АНУ-д залуу эрчүүдийг цэргийн бүртгэлд автоматаар хамруулна

2026 оны 12-р сараас эхлэн цэрэгт татагдах насны эрчүүдийг цэргийн бүртгэлийн системд автоматаар бүртгэдэг болохоор төлөвлөж байна. Энэ өөрчлөлтийг АНУ-ын Сонгон шалгаруулалтын алба (Selective Service System) санал болгосон бөгөөд тус байгууллага нь, цэргийн албанд татагдах боломжтой иргэдийн мэдээллийн санг хөтөлдөг гэж Daily Mail мэдээлжээ.
“Энэхүү хууль эрх зүйн өөрчлөлт нь бүртгүүлэх хариуцлагыг хувь хүнээс систем рүү шилжүүлж, холбооны мэдээллийн сангуудтай нэгтгэх замаар хэрэгжинэ” гэж тус албаны цахим хуудсанд дурдсан байна.
Одоогоор уг өөрчлөлт нь зохицуулах байгууллагуудын хэлэлцүүлгийн шатанд байгаа бөгөөд эцсийн баталгаажуулалтыг хүлээж байна. АНУ-д хамгийн сүүлд ийм төрлийн цэрэг татлага 1970-аад онд, Вьетнамын дайны үеэр явагдаж байжээ.
Хэдийгээр одоогоор албан ёсны цэрэг татлага байхгүй ч, 18–25 насны залуус, цэрэг татлага сэргэсэн тохиолдолд, Сонгон шалгаруулалтын системд бүртгүүлэх үүрэгтэй хэвээр байгаа баөгөөд энэхүү өөрчлөлт нь, “хүний нөөцийн зохион байгуулалтыг шинэчлэх” хүрээнд үйл явцыг илүү хялбар болгох зорилготой юм.
Өмнө нь, эмэгтэйчүүдийг мөн цэрэг татлагын системд хамруулах санал хэд хэдэн удаа гарч байсан ч одоогоор хууль болоогүй юм.
Бүртгүүлээгүй эрчүүдэд 250,000 ам.долларын торгууль, 5 хүртэлх жилийн хорих ял ногдуулах ба мөн, холбооны хөтөлбөрүүдэд хамрагдах эрхээ алдах эрсдэл дагуулна.
Ираны эсрэг дайн эхэлсний дараахан Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Кэролайн Ливитт, Fox News сувгийн хөтлөгч Мария Бартиромод өгсөн ярилцлагадаа, энэ хуулийг үгүйсгээгүй бөгөөд “Ерөнхийлөгч Трамп ямар ч хувилбарыг бүрэн үгүйсгэхгүй байгаа” гэж 4-р сарын 5-нд мэдэгджээ. Гэхдээ одоогоор энэ нь, бодит төлөвлөгөөнд ороогүй гэдгийг онцолсон байна.
Дональд Трамп өмнө нь, Иранд хуурай замын цэрэг илгээх магадлалыг бууруулан ярьж байсан бөгөөд “шаардлагатай тохиолдолд” боломжтой ч, ерөнхийдөө “цагийн гарз” гэж үзэж байгаагаа илэрхийлж байсан. Гэсэн хэдий ч эх сурвалжуудын мэдээлснээр, тэрбээр хувийн хүрээнд ийм хувилбарыг нухацтай авч үзэж байгаа гэх мэдээлэл гарчээ.
Сэтгүүлч Бартиромо, эхчүүд хөвгүүдээ дайнд явуулах магадлалтай цэрэг татлагаас болгоомжилж байгааг онцлон асуухад, Ливитт “Одоогоор төлөвлөгөөнд байхгүй ч, ерөнхийлөгч бүх хувилбарыг нээлттэй үлдээж байгаа” гэж хариулжээ. Түүний хэлснээр, Трамп цэргийн ажиллагааны үр дүнг үргэлжлүүлэн үнэлсний дараа хуурай замын цэрэг илгээх эсэхийг шийдэхийг хүсэж байгаа гэжээ.
Олон арван жилийн турш хийсэн санал асуулгуудаас харахад, америкчууд ерөнхийдөө цэрэг татлагыг эсэргүүцдэг бөгөөд энэ нь, Вьетнамын дайны сөрөг туршлагатай холбоотойгоор, сайн дурын мэргэжлийн армийг илүүд үздэг байна.
Цэрэг татлагыг сэргээх аливаа шийдвэрийг АНУ-ын Конгресс батлах шаардлагатай бөгөөд энэ тохиолдолд холбогдох хуульд өөрчлөлт оруулах юм.








