АНУ-д ирсний дараа, сэтгэлгээний цочрол, гайхширалд оруулдаг ахуй, соёлын таван онцлог: хувийн туршлага
Thu Sep 07 2023
Их Британийн иргэн Эмма Брук, амьдарч байсан Герман улсаасаа АНУ -д ажиллаж амьдрахаар ирсэн бөгөөд тэрээр, Америкийн соёл, амьдрал ахуй, хүмүүс хоорондын харилцааны тухай, мөн түүнийг хамгийн их цочирдуулсан таван зүйлийнхээ талаар хуваалцсаныг Business Insider нийтэлжээ.
Эмма Брук бүсгүй, “Би багаасаа л аялах дуртай хүүхэд байсан. Бусад хүүхдүүд эмч, хуульч болохыг мөрөөддөг байсан бол, харин би шинэ зүйл бүхэнтэй танилцахыг хүсдэг байсан. Одоо би 35 настай. Уран бүтээлч, найруулагчийн мэргэжил эзэмшиж, дэлхийтэй танилцахын тулд улс орнуудаар аялж байна. Японд болон Европын улсуудад 10 жил ажилласны эцэст, 2022 онд Берлинээс Нью Йорк руу ирж чадсан. Би бусад хүмүүсийн л адил шинэ газар дасах, амьдралаа төвхнүүлэх амаргүй гэдгийг мэдэж байсан ч, энд жинхэнэ туршилт эхэлнэ гэж би огт бодоогүй юм. Би Их Британиас өсвөр насандаа Нью-Йоркт нэг удаа ирж байсан. Тэгээд ч, англи хэлээр ярьдаг улсад ажиллах нь зүгээр л маш хялбар гэж бодож байлаа. Гэтэл, энд Токиод амьдрахаар анх очиж байсан үеийнхтэй адил, их ялгаатай хэцүү байсан нь гайхалтай. Ингээд надад тулгарч байсан ахуй, соёлын ялгаанууд болон тэдгээрийг хэрхэн даван туулсан тухайгаа хуваалцаж байна.” гээд дараах зүйлийг бичжээ.
1. Амьжиргааны өртөг
Парис, Берлинд байхдаа, Европ дахь цалиндаа тийм ч таатай биш байгаа америкчуудтай таарч байсан. Гэвч тэд, кофе 1 еврогийн үнэтэй болохыг мэдсэнийхээ дараа хандлага нь өөрчлөгдөхийг харж байсан минь одоо санагдаж байна. Харин энд минийх эсрэгээрээ, цалин минь энд нэг шөнийн дотор Европ дахь цалингаас бараг хоёр дахин нэмэгдсэнийг хараад, Тавдугаар өргөн чөлөөний дэлгүүрүүдээр хэсэх, Манхэттэнд цэлгэр орон сууц худалдан авахыг төсөөлж эхэлснийг минь яана. Гэвч АНУ-д ирсэн эхний нэг сар намайг, амьдралыг өөр нүдээр харахад хүргэсэн. Асар өндөр байрны түрээс, хоол хүнсний үнэ, эмнэлгийн үйлчилгээний өндөр зардал зэрэг нь надад, цалин маш өндөр байх шалтгааныг ойлгуулсан даа. Би Бруклинд сарын 3000 долларын түрээсийн байрны гэрээ байгуулж байхдаа, сарын 1000 евро буюу 1100 орчим долларын түрээс Берлинд төлдөг байсан минь их юм шиг санагддаг байсныг бодож байлаа. Хэн нэгэн, АНУ руу зорих гэж байгаа бол судалгаагаа сайн хийгээрэй. Татварын дараах орлогоо тооцоолохын тулд цалингийн тооцоолуур ашиглах, хаана амьдрах боломжтойг мэдэхийн тулд орон нутгийн түрээсийн үнийг судлах гэх мэт. Манхэттэны төвийн тансаг орчинд амьдрах мөрөөдөл тань таныг Бруклин руу аваачиж магадгүй. Хэдхэн сарын дараа би өөрөө үүнийг хийсэн билээ.
2. Өөрийгөө сурталчлах
Их Британид ихэнх хүмүүс өөрсдийгөө үгүйсгэх, голох хандлагатай байдаг. Тэнд хүн ололт амжилтаа ярих, илэрхийлэхийг олон нийт дэмждэггүй. Харин АНУ-д хүмүүс амжилтаа болгоомжлохгүй тайвнаар, чөлөөтэй илэрхийлж болдог. Амжилтанд хүрэхийн тулд та өөрийнхөө хамгийн том шүтэн бишрэгч байх ёстой гэсэн хандлагатай. Энэхүү өөртөө итгэх итгэл, өөрийгөө үнэлэх үнэлэмжийг дэмжих хандлага, АНУ-д надад хамгийн их таалагдсан зүйлсийн маань нэг боловч, дасахад хамгийн хэцүү байсан. Миний зөвлөгөө бол, эхлээд энэхүү эвгүйцлээ давж, эерэг зүйл гэдгийг нь ойлгож дадал болгох юм. Өөрийнхөө амжилтын талаар толины өмнө өөртэйгөө ярилц. Ганцаараа байхдаа чангаар хэл. Удалгүй нэгэн цагт хачирхалтай, ер бусын санагдсан зүйл тань оройн хоол захиалахтай адил хялбар болж, таны өөрийгөө үнэлэх үнэлэмжийг нэмэгдүүлэх болно.
