АНУ-д, алдартай брэндүүдийн хорт хавдрыг өдөөх бодисын найрлагатай шампуниудыг эргүүлэн татаж байна
Thu Oct 27 2022
“Unilever” компани “Dove”, “Nexxus”, “Suave”, “TIGI”, “TRESemmé” зэрэг хуурай аэрозол шампунийг хорт хавдар үүсгэдэг химийн бодис болох бензолын орцтойн улмаас эргүүлэн татсан гэж CNN мэдээллээ.
2021 оны 10-р сараас өмнө үйлдвэрлэгдсэн эдгээр бүтээгдэхүүнүүд улс даяар жижиглэн худалдааны дэлгүүрүүдээр зарагдсан гэж Хүнс, эмийн удирдлагын газраас (FDA) мэдэгдэв.
Эдгээрт Dove Volume болон Fullness Dry Shampoo, Dove Fresh Coconut Dry Shampoo, Nexxus Refreshing Mist Dry Shampoo, Suave Professionals Refresh and Revive Dry шампунь зэрэг бүтээгдэхүүнүүд багтсан байна.
Бензол бол хүний биед хорт хавдар үүсгэгч бодис юм. Эргэн сануулахад, бензол нь амьсгал, залгиур, арьсаар дамжих замаар хорт хавдар, тэр дундаа лейкеми, цусны хорт хавдар үүсэхэд хүргэдэг.
Хэрэглэгчид хуурай аэрозол шампунь хэрэглэхээ больж, зохих бүтээгдэхүүнийхээ нөхөн төлбөрийг хэрхэн авах тухай зааварчилгааг компанийн вэб сайтаас авах хэрэгтэй гэж FDA мэдэгдэв.
Өнгөрсөн жил Procter & Gamble 30 гаруй аэрозол үсний бүтээгдэхүүн, түүний дотор олон хуурай шампунь, хуурай ангижруулагчийг эргүүлэн татаж, эдгээр бүтээгдэхүүнүүд нь бензол агуулсан байж болзошгүйг анхааруулсан. P&G өнгөрсөн жил мөн ижил төстэй мэдэгдэл гаргаж, "Old Spice" болон "Secret" зэрэг арав гаруй аэрозол дезодорант, шүршигчийг эргүүлэн татсан бөгөөд тэдгээр бүтээгдэхүүнд мөн адил бензол агуулагдаж болзошгүй байгааг анхааруулав.








