Америкийн нэгдсэн улсад суугаа Монголчуудын мэдээллийн портал.

4/10/2026
Anu.mn
Америкт, машинаа зогсоох болон байрлуулах талаар

Америкт, машинаа зогсоох болон байрлуулах талаар

https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Thu Jun 30 2022
Америкт, машинаа зогсоох болон байрлуулах талаар

Аялал жуулчлалын хамгийн сонирхолтой газрууд болон гудамж талбайн орчиндмашинаа зогсоож зөв газарт байрлуулах ньялангуяа туршлагагүй, Америкт анх ирсэн хүмүүст хэцүү байдаг. Тиймээс аялалын төсвөө торгуульд зарцуулчихгүйн тулд, дараах багахан зүйлийг мэдэж авснаар зогсоолын дэд бүтцийг ашиглан машинаа зөв байрлуулж асуудалд орохгүй байх боломжтой юм.
Калифорниатрип портал хөтөлбөр хэрэгжүүлдэг Лос Анжелес хот болон бараг бүх Америк даяар, явган хүний ​​зам дагуу гудамжны зогсоол, зориулалтын зогсоол гэсэн 2 төрлийн зогсоол байна.

Гудамжны зогсоол
Замын хашлаганы өнгөнөөс хамаарч гудамжинд машинаа тавьж болдог. Мөн ямар ч өнгөөр ​​будаагүй замын хашлаганы хажууд машинаа тавьж болно.

Улаан өнгийн хашлага нь зогсох, байрлуулахыг хориглоно.
Цэнхэр - машин дээрээ тохирох тэмдэг бүхий хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зогсохыг зөвшөөрнө.
Цагаан - зорчигчдыг суулгах , буулгах богино хугацааны зогсолтыг зөвшөөрдөг.
Шар – худалдааны чиглэлийн ачилт түгээлтийн тээврийн хэрэгсэлд ачих, буулгах зоиулалтаар зогсохыг зөвшөөрдөг.
Ногоон - Зогсохыг зөвшөөрдөг боловч ойролцоох тэмдэг дээр бичигдсэн маш богино хугацаанд зогсохыг зөвшөөрнө, ихэвчлэн 15-30 минут байдаг.
Мөн замын хашлага будаггүй байсан ч галын гидрантаас буюу улаан усны цоргоос хоёр тийш 5 метрийн дотор зогсохыг хориглоно.
Будаггүй замын хашлаганы хажууд машинаа тавьж болох ч, харин хэзээ, хэдий хугацаанд тавьж болохыг ойр хавьд нь байгаа нэмэлт тэмдэгийг заавал харж байж орхих хэрэгтэй.

Зогсоолын тэмдэг
Хэрвээ таны явж буй замын хажууд хамгийн ойрын уулзвар хүртэл хоёр чиглэлд тэмдэг, тэмдэглэгээ харагдахгүй байвал та 72 цагийн турш машинаа аюулгүй орхиж болно. Ийм гудамжийг хэн ч шалгадаггүй учираас, мөн хэн нэгний нүдэнд сэжигтэй харагдаж мэдээлчихгүй бол дээрх хугацаанаас удаан тавьж болно.

Хэрэв тэмдгүүд байгаа бол тэдэн дээр, машинаа хэзээ зогсоож болох, хэр удаан, хэзээ болохгүй гэсэн бүх заавар нь байдаг. Нутгийн иргэд хүртэл төөрөлддөг тул тэдгээрийг анхааралтай унших хэрэгтэй. Үүнийг, торгуулийн зардлаар хотын сан хөмрөгийг дүүргэхийн тулд зориуд хийсэн гэж болно. Эдгээр тэмдгүүдийг уншиж тайлж, ойлгох нь логикийн шалгалттай адил байдаг. Зогсоолын тэмдгийг дээрээс доош унших ёстой. Зогсоолын тэмдгүүдийн жишээ:

2 HOUR PARKING
10AM – 6PM
Except Sat & Sun
Энэ тэмдэг нь өглөөний 10:00-18:00 хооронд 2 цаг зогсох боломжтой, харин заагдсан цагаас бусад үед цагийн хязгаарлалт байхгүй, Бямба, Ням гарагт хүчингүй тул амралтын өдрүүдэд хязгаарлалтгүйгээр зогсоол хийх боломжийг заана.

2 HOUR PARKING
10AM – 6PM
Except Sat & Sun
NO PARKING
8 – 10AM Mon
Street cleaning “ Гудамжны цэвэрлэгээ
Энэ тэмдэг нь ажлын өдрүүдэд 10:00-18:00 хооронд, амралтын өдрүүдээр (Бямба, Ням гарагаас бусад) аль ч цагт 2 цаг зогсохыг зөвшөөрнө, харин даваа гаригт 8:00-10:00 хүртэл гудамжыг хогны машин цэвэрлэх тул зогсохыг хориглоно гэсэн үг.
Ихэнхдээ тэмдгүүд дээр сумнууд байдаг бөгөөд тэдгээр нь сумны чиглэлд тэмдэг байралсан газраас хүчинтэй гэдгийг заана. Сумны эсрэг чиглэлд хүчингүй. Хэрэв сум байхгүй бол тэмдэг нь хамгийн ойрын уулзвар хүртэл хоёр чиглэлд хүчинтэй байна. Тэмдгүүд нь зөвхөн байрласан гудамжныхаа талд л хүчинтэй.
Байнгын тэмдгээс гадна долоо хоногийн тодорхой өдөр, цагийн интервалаар зогсохыг хориглосон түр тэмдэг байдаг. Тэдгээрийг ихэвчлэн янз бүрийн арга хэмжээнд зориулж байрлуулдаг. Түр зуурын тэмдгүүд нь байнгын тэмдгүүдийн дор нь өлгөгдсөн байдаг. Хэрэв байнгын болон түр тэмдэгтийн хооронд зөрчил байгаа бол түр тэмдэгтийн хязгаарлалт үйлчилнэ.
Хэрэв тэмдэг дээр TOW-AWAY гэж бичсэн бол зөрчлийн төлөө торгууль ногдуулахаас гадна (доод тал нь 63 доллар), машиныг ачих боломжтойг заана (хамгийн багадаа 300 доллар, ихэвчлэн 500-600 доллар).

