АНУ-д сармагчингийн цэцэг өвчний улмаас Холбооны онц байдал зарлав: Халдварладаг замууд
Mon Aug 08 2022
8-р сарын 4-нд АНУ-д сармагчингийн вирус тархаж байгаатай холбогдуулан АНУ-ын засгийн газар нийгмийн эрүүл мэндийн онц байдал зарласан. АНУ-д сармагчингийн өвчнөөр өвчилсөн тохиолдол дэлхийн бусад улс орнуудаас их байгаа тул эрүүл мэндийн мэргэжилтнүүд вирус хэрхэн халдварладаг, өөрийгөө хэрхэн хамгаалах талаар өгсөн дэлгэрэнгүй мэдээллийг People.com нийтэлжээ.
Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвөөс (CDC) мэдээлснээр, 8-р сарын 3-ны байдлаар АНУ-д сармагчны цэцэг өвчний 6617 батлагдсан тохиолдол бүртгэгдсэн байна. Дэлхийн хэмжээнд 81 улсад 26,519 тохиолдол бүртгэгдээд байна.
Эхний шинж тэмдгүүд нь COVID-19-тэй төстэй боловч Техас мужийн Хьюстон дахь Херман Мемориал эмнэлгийн халдварт өвчний мэргэжилтэн, доктор Линда Янси, "Энэ бол амьсгалын замын вирус биш. Энэ вирус арьсаар дамжин халдварладаг. Ямар ч байдлаар арьс хүрэлцэхэд, арьснаас арьсанд халдварлаж байна. Олон тохиолдол бэлгийн замаар дамждаг гэдгийг би мэднэ, гэхдээ энэ нь бэлгийн замын халдварт өвчин биш. Үндсэндээ сексийн үед арьс маш их хүрэлцдэг, мөн бүжиглэх, үнсэлцэх, гар барих, бөх барилдах, хөл бөмбөг тоглох зэрэг хоорондоо арьсаараа хүрэлцэх олон төрлийн дамжуулалтын хэлбэрүүд байгаа юм. Мөн энэ вирус ярилцах, харилцах үед амьсгалын замын том дуслаар дамжиж байна. Тиймээс хэрэв та хэн нэгэнтэй удаан хугацаанд ярилцаж, харилцсан бол халдвар авах боломжтой. Энэ өвчний дэгдэлтийн гол шалтгаан нь арьсанд хүрэх явдал” гэсэн байна.
Жоржиа мужийн Камилла Ситон гэдэг эмэгтэй, энэ өвчний талаар олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд бичсэн бөгөөд тэрээр ажилладаг шатахуун түгээх станцын мөнгөөр дамжуулан вирусын халдвар авсан гэж үзсэн байна.
Сармагчны цэцэг нь мөнгө зэрэг эд зүйлээр дамждаг байж магадгүй, учир нь вирус хүрээлэн буй орчинд хэд хоног хадгалагдах боломжтой бөгөөд энэхүү сармагчингийн цэцэг өвчин нь, салхин цэцэг өвчинтэй уг гарлаараа холбоотой. АНУ-ын цэргийнхэн, уугуул америкчуудад салхин цэцэг өвчнийг хөнжилөөр тарааж байсан эртний түүх байдаг. Тиймээс ийм байдлаар дамжих боломжтой байсныг харуулж байна. Одоогийн байдлаар АНУ-д халдварласан тохиолдлуудаас нэг л хүн бохирдсон ор дэрний цагаан хэрэглэлээр дамжсан халдварт өртсөн байгаа. Тэр Airbnb-ийг цэвэрлэдэг учраас мөнгө, хаалганы бариул, дэлгүүрийн сагс гэх мэт олон зүйлд хүрч байсан. Тэгэхээр эд зүйлс вирусыг дамжуулж болно гэж үзэхэд хүргэж байна гэж Янси ярилцлагадаа дурджээ
Мөн мэргэжилтнүүд, сармагчингийн вирүс нь усаар дамждаггүй тул усан сан (эсвэл халуун ванн), ялангуяа хлорын агууламжийн түвшинг сайн бариулдаг газарт тархах магадлал бага, гэсэн ч усан сангийн орчинд алчуур, хувцсаа солилцохгүй байж эрсдэлд орохгүй байхыг анхааруулжээ.
Хөлс зэрэг биеийн шингэнээр дамжин халдварладаг ч биеийн тамирын зааланд вирус халдварлах магадлал багатай. Ихэнх заалны тоног төхөөрөмжүүд сүвэрхэг биш гадаргуутай учраас стандартын дагуу цэвэрлэгээг зөв тогтмол хийхэд эрсдэл багасдаг. Мөн гар ариутгагч, бодис нь энэ вирусыг устгахад маш үр дүнтэй байдаг гэсэн байна.
Түүнчлэн, эрүүл мэндийн мэргэжилтнүүд халдвар авах эрсдлийг бууруулах хүрээнд, хоорондын зай барих дадалд эргэн орох, ойр дотно харилцааг хязгаарлахыг зөвлөж байна.
Jynneos салхин цэцгийн вакцинаар сармагчны цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой бөгөөд оношлогдсоны дараа хийлгэхэд ч сармагчингийн цэцгийн эсрэг үр дүнтэй байдаг байна.
“Сургууль эхэлж байгаад бага зэрэг санаа зовж байна. Вирус түймэр шиг тархаж магадгүй. Тиймээс хүн бүр хүүхдүүддээ гараа байнга угаахыг хэвшүүлж, ариутгалын бодис хэрэглүүлээрэй. Энэ халдварт өвчин нь санаа зовох, анхаарах зүйл боловч сандрах хэрэггүй, хөнгөн хэлбэрийн өвчин юм. Африк тивээс өөр газар нас барсан тохиолдол бүртгэгдээгүй. Мөн Холбооны засгийн газар аюулгүй, үр дүнтэй вакцин боловсруулж байна." гэж Янси ярьжээ.
Jynneos салхин цэцгийн вакцинтай хамт, хүндээр өвдөх магадлалтай өвчтөнүүдэд tecovirimate (TPOXX) зэрэг вирусын эсрэг эмийг хэрэглэж байна. Эрдэмтэд вирусыг шинж тэмдэггүй хүн тарааж чадах уу, эсвэл амьсгалын замын шүүрэл эсвэл бэлгийн замаар хэр олон удаа халдварладаг болохыг судалж байгаа бөгөөд Цагаан ордны шинээр томилогдсон сармагчингийн цэцэг өвчиний эсрэг хариу үйлдлийн судалгааны үндэсний зохицуулагч Роберт Фентон, энэ судалгаанаас гарах дүгнэлт нь цаашид "өвчлөлд өртсөн хүмүүст вакцин, эмчилгээг илүү хурдан хүргэх нэмэлт стратегийг судлах" боломжийг олгоно гэсэн байна.
Эх сурвалж: forumdaily.com








