АНУ-д цагаачлалын статусаа солих журам чангарч, ихэнх хүн эх орондоо буцах хүсэлтээ мэдүүлэх шаардлагатай болжээ

U.S. Citizenship and Immigration Services (USCIS), байнгын оршин суух эрх буюу грин картын статус руу шилжихтэй холбоотой шинэ бодлого хэрэгжүүлж эхэлснээ зарлалаа. Шинэ журмаар ихэнх өргөдөл гаргагчид, АНУ-д статусаа өөрчлөхийн оронд өөрийн эх орон руу буцаж, АНУ-ын консулын газраар дамжуулан материалаа өгөх шаардлагатай болох юм.
USCIS-ийн шинэ удирдамжид “статус өөрчлөх” процессыг зөвхөн “онцгой нөхцөлд” олгох боломжтой гэж онцолжээ. Өөрөөр хэлбэл, өмнө нь АНУ-д байхдаа I-485 маягтаар грин карт руу шилждэг байсан олон хүн, цаашид консулын процессоор шийдвэрлүүлэх магадлал өндөр болсон байна.
Гэхдээ H-1B болон L-1 зэрэг “dual intent” буюу түр оршин суухын зэрэгцээ байнгын оршин суух зорилготой виз эзэмшигчдэд энэ өөрчлөлт харьцангуй бага нөлөөлөх аж. Мөн тэдний гэр бүлийн H-4, L-2 визтэй хүмүүс ч үүнд хамрагдана.
Шинэ бодлогын дагуу, USCIS-ын ажилтнууд өргөдөл бүрийг тусгайлан үнэлж, тухайн хүн өмнө нь цагаачлалын дүрэм зөрчсөн эсэх, хугацаагаа хэтрүүлсэн эсэх, хууль зөрчсөн эсэх, худал мэдээлэл өгсөн эсэх зэрэг олон хүчин зүйлийг харгалзан үзэх юм. Ялангуяа визийн хугацаа хэтрүүлсэн болон АНУ-аас хугацаандаа гараагүй тохиолдлыг “ноцтой сөрөг хүчин зүйл” гэж үзэхээр болжээ.
Мөн шинэ журамд “онцгой нөхцөл” гэж яг юуг хэлэхийг тодорхой заагаагүй байна. Иймээс шийдвэрийг USCIS-ийн ажилтнууд өөрсдийн үзэмжээр гаргах боломжтой болсон нь хуульчдын санааг зовоож байна.
Шинэ бодлого нь, урд өмнө нь өгсөн I-485 өргөдөлд ч үйлчилж магадгүй гэж хуульчид анхааруулжээ. Өөрөөр хэлбэл, шийдвэр нь хараахан гараагүй байгаа хүмүүс, илүү хатуу шалгалт, нэмэлт нотлох баримтын хүсэлт болон ярилцлагад өртөх эрсдэлтэй байна.
Advance Parole буюу түр хугацаагаар гадаад руу зорчих зөвшөөрөл болон EAD ажиллах зөвшөөрлийг шууд цуцлахгүй ч, I-485 өргөдөл татгалзвал эдгээр зөвшөөрөл мөн хүчингүй болох эрсдэлтэй байгаа аж.
USCIS энэ өөрчлөлтөөр визийн хугацаа хэтрүүлэн хууль бусаар үлдэх эрсдэлийг бууруулж, байгууллагын нөөцийг хүний наймаа, гэмт хэргийн хохирогчдын виз болон иргэншлийн өргөдөл зэрэг бусад чиглэлд төвлөрүүлэх зорилготой гэж тайлбарласан байна.
Харин цагаачлалын хуульчид, энэхүү бодлого олон жилийн практикийг үндсээр нь өөрчилж байгаа тул холбооны шүүхэд маргаан үүсэх нь гарцаагүй гэж үзэж байна.








