Anu.mn
АНУ-д, бусад улсуудаас илүү олон цагаачид амьдардаг

АНУ-д, бусад улсуудаас илүү олон цагаачид амьдардаг

Tue Apr 25 2023
АНУ-д, бусад улсуудаас илүү олон цагаачид амьдардаг

АНУ-д бусад аль ч улсаас илүү олон цагаачид буюу 45 сая гаруй хүн амьдардаг гэсэн дүн хамгийн сүүлийн үеийн тооллогоор гарсан бөгөөд цагаачидын эзлэх хувь, АНУ-ын хүн амын 13.6 хувь буюу зуун жилийн өмнөхтэй ижил байна.  CNN цагаачлалын гол чиг хандлага цаг хугацааны явцад хэрхэн өөрчлөгдсөнийг нийтэлжээ.

Олон арван жилийн турш энэ жагсаалтыг 1980 оноос хойш тэргүүлсээр ирсэн Мексикчүүд АНУ-д амьдардаг цагаачдын хамгийн том бүлгийг төлөөлдөг бөгөөд Мексик-АНУ-ын хил бол дэлхийн хамгийн том цагаачлалын коридор болсон юм. Гэхдээ, АНУ-д амьдарч буй Мексикийн цагаачдын нийт тоо сүүлийн арав гаруй жилийн турш буурч, 2021 онд АНУ-д 10.7 сая мексик цагаач амьдарч байгаа гэсэн дүн гарсан нь 10 жилийн өмнөхөөс 1 сая орчим хүнээр багассаныг харуулжээ. Харин, Энэтхэг, Хятад зэрэг бусад орноос цагаачдын урсгал нэмэгдэж байгаа аж.

Хүмүүс дэлхийн өнцөг булан бүрээс АНУ руу цагаачлах болсон шалтгаануудын дийлэнхи нь эдийн засгийн боломжуудыг хайж, зарим нь хүчирхийлэл, хавчлага, цаг уурын гамшигаас зугтаж, бусад нь тус улсад амьдарч байгаа гэр бүлийн гишүүдтэйгээ нэгдэх зорилготой байдаг байна.

MPI тооллогын мэдээлэлд хийсэн дүн шинжилгээнээс үзэхэд, АНУ-дах цагаачдын эхний 10 улс нь бүгд Латин Америк, Азийн орнууд байдаг. / АНУ-д хууль ёсоор ирсэн цагаачид болон тус улсад зөвшөөрөлгүй амьдарч буй цагаачидын нийт тоо/

  1. Мексик - 10.7 сая
  2. Энэтхэг - 2.71 сая
  3. Хятад - 2.38 сая
  4. Филиппин - 1.98 сая
  5. Сальвадор - 1.42 сая
  6. Вьетнам - 1.34 сая
  7. Куба - 1.28 сая
  8. Доминиканы Бүгд Найрамдах Улс - 1.26 сая
  9. Гватемал - 1.11 сая
  10. Солонгос - 1.01 сая

Дотоодын аюулгүй байдлын яамны 2021 оны тайланд дурдсанаар, хууль бус цагаачдын гарал үүслийн эхний зургаан оронд Мексик, Эль Сальвадор, Гватемал, Энэтхэг, Гондурас, Хятад багтжээ.

Мөн Pew Research Center-ийн хамгийн сүүлийн үеийн тооцоогоор, АНУ-д 10.5 сая орчим хууль бус цагаачид байгаа бөгөөд энэ нь АНУ-д амьдардаг гадаад гаралтай хүмүүсийн дийлэнх нь (77%) хууль ёсоор амьдардаг гэсэн үг юм. Харин, 1960-аад онд цагаачлалын дүр зураг өөр байжээ. Жагсаалтыг Мексик үргэлж тэргүүлж байгаагүй. Тэр үед, цагаачдын хамгийн том бүлэг нь Италичууд, дараа нь Герман, Канадчууд байжээ.1960 онд Европоос ирсэн цагаачид, гадаадад төрсөн хүн амын дийлэнх хувийг эзэлж байв. Учир нь, 1924 онд Конгрессоос баталсан тус улсын квотын тогтолцоо, олон арван жилийн турш Хойд болон Баруун Европоос ирсэн цагаачдыг дэмжиж, Ази хүмүүсийг оруулдаггүй байв. 1965 онд, Цагаачлалын болон иргэний харьяаллын тухай хууль нь, өндөр ур чадвартай цагаачид болон  гэр бүлтэйгээ нэгдэх хүмүүсийг нэн тэргүүнд тавьдаг шинэ тогтолцоог бий болгосноор, зөвхөн Европоос биш өөр, бусад улсуудын олон сая цагаачдыг АНУ-д ирэх замыг зассан. "Энэ нь тус улсын хүн ам зүйг үндсээр нь өөрчилсөн"”гэж Амхерст коллежийн Америк судлалын профессор Паван Дингра, 2020 онд бичиж байв.

