Америкийн нэгдсэн улсад суугаа Монголчуудын мэдээллийн портал.

6/11/2026
Anu.mn
АНУ-д 60 жилийн дараа анх удаа, хүн, амьтанд маш аюултай шимэгч, “амьд эд иддэг өт” илэрлэ ...

АНУ-д 60 жилийн дараа анх удаа, хүн, амьтанд маш аюултай шимэгч, “амьд эд иддэг өт” илэрлээ

https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Thu Jun 11 2026
АНУ-д 60 жилийн дараа анх удаа, хүн, амьтанд маш аюултай шимэгч, “амьд эд иддэг өт” илэрлээ

АНУ-ын Хөдөө аж ахуйн яам 6-р сарын 3-нд, Техас мужийн Ла-Прайор хотод гурван долоо хоногтой тугалнаас New World Screwworm буюу “мушгиа өт” хэмээх аюултай шимэгч илэрснийг баталжээ.

Энэ нь 1960-аад онд АНУ, бүрэн устгаснаас хойш үхэр сүрэгт бүртгэгдсэн анхны тохиолдол болж байна

Image

Энэ шимэгч яагаад аюултай вэ? Шимэгчийн нас бие гүйцсэн ялаа нь, ил шарх,хамар, нүд,

чих, ам зэрэг биеийн нээлттэй хэсэгт өндөглөдөг. Өндөгнөөс гарсан авгалдай нь үхсэн эд биш, харин амьд эдийг идэж эхэлдэг бөгөөд шархны гүнд нэвтэрч, мах, эд эсийг сүйтгэдэг.

Эмчилгээ хийхгүй бол амьтан үхэх хүртэл ноцтой хүндрэл үүсгэдэг байна.

Centers for Disease Control and Prevention-ийн мэдээлснээр, энэхүү шимэгч нь зөвхөн мал төдийгүй хүнд халдварлаж болно.

Халдварын шинж тэмдэг:

  • Шарханд авгалдай харагдах,
  • Шарх хүчтэй өвдөх,
  • Эвгүй өмхий үнэр гарах,
  • Цус гарах,
  • Халуурах,
  • Даарах,
  • Хоёрдогч бактерийн халдвар авах.

Хамгийн өндөр эрсдэлтэй хүмүүст дараах хүмүүс орно.

Төв болон Өмнөд Америкт аялсан хүмүүс,

  • Мексикт удаан хугацаагаар байсан хүмүүс,
  • Ил шархтай хүмүүс,
  • Мал аж ахуй эрхэлдэг хүмүүс,
  • Арьсны архаг шарх, хавдартай хүмүүс,
  • Гадаа олон цагаар ажилладаг хүмүүс.

Жижиг зүсэлт, шавжинд хазуулсан шарх ч өндөглөгдөх газар болж чаддаг байна.

Шимэгч хэрхэн тархдаг вэ?

Нэг эм ялаа, нэг удаад 200–300 өндөг, амьдралынхаа туршид нийт 3,000 хүртэл өндөг гаргаж чаддаг. Авгалдай нь ойролцоогоор 7 хоног амьд эдээр хооллосны дараа, биеэс унаж хөрсөнд орон хүүхэлдэй болж, дараа нь нас бие гүйцсэн ялаа болон хувирдаг байна.

АНУ-ын авч буй арга хэмжээнүүд:

АНУ-ын Хөдөө аж ахуйн яам халдвар илэрсэн газрыг тойруулан 20 км радиуст хорио цээрийн бүс тогтоожээ.

Үүнд:

  • Бүх халуун цуст амьтдын хөдөлгөөнийг хязгаарлах,
  • Мал эмнэлгийн нэмэлт хяналт хийх,
  • Мэргэжилтнүүдийг газар дээр нь ажиллуулах арга хэмжээг авч байна.
  • Мөн шимэгчийн тархалтыг зогсоохын тулд сая сая ариутгасан эр ялаа агаараас цацаж эхэлжээ.
  • Эдгээр ариутгасан эр ялаа нь зэрлэг эм ялаатай үржилд орсон ч үр төл төрөхгүй тул популяци нь аажмаар буурдаг.
  • Одоогоор ийм ялаа үйлдвэрлэдэг цорын ганц үйлдвэр Panama улсад байрладаг бөгөөд долоо хоногт 100 сая ариутгасан ялаа үйлдвэрлэдэг байна.

Шимэгч хэрхэн АНУ-д эргэн орж ирэв?

Энэ шимэгчийг 2000-аад оны эхээр Хойд болон Төв Америкаас бүрэн устгасан гэж үзэж байсан. Гэвч 2023 оноос хойш дахин хойд зүг рүү тархаж эхэлсэн бөгөөд Төв Америкаар дамжин, Гватемал руу, дараа нь Мексикт хүрчээ. Мексикт одоогоор 20,000 гаруй тохиолдол бүртгэгдсэн тул, АНУ нэг жил гаруйн хугацаанд Мексикийн үхэр импортлохыг хориглоод байна.

Урьдчилан сэргийлэх зөвлөмж.

Хэрэв халдвар тархсан бүсэд зорчиж байгаа бол:

  • Ил шархыг сайтар боох,
  • Шархыг цэвэр байлгах,
  • Шумуулын тор ашиглах,
  • Шавж үргээгч хэрэглэх,
  • Биеийг бүрэн халхалсан хувцас өмсөх хэрэгтэй.
  • Хэрэв шарханд өт эсвэл авгалдай байгааг анзаарвал, өөрөө авах гэж оролдохгүй байх. Яаралтай эмчид үзүүлж, сүүлийн үед Мексик, Карибын тэнгисийн орнууд, Төв эсвэл Өмнөд Америкт аялсан эсэхээ мэдээлэх шаардлагатай.

Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар энэхүү шимэгч дахин тархвал, АНУ-ын мал аж ахуйн салбарт олон тэрбум долларын хохирол учруулах эрсдэлтэй бөгөөд одоогийн байдлаар ариутгасан ялаа ашиглах арга нь тархалтыг зогсоох хамгийн үр дүнтэй арга хэвээр байгаа юм.

Сүүлд нэмэгдсэн