3. Харилцаа холбоо
Олон улсын олонхи оффисуудад харилцааны асуудлыг урлагийн хэмжээнд авч үздэг. Нэг улсад албархуу яриа илүүц байдаг бол, нөгөө улсад энэ нь хэлэлцээрийг амжилттай явуулах түлхүүр болдог. Энд ирэхээсээ өмнө би харилцааныхаа хэв маягийг тухайн улсуудын харилцааны соёлын онцлогт тохируулахыг ихээхэн хичээдэг байсан. Гэтэл Нью-Йоркт би харилцааны хувьд сайхан хөнгөн, амар амгаланг мэдэрсэн. Парист үйлчлүүлэгчидтэйгээ албархуу харьц , Японд даргадаа тонголзохоо мартав гэдэгтэй адил заавар, зөвлөгөө энд байхгүй. Шинэ улсад нээлттэй сэтгэлгээ нь амжилттай харилцааны түлхүүр гэдгийг ойлгосон. Гэхдээ ямар ч тохиолдолд, хамт ажиллагсад тань хоорондоо хэрхэн харьцаж байгааг ажигласан нь дээр. Тэд илүү албан ёсоор бие биедээ хандаж байна уу? Гол шийдвэрүүдийг хэрхэн, хаана гаргаж байна вэ? гэх мэтийг анхаараарай.
4. Ажил амьдралын тэнцвэрт байдал
Европын ажлын цаг, ажил амралтын хуваарилалт эндэхтэй харьцуулахад, бахадмаар соёл, гайхалтай үлгэр мэт. 30 хоногийн амралт, өдрийн цайны 2 цаг, 17 цагаас хойш ажилтай холбоотой имэйл ирэхгүй гэх мэт. Харин АНУ-д хүмүүс болзооны үедээ ч, имэйлд хариулдаг, гэр бүлийн төрсөн өдрийн үдэшлэг дээрээ ч утасны дуудлагад хариулдаг, мөн хэзээ ч амралтаа авдаггүйг би анзаарсан. Энэ бол миний өөрчлөхгүй байхыг хамгийн их хичээж буй нэг зүйл. Заримдаа бүхэл бүтэн хот ажиллаж байгаа үед, ажлаа мартаж амрах хэцүү байдаг. Гэхдээ зарим хязгааруудыг (Утсандаа Slack суулгахгүй гэх мэт) тогтоовол боломжтой. Яаралтай төслийн үе л биш бол, би өглөөний 9:00-18:00 цагийн хуваарийг баримтлахыг хичээдэг бөгөөд энэ нь намайг хэмжээ хязгаартай ажиллаж, бүтээлч тархиа хурц байлгах боломжийг олгодог. Би мөн Европын ажиллах нөхцөлийн зарим давуу зүйлсийг энд аль болох өөртөө хэрэгжүүлэх аргыг эрэлхийлдэг. Би хэзээ ч, 15 минутад багтаах байсан ч, ажлын ширээнийхээ ард өдрийн хоол иддэггүй. Ажлын бус цагаа уран зохиолын ном унших, найзтайгаа уулзах гэх мэтээр өөрийгөө хөгжүүлэх, өөрийгөө хөгжөөхөд зориулдаг.
5. Баримтлал
АНУ-д ирээд, хүмүүс хоорондоо ярилцах үед ажил, мэргэжлийн талаархи яриа маш хурдан гарч ирдгийг анзаарсан. Би зохиолч, зохиолчоор арван жил ажилласан, гэсэн ч энд ирэхээсээ өмнө өөрийгөө энэ мэргэжлээрээ нэрлэж, тодорхойлсон маань ховор, бараг ингэж байгаагүй. Тиймээс, энэхүү ярианы өвөрмөц хандлага миний хувьд, өөрийнхөө карьерыг өөрийгөө мэдрэх мэдрэмжтэй илүү нягт холбоход дасаагүй учираас хэцүү байсан ч, өөрийнхөө тухай ярих аргыг туршиж эхэлсэн. Дуртай төсөл эсвэл дуртай зүйлс, хоббигоо бусдад ярих нь, намайг өөрийгөө хэн бэ гэдгээ тодорхойлох боломжийг олгож, хүмүүс намайг танихад тусалж буйг анзаарсан.
“Ийнхүү, энэ улсад ажиллаж, амьдарч буй минь, миний төсөөлж байгаагүй зүйлсээр намайг сорьсоор байна. Гэхдээ, аж амьдрал, ахуй соёлын цочрол болгон, туршлага, шинэ сургамж, бодол санаа, ертөнцийг үзэх үзэлд хүргэнэ гэдэгт би итгэдэг. Энэ бол миний хувийн өсөлт хөгжилтийг хурдасгах хамгийн сайн сургалтуудын нэг. Надад тулгарч байсан, дээрх гайхширал, цочрол төрүүлж байсан ялгаанууд одоо намайг зовоохоо больсон, харин эцэс төгсгөлгүй биширлийн эх үүсвэр болсон.” гэж англи бүсгүй Америк дахь амьдралын талаархи сэтгэгдлээ хуваалцжээ.








