АНУ-д Juul компанийн электрон тамхийг албан ёсоор хориглов.
Tue Jun 28 2022
Хүнс, эмийн удирдах газар (FDA), Juul-ийн электрон тамхийг албан ёсоор хоригложээ. Энэ тухай The Independent мэдээлэв.
FDA нь Juul компанийг "бүтээгдэхүүнээ борлуулж, түгээхээ болих хэрэгтэй" гээд "одоо зах зээл дээр байгаа бүх бүтээгдэхүүнээ устгах ёстой" гэж шаарджээ. Хориглосон бүтээгдэхүүнд, Juul төхөөрөмж ба тамхины амттай, никотины 5,0 ба 3,0%-ийн агууламжтай, ментолын амттай 5,0 ба 3,0%-ийн никотины агууламжтай дөрвөн төрөл багтаж байгааг тус газраас онцоллоо.
FDA-ийн комиссар, Анагаах ухааны доктор Роберт Калифф, "Энэхүү арга хэмжээгээр, FDA-ийн амлалтыг биелүүлэхэд ахиц дэвшил гарч, одоо хэрэглэгчдэд худалдаалагдаж буй бүх электрон тамхи болон электрон, никотиныг хэрэглэгчидэд өгдөг системүүдийг нийгмийн эрүүл мэндийн стандартад нийцүүлнэ. АНУ-ын зах зээлийн дийлэнх хувийг эзэлдэг компаниудын бүтээгдэхүүнийг шалгахын тулд ихээхэн хөрөнгө нөөц хуваарилсан байгаа. Электрон тамхи нь залуучууд, өсвөр насныхны дунд тамхи татах явдал нэмэгдэхэд ихээхэн нөлөөлсөн" гэж мэдэгджээ.
Нэгэн вейпингийн компани, тамхины болон ментолын амттай электрон тамхиа АНУ-ын зах зээлд үлдээх зөвшөөрөл хүсээд байна.
Дөрвөн жилийн өмнө Juul компанийг анх, бүтээгдэхүүн нь, маркетингийн стратеги нь насанд хүрээгүй хүүхдүүдийн дунд тамхи татах явдал өсөхөд нөлөөлж байна гэсэн шалтгаанаар FDA шалгаж байсан. Тэр цагаас хойш Juul компани эрх баригчид болон олон нийтийн итгэлийг эргүүлэн олж авахыг хичээсээр ирсэн бөгөөд маркетингийн хүчин чармайлтаа хязгаарлаж, 2019 оноос чихэрлэг, жимсний амттай электрон тамхиа худалдаалахаа больж, сүүлийн хэдэн жилд компанийн борлуулалт нь мэдэгдэхүйц буураад байгаа юм.
FDA бүх чихэрлэг болон жимсний амттай электрон тамхи худалдахыг хориглосон боловч, өрсөлдөгч нар болох Juul Reynolds American болон NJOY Holdings-д тамхины, тобакко амттай бүтээгдэхүүнээ үргэлжлүүлэн борлуулахыг зөвшөөрсөн. Салбарын ажиглагчид,Juul-д мөн адил ийм шийдвэр гарна гэж хүлээж байсан ч хориг тавигдсан бөгөөд Juul компани FDA-ийн шийдвэрийг давж заалдан, шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, бүтээгдэхүүнээ зах зээлд гаргахын тулд шинэ, нэмэлт өөрчлөлт оруулах өргөдөл гаргах гэж байгаа аж.
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаа, хүмүүсийг тамхи болон бусад тамхины төрлийн бүтээгдэхүүнээс хараат байдлыг бууруулахын тулд никотины дээд хэмжээг зохицуулах төлөвлөгөө зарласан. Энэ хуулийн зорилго нь залуучуудын хэрэглээ, тамхины донтолт, тамхинаас үүдэлтэй нас баралтыг бууруулах явдал юм. Жил бүр 480 мянга орчим хүн тамхинаас үүдэлтэй өвчнөөр цаг бусаар нас бардаг. Тамхи нь АНУ-д "урьдчилан сэргийлэх боломжтой өвчин, нас баралтын тэргүүлэх шалтгаан" болж байна гээд, "энэ нь эмнэлгийн шууд үйлчилгээнд жилд 300 тэрбум доллар зарцуулдаг" гэж FDA мэдэгдэв. Тус агентлаг "тамхийг маш хортой болгодог зүйл бол никотин биш, харин тамхинаас гарахад маш хэцүү болгодог бүрэлдэхүүн хэсэг юм" гэж тэмдэглэжээ. Насанд хүрсэн тамхичдын талаас илүү хувь нь жил бүр тамхинаас гарах оролдлого хийдэг ч ихэнх нь бүтэлгүйтдэг, энэхүү шинэ стандарт нь "бүтээгдэхүүнийг хамгийн багаар буюу донтуулдаггүй" болгоход тустай, ийм бүтээгдэхүүн хийх нь хүний амь насыг аврахад тусална гэж FDA мэдэгдэлдээ мөн дурдьжээ.
Тус агентлаг, "2100 он гэхэд 33 сая гаруй хүн тамхины хамааралгүй болно, тамхи татах түвшин ердөө 1.4 хувь болно, тамхинаас болж нас барах эрсдэл найман сая хүнээр буурна” гэж 2018 онд гаргасан хэтийн төлөвлөгөөндөө тусгасан байдаг.
Juul Labs-ийн зохицуулалт хариуцсан захирал Жо Мурильо, "Бид FDA-ийн дүгнэлт, шийдвэрийг хүндэтгэж буй ч, санал нийлэхгүй байгаа гээд бүх асуудлыг шийдвэрлэхийн тулд өндөр чанартай судалгаанд үндэслэсэн хангалттай мэдээлэл, өгөгдөл өгсөн гэдэгтээ итгэлтэй байна. Бид хоёр жил гаруйн өмнө Juul -н бүтээгдэхүүний хордлогын шинж чанар, тэр дундаа шатдаг тамхи болон бусад тамхины бүтээгдэхүүнтэй харьцуулсан дүгнэлтийг гаргаж өгсөн. Бидний бодлоор эдгээр мэдээлэл, нийт нотлох баримтын хамт хуулиар тогтоосон стандартад нийцэж байна. Бид хоригийг хойшлуулах хүсэлтэй байгаа бөгөөд уг шийдвэрийг давж заалдах асуудлыг судалж байна. Бид улс даяар дэлгүүрийн лангуу бүхэн дээр байдаг утаат тамхинаас салахын тулд манай бүтээгдэхүүнийг амжилттай ашигласан Америкийн сая сая насанд хүрсэн тамхичдад үргэлжлүүлэн үйлчлэхийн тулд чадах бүхнээ хийх шийдвэр маань хэвээр байгаа" гэж мэдэгджээ.
Эх сурвалж: forumdaily.com








