Вашингтон, Олон улсын Глобал оролцооны төв (СЕХ) цензур тавьсан нь, үг хэлэх эрх чөлөөг дэмжих Америкийн засаг захиргааны байр суурьтай зөрчилдөж байна гэсэн үндэслэлээр, Орос, Хятад, Ираны ташаа мэдээлэлтэй тэмцэхийн тулд Европын орнуудтай байгуулсан гэрээгээ цуцалж байна гэж Financial Times мэдээлэв.
Европын гурван албан тушаалтны хэлснээр, АНУ нь, Орос, Хятад, Иран зэрэг орнуудын худал, ташаа мэдээлэлтэй тэмцэх хамтын хүчин чармайлтаасаа татгалзаж байгаагаа Европын орнуудад мэдэгдсэн гэсэн байна.
Өнгөрсөн долоо хоногт Европын орнууд, Төрийн департаментаас АНУ өнгөрсөн онд Байдены засаг захиргааны үед байгуулсан харилцан ойлголцлын санамж бичгүүдийг цуцалж байгаа тухай мэдэгдлийг хүлээн авсан. Эдгээр санамж бичигт эмх замбараагүй байдал үүсгэх зорилгоор гадаад улсуудаас тарааж буй хорлонтой мэдээллийг илрүүлж, илчлэх нэгдсэн арга барилын санааг тодорхойлсон байсан юм. Трампын засаг захиргаа, АНУ-ын сонгуулийн шударга байдлыг хангах, дотоод, гадаадын хор хөнөөлтэй гадны нөлөөлөлтэй тэмцдэг төрийн байгууллагуудаа татан буулгасныхаа дараа энэ алхамыг хийжээ.
АНУ-ын дайснууд болон террорист бүлгүүдийн хилийн чанадад тараасан ташаа мэдээлэлтэй тэмцдэг Төрийн департаментын агентлаг болох СЕХ-ныг удирдаж байсан Жеймс Рубин, “Энэ алхам нь, Орос, Хятадтай хийсэн мэдээллийн дайнд "зэвсэг хураалгахтай адил үйлдэл”. Мэдээллийн дайн бол бидний цаг үеийн бодит байдал бөгөөд хиймэл оюун ухаан нь үүнтэй холбоотой эрсдлийг улам бүр нэмэгдүүлнэ. Сүүлийн нэг жилийн хугацаанд, Европ, Африкийн 22 орчим орон АНУ-тай гэрээ байгуулсан. Эдгээр нь аюул заналхийллийн талаар нийтлэг ойлголтыг бий болгох, түнш орнуудтай нэгдсэн хариу арга хэмжээ боловсруулах зорилготой Байдены засаг захиргааны Гадаадын манипуляцитай тэмцэх хөтөлбөрийн нэг хэсэг байсан " гэж ярьсан байна.
Тус төвийг 2011 онд, онлайн терроризмын суртал ухуулга, хэт даврагч үзлийг эсэргүүцэх зорилгоор байгуулж, худал мэдээлэл түгээх кампанит ажлыг хянах, илчлэх үүргийг нэмж өргөжүүлсэн. Конгресс дахь Бүгд найрамдахчууд арванхоёрдугаар сард тус төвийг хааж, Трампын засаг захиргаа дөрөвдүгээр сард татан буулгасан бөгөөд Харилцан ойлголцлын санамж бичгийг цуцалсан нь хөтөлбөрийг дуусгах хамгийн сүүлийн алхам байжээ. Хамгийн анх, Харилцан ойлголцлын санамж бичгийг цуцлах шийдвэр гаргасан тухай The Atlantic мэдээлж байсан юм.
Сүүлийн жилүүдэд Орос улс, эмх замбараагүй байдал үүсгэх, Украин болон барууны тогтоосон дэлхийн дэг журамд үзүүлэх дэмжлэгийг алдагдуулахын тулд түрэмгий мэдээлэл тараах кампанит ажил явуулж байна. Өнгөрсөн есдүгээр сард СЕХ, Оросын төрийн санхүүжилттэй RT телевизийн сувгийг, кибер тагнуулын тусламжтай Оросын тагнуулын албаны нэрийн өмнөөс ажиллаж, Молдавын ерөнхийлөгчийн сонгуулийг Москвагийн талд ашигтайгаар зохицуулахыг оролдсон гэж буруутгасан. АНУ, RT болон бусад Оросын төрийн өмчит телевизийн сувгуудад худал мэдээлэл тараасан хэргээр хориг арга хэмжээ авсан. 2022 онд Украины эсрэг Орос улс өргөн цар хүрээтэй дайн эхэлсний дараа, Кремлийн дайны суртал ухуулгад сөрөг нөлөө үзүүлэх зорилгоор тус сувгийг эх газрын Европ болон Их Британид хориглосон юм.