
12-р сарын 4-нд, Трампын засаг захиргаа дүрвэгсэд, орогнол хүсэгчид болон АНУ-д хууль ёсны хамгаалалттай бусад цагаачдын ажлын зөвшөөрлийн хүчинтэй хугацааг богиносгохоо зарлав. Энэ нь цагаачлалын журмыг чангатгах бас нэгэн алхам гэж CBS News мэдээлэв.
Энэхүү өөрчлөлт нь, орогнол хүсэх эсвэл байнгын оршин суух хүсэлт гаргасан, ногоон карттай цагаачдад мөн нөлөөлнө. Ийм өргөдлүүдийг боловсруулахад ихэвчлэн олон жил шаардагддаг бөгөөд энэ нь голчлон хүсэлтийн тоо их байгаагаас шалтгаалдаг байна.
Шинэ дүрмийн дагуу АНУ-ын Иргэншил, Цагаачлалын Алба (USCIS,) эдгээр ангилалын цагаачдад одоогийн хэрэгжиж байгаа таван жилийн хугацааг ихдээ 18 сарын хугацаатай байхаар олгоно.
USCIS-ээс, өнгөрсөн долоо хоногт Вашингтон хотод Үндэсний гвардын хоёр цэрэгт халдсан явдлыг дурдаад, энэхүү өөрчлөлт нь ажлын зөвшөөрлийн сунгалт хийлгэх өргөдөл гаргасан цагаачдыг илүү ойр ойрхон шалгах боломжийг олгоно гэж мэдэгдэв.
Мөн USCIS-ийн захирал Жозеф Эдлоу, "Ажлын зөвшөөрлийн хугацааг богиносгох нь, АНУ-д ажиллаж, амьдрахыг хүссэн хүмүүс, олон нийтэд аюул учруулахгүй, Америкийн эсрэг хортой үзэл бодлыг түгээхгүй байх баталгаа болно" гэж мэдэгдэлдээ дурджээ.
Энэхүү шинэ бодлого нь 12-р сарын 5-ны Баасан гарагаас хойш ирүүлсэн ажлын зөвшөөрлийн өргөдөлд, мөн тухайн өдрөөс хойш хүлээгдэж буй өргөдөлд хамаарна.
Өнгөрсөн долоо хоногт Вашингтон хотод болсон халдлагын улмаас Үндэсний гвардын нэг албан хаагч нас барж, хамтрагчийнх нь биеийн байдал хүнд байдалд байгаа бөгөөд үүнтэй холбоотой Трампын засаг захиргаа, цагаачлалын хязгаарлалтыг эрс өргөжүүлж, тодорхой ангиллын цагаачид АНУ-д хууль ёсоор нэвтрэх болон тус улсад үлдэх арга замыг чангатгасан. Мөн USCIS-д хүлээгдэж буй бүх орогнол хүсэх өргөдлийг царцааж, Афганистаны иргэдийн ирүүлсэн виз, цагаачлалын өргөдлийг түдгэлзүүлж, Трампын "үл оруулах хориг"-т багтсан 19 орны иргэдийн иргэншил авах ёслол зэрэг хууль ёсны цагаачлалын бүх үйл явцыг зогсоосон байна.
Түүнчилэн, Цагаан ордны засаг захиргаа Вашингтон хотод болсон халдлагын хариуд, энэхүү хоригоо 30 оронд өргөжүүлэх талаар авч үзэхээр төлөвлөж байна.
Залуужуулах эликсир ба урт наслалтын ген: Орчин үеийн шинжлэх ухаан, хөгшрөлттэй хэрхэн тэмцэж байна вэ?
Трампын засаг захиргаа, АНУ даяар цэцэрлэг, хүүхэд асрах төвүүдийн санхүүжилтийг түр хугацаагаар царцаах шийдвэр гаргалаа
Хоригт орсон хоёр улс, хариу арга хэмжээ авахын тулд АНУ-ын иргэдийг улсдаа нэвтрэхийг хориглов