АНУ-д, хүүхдүүдийн дунд аюултай вирус тархсанаас эмнэлгүүдэд ор хүрэлцэхгүй байна
Mon Oct 24 2022
АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн (CDC) мэдээлснээр ихэнх хүүхдүүд 2 нас хүрэхээсээ өмнө энэхүү амьсгалын замын синцитиал вирус (RSV)-ээр халдварладаг. Дүрмээр бол өвчин нь хөнгөн хэлбэрээр явагддаг ба хамраас нус гоожих, хоолны дуршил буурах, ханиалгах, найтаах, халуурах, амьсгалахад хүндрэлтэй байх зэрэг шинж тэмдгүүд илэрч, нэг юмуу хоёр долоо хоног үргэлжилдэг бөгөөд хүүхдийг амрааж, шингэн сайн уулснаар дарагддаг. Гэтэл энэ нь үргэлж тийм биш, хүндэрч байгаа талаар CNN хэвлэл илүү дэлгэрэнгүй мэдээлэв.
Зарим хүүхэд, ялангуяа нярай хүүхдэд RSV нь аюултай байгаа бөгөөд шингэн алдалт, амьсгалын замын асуудал, илүү ноцтой өвчинд хүргэж хүндэрч байна. АНУ-д хүүхдүүдийн дунд RSV-ийн тохиолдол урьд өмнө тохиолдож байгаагүйгээр ихэссэн гэж эмч нар мэдээлж байна. CDC нь ханиадны улмаас эмнэлэгт хэвтэх, нас барах асуудлыг хянадаггүй боловч, тус улсын олон бүс нутагт RSV-ийн тохиолдол нэмэгдэж байгааг мэдэгдэв. Хүүхдийн хэд хэдэн эмнэлгүүд өвчтөнүүдээр дүүрээд байна. Холбооны мэдээлэлд хүүхдийн эмнэлгийн ор сүүлийн хоёр жилд байгаагүйгээр дүүрсэн гэжээ.
"Ийм түвшний дэгдэлт урд нь хэзээ ч байгаагүй"
RSV-ийн өсөлтийн улмаас Колорадо дахь UH Rainbow Babies эмнэлэг дүүрч, аравдугаар сарын эхээр хэд хоногийн турш яаралтай тусламжийн өвчтөнүүдээ хүлээж авч чадахгүйд хүрч байв. Одоо дахин өвчтөнүүдийг хүлээн авч байгаа ч RSV-ээр өвчилсөн өвчтөнүүдээр дүүрэн хэвээр байна. Коннектикут мужид өвчлөл эрс нэмэгдэж байгаа тул Коннектикутын хүүхдийн эмнэлэг нь өвчтөн хүүхдүүдийг асрахад туслуулахын тулд Үндэсний гвардийг оролцуулах эсэхээ шийдэхээр Засаг дарга, нийгмийн эрүүл мэндийн комиссартай хамтран ажиллаж байна. RSV-ийн тохиолдол ихэвчлэн 12, 1-р сард дэгддэг Техас мужид Форт Уэрт дэх Күүк хүүхдийн эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт RSV-ийн тохиолдлын нэлээд тоо бүртгэгдэж, 10-р сарын 2-оос 8-ны хооронд Күүкийн эрчимт эмчилгээний тасагт RSV-ийн 210 тохиолдол бүртгэгдсэн байснаа долоо хоногийн дараа 288 болсон гэж мэдээлж байна.
"Зуны сүүлч үеэс, мөн сургууль эхэлснээр риновирүс, энтеровирусаар өвчлөгсдийн тоо нэмэгдэж, одоо RSV, параинфлуенза болсон. Эрт эхэлсэн томуугийн улирал хурдацтай ойртож байгаа тул эмнэлэгт хэвтэх шаардлагатай өвчтэй хүүхдүүдийн тоо байнга нэмэгдэж байгаад бид санаа зовж байна. Одоо оргилдоо хүрсэн, цаашид өвчтэй хүн байхгүй болно гэж би бодож байна." гэж Хүүхдийн халдварын хяналтын дэд захирал, доктор Эми Эдвардс ярьсан бол, " UH Rainbow Babies-ийн ажилтнууд нөхцөл байдал улам дордохгүй гэж найдаж байна. Өвчтэй хүүхдүүдэд "хүчилтөрөгчийн дэмжлэг хэрэгтэй байдаг тул тэднийг гэрт нь эмчлэх боломжгүй" гэсэн байна.
Одоогийн COVID-19 тахлын үе шаттай холбоотойгоор АНУ-д тохиолдох тохиолдлууд мөн огцом нэмэгдэж магадгүй. Коронавирусын тархалтаас урьдчилан сэргийлэхийн тулд 2020, 2021 онд хүн бүр гэртээ байсан нь ердийн RSV-ын улирлын дэгдэлтийг өөрчилсөн байх. Өвчний тоо бага байсан нь "дархлааны цоорхой" үүсгэсэн. Одоо тухайн жилүүдэд вирусын халдвар авсан хүүхдүүд халдварт өртөж байна гэж шинжээчид үзэж байна.
