February
10
2026
Anu.mn
Мэдээ
АНУ: Миннеаполист цагаачлалын албаны офицерууд боди-камер зүүхээр боллоо
АНУ: Миннеаполист цагаачлалын албаны офицерууд боди-камер зүүхээр боллоо
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
АНУ: Миннеаполист цагаачлалын албаны офицерууд боди-камер зүүхээр боллоо

ВАШИНГТОН | 2026.02.02 — АНУ-ын Дотоод аюулгүй байдлын яам (DHS) Миннеаполис хотод ажиллаж буй холбооны цагаачлалын албаны бүх офицеруудыг боди-камертай болгох шийдвэр гаргасныг тус яамны сайд Кристи Ноэм мэдэгдлээ. Уг арга хэмжээнд Цагаачлал, гаалийн алба (ICE) болон Хил, гаалийн хамгаалалт (CBP)-ын ажилтнууд хамрагдана гэж CBS News мэдээлэв.

Боди-камерын хөтөлбөрийг эхний ээлжинд Миннеаполис хотод хэрэгжүүлэх бөгөөд шаардлагатай санхүүжилт батлагдвал, АНУ даяар өргөжүүлнэ гэж DHS онцолсон бөгөөд энэхүү шийдвэр нь, офицеруудын үйл ажиллагааны ил тод байдал, хариуцлагыг нэмэгдүүлэх зорилготой аж.

Сүүлийн саруудад Миннеаполис хотод холбооны цагаачлалын албаны ажилтнууд галт зэвсэг хэрэглэн, хүний амь нас хөнөөсөн ноцтой хэрэг явдлууд гарсан нь олон нийтийн анхаарлын төвд орсон. Үүнтэй зэрэгцэн Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргааны хэрэгжүүлж буй өргөн хүрээтэй албадан гаргалтын кампанит ажил шүүмжлэл дагуулж, хууль сахиулах байгууллагын үйл ажиллагаанд илүү хатуу хяналт хэрэгтэй гэсэн байр суурийг олон нийтхүчтэй илэрхийлэх болсон юм.

Ерөнхийлөгч Трамп боди-камерын хэрэглээ нь, офицеруудыг үндэслэлгүй гомдлоос хамгаалах, иргэдтэй харьцах явц дахь маргаантай нөхцөл байдлыг бодитой баримтжуулах, мөрдөн шалгах ажиллагаанд нотлох баримт болохдавуу талтай хэмээн дэмжиж байгаагаа илэрхийлжээ.

Ардчилсан намын сенатчид, олон жилийн турш цагаачлалын албаны офицеруудыг заавал боди-камер зүүх шаардлагатай гэж шаардаж ирсэн. Мөн Ерөнхийлөгч асан Жо Байден 2022 онд холбооны офицеруудыг боди-камер ашиглах тухай захирамж гаргаж байсан ч, Трампын засаг захиргаа уг шийдвэрийг цуцалсан нь улс төрийн маргаан дагуулж байв.

Хууль, хүний эрхийн шинжээчдийн үзэж буйгаар боди-камерын хэрэглээ нь, хууль сахиулах байгууллагын итгэлийг нэмэгдүүлэх, хүний эрх зөрчигдөх эрсдэлийг бууруулах, маргаантай хэрэгт баримтад суурилсан дүгнэлт хийх боломж бүрдүүлэх чухал алхам гэж үзэж байна. Гэсэн ч, камерын бичлэгийг хэрхэн хадгалах, хэн хандаж шалгах эрхтэй байх, яаж ашиглагдах, өгөгдлийг олон нийтэд ил болгох эсэх зэрэг нууцлал, зохицуулалтын нарийвчилсан дүрэм тодорхой байх шаардлагатайг анхааруулжээ.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2026 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.