АНУ-д тэтгэмжийн орлого нь цалингаас өндөр болдог тул зарим америкчууд ажиллахыг хүсэхгүй байна
Tue Dec 20 2022
Өнөөдөр 2019 оныхоос 3 саяар цөөн америк хүн ажиллаж байна. АНУ-д ажиллахгүй байх нь яагаад илүү ашигтай болсон талаар TheNewYorkPost мэдээлэв.
Ихэнх америкчууд Америкт олон нийтийн аюулгүй байдлын найдвартай сүлжээ гэдэгт итгэдэг. Хүмүүс хүнд хэцүү үеийг туулж, ажилгүй болоход гэр бүл нь өлсөж, гэр оронгүй болж хомсдолд ордоггүй. Ихэнх америкчууд төрийн тусламж нь богино хугацааны байх ёстой бөгөөд хүмүүсийг хурдан хөл дээр нь босгож, ажил олж, эдийн засагт хувь нэмрээ оруулах санхүүгийн бие даах замд ороход чиглэгдэх ёстой гэж үздэг ч өнөөдрийн халамжийн хөтөлбөрүүд энэ зорилгодоо хүрч чадахгүй байгаа аж.
Жилд хагас сая долларын орлоготой гэр бүлүүд ObamaCare-ийн татаас авах боломжтой гэдгийг та мэдэх үү? Мөн зарим мужид ажилгүйдлийн тэтгэмж нь жилийн 100,000 долларын ажлын байртай тэнцэхүйц байдгийг мэдэх үү?
Гайхалтай ч энэ бол баримт. Энэ нь, олон ажил олгогчид, бизнесүүд COVID-19 халдвараас хойш бараг гурван жил өнгөрсөн ч ажилчдаа ажилд нь буцааж авч чадахгүй байгаагийн шалтгаан байж магадгүй юм.
Дундаж давхаргын орлого нь, тэтгэмжийн орлоготой тэнцдэг
Ажиллах хүчний хомсдол үүсээд буй олон шалтгаан бий. Тэдгээрийн нэг нь, олон мужид нийгмийн халамж нь, дунд давхаргын нэр хүндтэй ажлын байрнаас их буюу бараг л илүү орлого олдог явдал гэж үзэхээр болсон байна. Ерөнхийлөгч Барак Обама, Байден нарын, хоёр намын нийгмийн халамжийн түүхэн шинэчлэлд тусгагдсан ажлын өндөр гүйцэтгэлийн шаардлагуудын ихэнх нь хасагдсанаар, Конгресс болон мужууд тэтгэмжид хэт өгөөмөр хандаж, хязгаарлалтгүй болсон байдаг.
Нэмэлт хүнсний тусламжийн хөтөлбөр (хүнсний талон) зэрэг олон хөтөлбөрийг шалгаж, зөвхөн бага орлоготой хүмүүст олгодог бол ажилгүйдлийн даатгал, ObamaCare татаас зэрэг бусад тэтгэмжүүд тийм биш байдаг. Тиймээс эдгээр тэтгэмжүүд асар өндөр байдаг бөгөөд олох орлого нь олон ажил, мэргэжлүүдийн цалингаас хамаагүй өндөр байдаг байна. Хөгжил дэвшлийн хөгжлийн хороо энэ асуудлын талаар дараахь зүйлийг мэдэгдэв.
- 24 мужид, дөрвөн ам бүлтэй ажил хийдэг хүнгүй гэр бүлд олгодог ажилгүйдлийн тэтгэмж болон ObamaCare-ийн татаасаас бүрдэх орлого нь, ажил хийдэг дундач өрхийн орлоготой тэнцэж байна.
- Жилд бараг 1/4 сая долларын орлоготой гэр бүлүүд, бүх мужид ObamaCare-ийн татаас авах эрхтэй хэвээр байна.
- Арван хэдэн мужид ажилгүйдлийн тэтгэмж болон ObamaCare-ийн татаас нь дундаж багш, барилгачин, цахилгаанчин, гал сөнөөгч, ачааны машины жолооч, машинист, худалдагчийн цалин, тэтгэмжээс давж гардаг.
