
АНУ дахь цагаач гаралтай тэрбумтнуудын тоо, Forbes-ийн жил бүр гаргадаг жагсаалтад шинэ дээд амжилт тогтоож, нийт 125 хүн оржээ. Тэд 41 улсаас гаралтай ч, хөрөнгөө АНУ-д бий болгосон байна.
79 настай тэрбумтан Стивен Удвар-Хэйзи, “Тоталитар улсад амьдарч, мөнгөгүй байх үед, ирээдүйн амьдрал, амьдрал сайжрах итгэл найдвар бараг байдаггүй. Цагаач хүмүүсийн үнэт зүйл, зорилгодоо хандах хандлага, АНУ-д төрж өссөн хүмүүсээс өөр байдаг бөгөөд илүү өндөр урам зоригтой байдаг” гэж ярьжээ. Тэрээр багадаа Унгараас Нью-Йорк руу цагаачилж, 14 настайдаа агуулахад цагт 30 центээр ажиллаж байгаад, хожим онгоцны лизингийн салбарыг үүсгэн байгуулсан байна.
Өнөөдөр Forbes-ийн жагсаалтад АНУ-д амьдарч буй 125 цагаач гаралтай тэрбумтан багтаж байгаа нь, 2022 онтой харьцуулахад гуравны нэгээр өссөн үзүүлэлт юм. Тэд нийт 900 орчим тэрбумтны 14%-ийг бүрдүүлж, нийлбэр хөрөнгө нь 1.3 их наяд долларт хүрсэн нь АНУ-ын нийт тэрбумтнуудын хөрөнгийн 18%-ийг эзэлж байна.
АНУ (мөн дэлхий)-ын хамгийн баян 10 хүний гурав нь, цагаач гаралтай бөгөөд жагсаалтыг Илон Маск тэргүүлж байна. Тэрээр Өмнөд Африкт төрж, Канадаар дамжин АНУ-д ирсэн, хөрөнгө нь 393.1 тэрбум доллар юм.
Хоёрдугаарт Сергей Брин (139.7 тэрбум доллар) бичигдэж байна. Түүний гэр бүл Оросоос АНУ-д нүүж ирсэн бөгөөд антисемитизмээс зугтсан түүхтэй.
Гуравдугаарт Женсен Хуанг (137.9 тэрбум доллар) оржээ. Тэр Тайваньд төрсөн ч, багадаа Тайландад амьдарч, дараа нь АНУ-д ирсэн байна.
Мөн Тайван гаралтай тэрбумтнуудын тоо эрс нэмэгдсэн бөгөөд 17 цагаач эмэгтэй тэрбумтнуудын нэг, Женсен Хуангийн үеэл, чип үйлдвэрлэлийн өрсөлдөгч нь болох Лиза Су шинээр нэмэгдсэн байна.
Иранаас гаралтай Маки Зангане “Цагаач байна гэдэг нь шинэ боломж хайж, шинэ нөхцөлд дасан зохицохыг хэлдэг” гэж онцолжээ. Тэрээр одоо Summit Therapeutics компанийн хамтран удирдагч бөгөөд уушгины хорт хавдрын эмийн ачаар компанийн хувьцаа сүүлийн жилд бараг 200%-иар өссөн байна.
2025 оны жагсаалтад багтсан цагаач тэрбумтнуудын бараг гуравны хоёр нь, 10 улсаас гаралтай. Тэдгээрээс Энэтхэг улс тэргүүлж, Сундар Пичай, Сатья Наделла, Никеш Арора зэрэг тэрбумтанууд багтжээ.
Сонирхолтой нь, АНУ-ын тэрбумтнуудын дөрөвний нэг нь өв залгамжлалаар хөрөнгөтэй болсон бол цагаач тэрбумтнуудын 93% нь өөрсдийн хүчээр амжилтад хүрсэн байна. Тэдний ихэнх нь технологи (53 хүн) болон санхүүгийн салбарт (28 хүн) баяжжээ.
Израильд төрсөн венчур хөрөнгө оруулагч Орен Зеев, “Өөр орчноос ирсэн туршлага маань надад өөрөөр сэтгэж, шийдвэр гаргах боломж өгсөн” гэж ярьдаг байна.
Мөн олон хүн АНУ-д суралцахаар ирээд үлдсэн бөгөөд тэдний дунд Илон Маск болон Жей Чаудри багтдаг.
Шахид Хан 16 настайдаа АНУ-д ирж, аяга таваг угаагчаар ажиллаж эхэлсэн бөгөөд дараа нь автомашины сэлбэг үйлдвэрлэгч Flex-N-Gate компанийг байгуулж хөрөнгөжээ.
Мөн Нубар Афеян Ливанаас дүрвэж, хожим Moderna-г хамтран байгуулсан байна. Тэрээр “Цагаачийн сэтгэлгээ гэдэг нь, амжилтад хүрэхийн тулд шаргуу хөдөлмөрлөх ёстой гэсэн ойлголт. АНУ-ыг хүчирхэг болгосон зүйл нь, цагаачдын энэ сэтгэлгээ юм” гэж ярьдаг.
Хамгийн баян цагаач тэрбумтнууд (2025)
Илон Маск — $393.1 тэрбум (Tesla, SpaceX)
Сергей Брин — $139.7 тэрбум (Google)
Женсен Хуанг — $137.9 тэрбум (хагас дамжуулагч)
Томас Петерффи — $67.9 тэрбум (брокер үйлчилгээ)
Мириам Адельсон ба гэр бүл — $33.4 тэрбум (казино)
Руперт Мердок ба гэр бүл — $24 тэрбум (медиа)
Питер Тиль — $21.8 тэрбум (Facebook, хөрөнгө оруулалт)
Жей Чаудри — $17.9 тэрбум (програм хангамж)
Ян Кум — $16.9 тэрбум (WhatsApp)
Жон Ту — $14.1 тэрбум (компьютерийн тоног төхөөрөмж)
АНУ-ын Элчин сайдын яамдад, дэлхий даяар “анти-Америкийн суртал ухуулгатай” тэмцэх үүрэг өгчээ
АНУ-ын эзэмшил Хойд Марианы арлууд, хүүхдэдээ Америкийн иргэншил авахыг хүсэгчдийн “төрөх аялал”-ын бааз болжээ
Трамп, америкт төрсөн хүмүүст иргэншил олгож ирсэн уламжлалыг, уугуул америкчуудын эсрэг 150-д жилийн өмнө шийдэгдэж байсан нэгэн хэрэг дээр үндэслэн, цуцлахыг хүсч байна