Хэдэн арван жилийн турш АНУ-д цагаачдын тоо буурч байна. Гэвч шинэ хууль гарснаар, гэр бүлүүдийг нэгтгэхтэй холбоотой цагаачлалын огцом өсөлт ажиглагдаж байгаа юм. Цагаачлалын бодлогын хүрээлэнгийн мэдээлснээр, 1965 онд АНУ-д амьдарч байсан 9.6 сая цагаачид, тус улсын хүн амын дөнгөж 5%-ийг эзэлж байжээ. Харин одоо 45 сая гаруй цагаачид тус улсын хүн амын бараг 14 хувийг эзэлж байна.

АНУ-ын хүн амын дунд цагаачдын эзлэх хувь хэрхэн өөрчлөгдсөнийг харуулвал:

  • 1850 - 9.7%
  • 1860 - 13.2%
  • 1870 - 14.4%
  • 1880 - 13.3%
  • 1890 - 14.8%
  • 1900 - 13.6%
  • 1910 - 14.7%
  • 1920 - 13.2%
  • 1930 - 11.6%
  • 1940 - 8.8%
  • 1950 - 6.9%
  • 1960 - 5.4%
  • 1970 - 4.7%
  • 1980 - 6.2%
  • 1990 - 7.9%
  • 2000 - 11.1%
  • 2010 - 12.9%
  • 2011 - 12%
  • 2012 - 13%
  • 2013 - 13.1%
  • 2014 - 13.3%
  • 2015 - 13.5%
  • 2016 - 13.5%
  • 2017 - 13.7%
  • 2018 он - 13.7%
  • 2019 - 13.7%
  • 2021 - 13.6%

Мөн цагаачид ихэвчлэн Нью-Йорк, Чикаго, Бостон зэрэг томоохон хотуудад суурьшдаг байв. Харин сүүлийн арав гаруй жилд АНУ-д цагаачдын суурьшлын бүсүүд тэлсээр байгаа нь, Калифорниа, Техас, Флорида, Нью-Йорк, Нью Жерси мужуудад хамгийн олон цагаачид амьдардаг болсноос харагддаг. Эдгээр мужуудад хүн амынх нь, 20 гаруй хувь нь цагаачид байдаг. Хавайд тус мужийн хүн амын бараг 19% -ийг цагаачид эзэлдэг.

Харин хамгийн бага цагаачидтай мужуудад (хүн амын 5% -иас бага), Мэн, Вермонт, Охайо, Кентакки, Баруун Виржиниа, Миссури, Арканзас, Луизиана, Миссисипи, Алабама, Хойд Дакота, Монтана, Вайоминг, Өмнөд Дакота мужууд ордог.

Саяхны нэгэн судалгаагаар, цагаачид уламжлалт хотуудаас нүүж, улсынхаа бусад хэсэгт шилжин суурьшдаг болсныг тогтоожээ. Олон жилийн турш ихэнх цагаачид улсын зүүн хойд болон баруун дундад хэсэгт амьдарч ирсэн. Харин одоо Pew Research Center-ийн хамгийн сүүлийн үеийн дүн шинжилгээгээр, цагаачдын гуравны хоёр орчим нь баруун болон өмнөд хэсэгт суурьшсан байна. Цагаачдын хамгийн их өсөлт буюу 103%-ийн өсөлт Хойд Дакотад ажиглагджээ. Харин Вермонт, Нью Мексико мужуудаас цагаачдын 1.3%, 6.1% нүүж явсан байна. Цагаачид, ажил эрхлэлтийн боломж, хямд орон сууц, гэр бүлийн холбоо, цагаачдад ээлтэй бодлого зэргийг анхаарч үзэж хаана суурьшихаа шийддэг, хэрэв өнөөгийн чиг хандлага энэ хэвээр үргэлжилвэл, ойрын жилүүдэд АНУ-ын хүн амын түүхэн өндөр хувийг цагаачид эзэлж магадгүй гэсэн мэргэжилтнүүдийн дүгнэлт гарчээ.

Сүүлд нэмэгдсэн