- Нью Жерси мужид дөрвөн ам бүлтэй гэр бүл, хэн нь ч ажил хийхгүйгээр, жилийн хөдөлмөрийн хөлстэй тэнцэх 108,000 долларын тэтгэмж авах боломжтой.
- Коннектикут, Нью Жерси мужид жилд 300,000 долларын орлоготой гэр бүл ObamaCare-ийн татаас авах боломжтой.
- Нью Жерси, эцэг эх хоёулаа ажилгүйдлийн тэтгэмж болон ObamaCare эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд хамрагдсан тохиолдолд нэг гэр бүл жилд 100,000 доллартай тэнцэх хэмжээний орлого олох боломжтой муж юм. Коннектикут мужид тэтгэмж 80,000 доллар хүрдэг.
Тодруулахад, ихэнх мужуудад ажилгүйдлийн даатгал дор хаяж зургаан сар байдаг. Гэвч эдгээр тэтгэмж хүмүүсийг хөдөлмөрийн зах зээлд гаргах санхүүгийн хөшүүрэг болохуйц үр дүн үзүүлэхгүй байна. Мөн хүмүүс дахин ажилгүйдлийн тэтгэмжид хамрагдахын тулд шаардлагатай хэдхэн сар ажиллаад ажлаас гарч дахин тэтгэмжид хамрагдах боломжтой байдаг. Энэ тоо баримтад, хүнсний талон, ажилгүйдлийн тэтгэмж авах техникийн шаардлага хангаагүй гэр бүлүүд одоо ч гэсэн авч байгаа, жилд 100 тэрбум доллар зарцуулдаг их хэмжээний төлбөрийг оруулаагүй болно.
Донор хөтөлбөрүүдээс олох ашиг
Амьжиргааны түвшин доогуур өрхүүдийн даатгал гэх мэтээр нэвтрүүлдэг эдгээр хөтөлбөрүүдийг өндөр орлоготой хүмүүс болон жилд хагас сая долларын орлоготой гэр бүлүүд олноороо хамрагдах хэмжээнд хүртэл өргөжүүлсэн нь онцгой анхаарал татдаг. Байдены засаг захиргаа ObamaCare-ийг өргөжүүлсэн нь Ардчилсан намын чинээлэг хандивлагч ангид маш том цохилт болсон. Гэвч энэ нь амьдралын боломжгүй, ядуу хүмүүст туслаагүй.
Олонхи мужид, долоо хоногт 40 цаг, цагийн 20 долларын цалинтай ажилладаг хүмүүсийн орлого нь, ажилгүйдэл, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авдаг ажил хийдэггүй гэр бүлийн орлогоос бага байгаа учираас ажилд орж цалингаас орлого олох хөшүүрэг болж чадахгүй байгаа аж. Жишээлбэл, өрхийн жилийн дундаж орлого, тэтгэмж нь ойролцоогоор 93,000 доллар байдаг. Гэтэл Нью Жерсид ажилгүйдлийн тэтгэмж болон ObamaCare-ийн татаас дангаараа жилд 122,000 доллар. Энэ нь, 30%-иар илүү байгааг харуулж байна.
Төрийн тэтгэмж
Засгийн газрын ажилгүйдлийн тэтгэмж болон ObamaCare-ийн татаасын улсын дундаж зардал хүртэл харьцангуй өндөр буюу 69,000 ам.доллар байдаг нь дундаж гал сөнөөгч, ачааны машины жолооч, машинист, худалдагчийн дундач орлогоос илүү байгаа юм.
Бүх цаг үеүдэд хэрэгжүүлж ирсэн эдгээр нийгмийн хамгааллын бүх санаачлага, хөтөлбөрүүд нь, америкчуудыг ажил хөдөлмөр эрхлүүлэх, хөдөлмөрийн зах зээлд эргүүлэн оруулах зорилготой байсан ч, эдгээр бодлогуудын үр дүн нь, ажиллах хүчний оролцоог доод түвшинд хүргэж, ажиллагсадын тоог бууруулж цөөн хүн ажиллах, хөдөлмөр эрхэлж буй хүмүүст өндөр татвар ногдуулахад хүргэсэн гэж үзжээ.








