АНУ-д 7 жил амьдарсан цагаачид ногоон карт авах боломжтой шинэ хуулийн төсөл
Wed Oct 19 2022
Ардчилсан намын дөрвөн шилдэг сенаторуудаас бүрдсэн бүлэг, “мөрөөдөгч” буюу бага насандаа ирээд иргэншил нь шийдэгдээгүй хүмүүс, мөн H-1B болон урт хугацааны визтэй хүмүүс зэрэг 8 сая хүнд ногоон карт авах нэн шаардлагатай замыг гаргаж өгөх хуулийн төслийг өргөн барив. Хуулийн төсөлд зааснаар, тухайн цагаачлагч АНУ-д долоогоос доошгүй жил тасралтгүй амьдарсан тохиолдолд хууль ёсны байнгын оршин суугчийн статус авах хүсэлт гаргах боломжтой гэж NDTV мэдээлэв.
Цагаачлалын тухай хуулийн шинэчилсэн заалтуудыг сенатч Алекс Падилла, сенатор Элизабет Уоррен, Бен Рэй Лухан, Сенатын олонхийн гишүүн Дик Дурбин нарын дэмжлэгтэйгээр Сенатад танилцуулжээ.
“Манай хуучирсан цагаачлалын систем тоо томшгүй олон хүнийг хохироож, Америкийн эдийн засгийг сааруулж байна. Миний хуулийн төсөлд сүүлийн 35 жилийн хугацаанд анх удаагаа бүртгүүлэх хугацааг шинэчилж өгснөөр олон цагаачдад хууль ёсны байнгын оршин суух хүсэлт гаргах боломжийг олгоно. Энэ нь хэдэн арван жилийн турш АНУ-д ажиллаж, амьдарч, хувь нэмрээ оруулсаар ирсэн сая сая цагаачдад гүн нөлөө үзүүлж, тодорхойгүй ирээдүйгээс айхгүйгээр, чөлөөтэй амьдрах боломжийг олгох юм" гэж Падилла хэлсэн байна.
Албан ёсоор байнгын оршин суугч карт гэж нэрлэгддэг ногоон карт нь, АНУ-д цагаачлагчидад олгодог баримт бичиг бөгөөд эзэмшигч нь байнгын оршин суух эрх олгосныг нотлох баримт юм.
Энэхүү хуулийн төсөл нь “мөрөөдөгч” буюу хүүхэд насандаа АНУ-д ирсэн хууль бус цагаачдыг албадан гаргахаас хамгаалдаг DACA хөтөлбөрийн үр шимийг хүртэгчид, дүрвэгсэд (TPS эзэмшигчид), албадан гаргах аюулд өртсөн урт хугацааны виз эзэмшигчдийн хүүхдүүд, зайлшгүй шаардлагатай ажилчид, өндөр мэргэшлийн хэрэгцээт хүмүүс гэх мэт 8 сая хүнд ногоон карт авах нэн шаардлагатай боломжийг өгч чадна. .
Цагаачлалыг дэмжигч лобби бүлэг FWD.us, уг хуулийн төсөлд хамрагдсан бичиг баримтгүй хүмүүс тус улсын иргэн болсон тохиолдолд, АНУ-ын эдийн засагт ойролцоогоор 83 тэрбум долларын орлого оруулж, жилд 27 тэрбум долларын татвар төлөх болно гэж тооцсон байна.
Төлөөлөгчдийн танхимын гишүүдэд, конгрессын гишүүн Зое Лофгрен дагалдах хуулийн төслийг өргөн барив.
Төлөөлөгчдийн танхимын Цагаачлалын асуудал эрхэлсэн дэд хорооны дарга Лофгрен "Арван хэдэн жилийн турш манай нийгэм, эдийн засагт томоохон хувь нэмэр оруулж буй цагаачид хууль эрх зүйн хувьд тодорхойгүй байдалд орсон. Олон жилийн турш манай нийгмийн нэг хэсэг байсан цагаачдад хууль ёсны байнгын оршин суугчийн статус олгох нь манай цагаачлалын тогтолцоог илүү шударга болгож, манай улсыг хүчирхэг болгоно" гэж ярьсан байна.
Цагаачлалын болон иргэний харьяаллын тухай хуулийн 249-р хэсэг буюу “Бүртгэл” заалт нь, Дотоодын аюулгүй байдлын нарийн бичгийн даргад, тодорхой хугацааны турш тус улсад оршин суугаа, шаардлага хангасан тодорхой хүмүүсийг хууль ёсны байнгын оршин суугчийн статусаар бүртгэх эрхийг өгдөг гэж хууль тогтоогчид хэлсэн бөгөөд 249-р хэсэг нь анх 1929 онд хуульчлагдсан, түүнээс хойш Конгресс дөрвөн удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан, хамгийн сүүлд 1986 онд өөрчилсөн ажээ. Харин 1986 оноос хойш ямар ч өөрчлөлт ороогүй байна.
Энэхүү алхмыг тус улсад амьдардаг ногоон карт хүсэгчид талархан хүлээн авч байна.
“Бидний хувьд цорын ганц хүмүүнлэг бөгөөд боломжтой шийдэл бол “Бүртгэл” хуулийн төсөл(Registry Bill)-д санал болгож буй иргэншилд хүрэх зам юм. Бид Конгрессоос зөв алхам хийж, Бүртгэлийн тухай хуулийн төслийг батлахыг шаардаж байна” гэж Балбаас ирсэн TPS эзэмшигч, Статус ба Хамгаалалтын Нэгдсэн (CUSP) Адхикаар Нийгэмлэгийн зохион байгуулагч Анил Шахи ярьсан байна.
“Сүүлийн 35 гаруй жилийн хугацаанд шинэчлэгдээгүй байгаа цагаачлалын хууль болох бүртгэлийг шинэчлэхийг Конгресст уриалсан Сенатор Падилла, Лужан, Уоррен, Дурбин нарын зоригтой санаачлагыг бид сайшааж байна. “Бүртгэл” заалтын шинэчлэл нь цагаачдад хууль ёсны байнгын оршин суугчийн статустай болох боломжийг олгоно” гэж CHIRLA-ийн гүйцэтгэх захирал Анжелика Салас ярилцлагадаа дурджээ.
Эх сурвалж: ndtv.com








