Холбооны албан тушаалтнууд ICE-д цагаачдыг хянах шинэ программ хангамж боловсруулж байна. Мөн үүнийг АНУ-ын бүх оршин суугчдыг ч бүрэн хянахад тохируулах боломжтой гэж USA Today мэдээлэв.
Холбооны албаны хүмүүс АНУ-д хууль бусаар үйл ажиллагаа явуулж буй сая сая хүмүүсийг хянах, илрүүлэх зорилгоор ImmigrationOS нэртэй мэдээллийн сангийн шинэ системийг боловсруулж байна.
30 сая ам.долларын өртөгтэй гэрээг, Бүгд найрамдах намын томоохон хандивлагч Питер Тиелийн санаачилсан Palantir Technologies компанид тендер зарлахгүйгээр олгосон бөгөөд тус компани нь, Цагаачлалын алба, Гаалийн алба (ICE)-ийн ажилтнуудад, албадан гаргах хүмүүсийг, тэр дундаа гэмт хэргийн сэжигтнүүд болон жуулчны визний хугацаа хэтрүүлсэн хүмүүсийг тодорхойлох өндөр технологийн системийг бий болгоно. Гэрээнд заасны дагуу намар системийн эх загварыг танилцуулах юм байна.
Palantir Technologies компанийг үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга Тиел нь, өмнө нь PayPal-ийг үүсгэн байгуулж байсан хүн бөгөөд дэд ерөнхийлөгч Ж.Д.Вэнс, DOGE-ийн захирал Элон Маск нартай ойр, холбоотой байдаг.
ImmigrationOS төсөл нь, DOGE (Засгийн газрын үр ашгийн хэлтэс) Трампын засаг захиргааны дор, холбооны аппаратад хэрэгжүүлж буй хандлагыг тусгадаг. Маскийн орлогч нар, төрийн удирдлагын үр ашгийг дээшлүүлэх технологид суурилсан шийдлүүдийг эрэлхийлж байна. Харин Palantir нь, Дотоодын аюулгүй байдлын яамны мөрдөн байцаалтад ашигладаг ICE системийг аль хэдийн ажиллуулж байгаа бөгөөд ImmigrationOS нь олон нийтийн болон хувийн мэдээллийн сангаас өгөгдлийг нэгтгэдэг байна.
"АНУ болон хилийн чанад дахь үндэстэн дамнасан байгууллагуудын явуулж буй хүчирхийлэл, терроризмын кампанит ажилууд нь туйлын хэрцгий хүчирхийлэл бөгөөд Америкийн ард түмэнд ч заналхийлж байна" гэж ICE-ийн албаны хүмүүс, Palantir -тай тендер зарлахгүй хийсэн гэрээг зөвтгөн, "Тэд АНУ-ын үндэсний аюулгүй байдал, гадаад бодлого, эдийн засагт онцгой аюул занал учруулж байна." гэж мэдэгдэв.
Palantir-ийн ICE-тэй байгуулсан гэрээ аль хэдийн 88 сая доллараас давсан бөгөөд шинэ ImmigrationOS төсөл нь дахин 30 сая долларын өртөгтэй болно. DOGE дахь Маскийн хэд хэдэн орлогч, өмнө нь Palantir -т ажиллаж байсан хүмүүс байгаа аж.
Энэхүү систем нь, АНУ-ыг сайн дураараа орхисон хүмүүсийг хянаж, үлдсэн хүмүүст анхаарлаа төвлөрүүлэхэд нь туслах болно. Мөн энэ системийг америкчуудыг ч, тагнаж мөрдөх зорилгоор ашиглаж магадгүй юм.
ImmigrationOS гэх мэт системүүд нь, хүн бүрт ноцтой аюул учруулж байна гэж, хүний эрхийн байгууллагууд анхааруулж байна. Үүнийг зөвхөн хууль бус цагаачдын эсрэг ашиглахыг баталгаажуулах тодорхой хязгаарлалт байхгүй. Ийм системийг бүх америкчуудыг тагнаж чагнахад хялбархан зохицуулж болно гэж үзжээ.
Харин Трамп, аюул заналхийлж байна гэж үзсэн хүмүүсийн АНУ-ын иргэншлийг хасах бодолтой байгаагаа өмнө хэлсэн юм.
Дижитал эрхийн ашгийн бус байгууллага болох Electronic Frontier Foundation-ийн ахлах технологич Купер Квинтин, “Palantir -ын үйл ажиллагаа нь засгийн газрын мэдээллийн санг Facebook-ийн мэдээлэлтэй нэгтгэх, тэр ч байтугай урамшууллын картын мэдээллийг хадгалах чадвартай учраас удаан хугацааны туршид санаа зовоосон асуудал үүсгэсээр ирсэн” гэж мэдэгджээ.
Холбооны засгийн газар америкчуудын талаар асар их хэмжээний мэдээлэл цуглуулж, хадгалдаг ч, хувийн мэдээллийг хамгаалах үүднээс, мэдээллийн сангууд түүхэн хугацаандаа нэгтгэгдээгүй ирсэн бөгөөд дөрөвдүгээр сард USA Today сонин, Дотоод орлогын алба (IRS) ICE-д татварын мэдээлэл, тэр дундаа Нийгмийн даатгалын дугааргүй татварын мэдүүлэг өгсөн хүмүүсийн мэдээлэлд хандах эрх олгохоор тохиролцсон гэж мэдээлсэн юм.
ICE агентууд, ImmigrationOS-ийг ашиглан, сонирхсон хүмүүсээ хаана ажиллаж, амьдарч байгаа, хэзээ гэртээ байх, хэнтэй хамт амьдардаг, ямар тээврийн хэрэгсэлтэй, ямар дэлгүүр, ресторанаар үйлчлүүлдэг зэргийг тодорхойлох боломжтой болох юм.
“Хууль бус цагаачдыг мөшгих системийг, ерөнхийлөгчийн улс төрийн өрсөлдөгчдийг онилоход хялбархан тохируулж болно. Тэд их хэмжээний өгөгдөлд дүн шинжилгээ хийх, тэдгээрийг харьцуулах, шаардлагатай мэдээллийг гаргаж авах үнэхээр хүчирхэг механизмыг бий болгож байна. Энэ нь хүний тухай бүх зүйлийг цуглуулж, буруутгах шалтгааныг хайж олох боломжийг олгоно" гэж Квинтин дүгнэснээ илэрхийлжээ.