RSV-д ямар хүн илүү өртөмтгий байдаг вэ
Энэ нь өндөр халдварт вирус боловч зүрх, уушигны архаг өвчтэй ахмад настан, мөн зарим нярай болон дархлаа султай хүүхдүүдээс бусад тохиолдолд ноцтой өвчлөлд хүргэж хүндэрдэггүй. RSV-ийн тусгай эмчилгээ, вакцин байхгүй. Шинж тэмдгүүд нь ихэвчлэн нэг юмуу хоёр долоо хоног үргэлжилдэг бөгөөд их хэмжээний шингэн ууж, амрах үед арилдаг. Гэхдээ зарим хүүхдүүдийн хувьд энэ нь илүү хүнд тусч болно. RSV нь дутуу төрсөн нярай, нярай хүүхэд, дархлаа султай эсвэл мэдрэлийн булчингийн эмгэгтэй хүүхдүүд, уушиг, зүрхний архаг өвчтэй 2-оос доош насны хүүхдүүдэд аюултай байж болзошгүй гэж мэдэгджээ. RSV нь бронхиолит болж, амьсгалын замын жижиг замууд үрэвсэж, бөглөрдөг, эсвэл уушгины хатгалгаа болдог. Хүүхдийг амьсгалахад нь туслах нэмэлт хүчилтөрөгчөөр хангах эсвэл амьсгалын аппаратад оруулахын тулд эмнэлэгт хэвтүүлэх шаардлагатай болдог байна.
RSV хэрхэн тархдаг вэ
Халдвар авсан хүн ханиалгах, найтаах замаар RSV-ийг дамжуулдаг. Хэрэв амьсгалын замын дусал хаалганы бариул, ширээ гэх мэт гадаргуу дээр бууж, өөр хэн нэгэн хүрснээр халдварлаж болно. Энэ нь хөнгөн хэлбэрийн өвчин тул насанд хүрэгчид энэ өвчнөөр өвчилсөн гэдгээ анзаардаггүй, эсвэл ханиад, харшил гэж бодож, бусадтай харьцсаар байдаг.
"Энэ бол ханиад, коронавирус гэх мэт ядраадаггүй вирус тул бие нь зүгээр байдаг. Тэгээд өөрөө ч мэдэхгүйгээр хүүхдүүдэд халдааж, харамсалтай нь тэд халдвар аван эмнэлэгт хэвтдэг.Ах, эгч нар нь ч гэсэн вирусыг бяцхан дүү нартаа дамжуулж болно. Мөн цэцэрлэгийн нөхцөлд хүүхдүүд вирусын халдвар авч байна" гэж Эдвардс эмч ярьжээ.
Хэрэв таны хүүхэд ханиалгаж, ядарч сульдаж, эсвэл хэвийн бус байвал хүүхдийн эмчид үзүүлэх нь зүйтэй. РСВ, ханиад, COVID-19 эсвэл стрептококк мөн эсэхийг шалгахын тулд шинжилгээ авна. Хүүхэд шингэн алдалттай, хүнд гүехэн, хурдан амьсгалах; өндөр халуурах эсвэл арьс нь хөхөлбөр өнгөтэй болсон байдал ажиглагдвал яаралтай эмчид хандахыг сануулаад, ихэнх өвчтэй хүүхдүүд эмчилгээ сайн авч сайжирдаг. Ихэвчлэн хэдхэн хоногийн дараа гэртээ харих боломжтой болно гэсэн байна.
RSV-ээс хэрхэн сэргийлэх вэ
Эмч нар RSV-ийн халдвараас урьдчилан сэргийлэх хамгийн сайн арга бол хүүхдэд ханиах, найтаахдаа салфетка эсвэл тохой руугаа ханиаж найтаахыг зааж сургах явдал гэсэн байна. Хүүхэд байнга хүрдэг гадаргууг цэвэр байлгахыг хичээхийг мөн зөвлөжээ.
Гранд Рапидс дахь Хүүхдийн эмнэлгийн Дэвис "Гарын эрүүл ахуй нь өөрсдийгөө болон бусдыг аюулгүй байлгахын тулд бидний хийж чадах хамгийн чухал зүйл, гараа угаагаагүй бол нүүрэндээ хэзээ ч хүрч болохгүй. Хүүхэд болон насанд хүрэгчид өвдсөн тохиолдолд тэдэнд хийх ёстой ганц зүйл байдаг бөгөөд өвчтэй үедээ гэртээ байгаарай, ингэснээр амьсгалын замын аливаа өвчлөлийг тараахгүй" гэж анхааруулжээ.








