсны дараа, цаг товлох 14 хоногийн хугацаа гарч ирнэ. Тэдгээрийн зөвхөн нэгийг нь сонгох боломжтой - энэ нь таны ярилцлагын огноо, цаг байх болно.
Өөрт байгаа бүх бичиг баримтаа бэлтгэ. Хэрэв орчуулагч хэрэгтэй бол өөрөө авчрах боломжтой. Хэрэв байхгүй бол CBP танд үнэ төлбөргүй орчуулагч өгнө.
Мөн татварын тайлан, ивээн тэтгэгчийн гэрээ гэх мэт ивээн тэтгэгчийн баримт бичгийг бэлтгэхээ мартахгүй байх.
Бүртгүүлэхдээ програмаас хүссэн бүх өгөгдлийг бүрэн оруулах ёстой. Орогнол хүссэн ангиллаа анхааралтай сонгох. Энэ нь алдааг багасгах бөгөөд програм нь, мэдээллийг нэмж бөглөх боломж олгодоггүй.
Аппликешнд зориулж зургаа оруулахдаа, царай нь тод харагдахуйц, харанхуй орчинд биш зураг сонгохыг зөвлөж байна. Үүнийг урьдчилан анхаарч, хуучин хэв маягаар цонхны дэргэд цайвар дэвсгэр дээр зургаа авахуулж бэлтгэсэн байх нь дээр.