Ихэнх тохиолдолд машинаа гудамжны дагуу байрлуулахыг зөвшөөрдөг. Гэхдээ зарим газарт гудамжны зогсоолыг перпендикуляр эсвэл замын хашлагатай өнцөг үүсгэж зогсохыг тэмдэгээр заасан байх нь бий. Эдгээр газруудад тэмдгүүд дээр HEAD IN ONLY гэж бичсэн байвал машины урд хэсгээ явган хүний ​​зам руу чиглэсэн байхаар зогсох хэрэгтэй. Араараа байрлуулвал торгууль ногдуулна.
NO PARKING гэсэн тэмдэг байвал ачих/буулгах зорилгоор зогсохыг зөвшөөрөх бөгөөд машинд хүн байгаа тохиолдолд 5-10 минут зогсох боломжтой. NO STOPING гэж бичсэн байвал өөрийгөө эрсдэлд оруулаагүй нь дээр.

PERMIT ONLY тэмдэг нь зөвхөн тусгай наалт эсвэл тэмдэг бүхий орон нутгийн оршин суугчид зогсоол хийхийг зөвшөөрдөг.Хэрэв та тэмдгүүдийг ойлгоход асуудалтай хэвээр байгаа бол тэр хавийн иргэд машинаа хэрхэн тавьсанд анхаарлаа хандуулах хэрэгтэй - хэрэв гудамжинд машинууд зогссон бол та ч бас болно, хэрэв гудамжны нэг тал нь сэжигтэй хоосон, эсрэгээрээ машинууд дүүрэн байвал тэднийг дагасан нь дээр.

Гудамжны зогсоол төлбөртэй юу?
Төлбөр төлөх шаардлагатай эсэхийг мэдэх хэрэгтэй. Зогсоолын ойролцоо зогсоолын төлбөрийн машин байхгүй бол төлбөр төлөх шаардлагагүй. Гэвч жилээс жилд ийм газрууд цөөрсөөр байна.

Хэрэв машины зогсоолын өмнө төлбөрийн машин байгаа боловч зогсоолын үргэлжлэх хугацааг заагаагүй бол та төлбөр төлөх шаардлагагүй болно. Жишээлбэл, хэрэв та 21:00 цагийн үед 10:00-18:00 цагийн хооронд 2 HOUR PARKING 10AM – 6PM гэсэн тэмдэг дээр зогссон бол 18:00 цагаас хойш зогсоолын хязгаарлалт байхгүй тул төлбөр төлөх шаардлагагүй. Харин та 14:00 цагт ирсэн бол 2 цаг хүртэлх төлбөр төлнө.

Бүх төлбөрийн машинууд зоосоор төлбөрийг хүлээн авдаг. Цаасан дэвсгэртийг хүлээн авахгүй. Автоматууд бараг бүгд 25 цент, 1 доллар авах ба 5 ба 10 центийг ховор авна, харин 1 центийн зоосыг аль нь ч хүлээж авдаггүй. Машин бүр дээр ямар зоос хүлээн авдагийг бичсэн байдаг. Мөн ихэнхи нь зээлийн болон дебит картыг хүлээн авна. Төлбөр хийхдээ пин-код оруулах шаардлагагүй ба зүгээр л картыг машинд уншуулаад хурдан авах хэрэгтэй. Чипээс биш соронзон хальснаас уншдаг тул картаа хийгээд пин код хүлээх шаардлагагүй. Зөвхөн зоос хүлээн авдаг маш цөөхөн машин үлдсэн гэдэг. Аялал жуулчлалын алдартай газруудад картаар төлбөрөө төлөөд явж болох ч, сэтгэл санаагаа тайван байлгахын тулд 25 центийн зооснууд машиндаа байлгасан нь дээр.
Зоосоор төлбөр хийх үед машин төлбөр төлсөн цагийг харуулдаг. Хэрэв цагаа сунгахыг хүсвэл зоос нэмнэ. Картаар төлбөр хийхдээ эхлээд + / - товчийг ашиглан зогсох цагаа сонгоод дараа нь төлөх ёстой. Ихэнхи зогсоол төлбөрийн машинтай байдаг бөгөөд төлбөр төлсний дараа ногоон гэрэл асч, гудамжны хажуугаас харагддаг. Төлбөртэй хугацаа дуусахад улаан гэрэл анивчиж, зогсох хугацаа нь дууссан машинууд замаас шууд харагдсанаар торгууль ногдуулдаг байцаагчдын анхаарлыг татдаг байна.

Гудамжины зогсоолын үнэ нь байршлаас хамаарна - орон сууцны хороололд цагт 50 центээс эхэлнэ, харин алдартай хөл хөдөлгөөнтэй газруудад цагт 6 доллар хүртэл үнэтэй байна.

Лос Анжелест машинаа буруу байрлуулвал:
Зогсох хугацаа хэтэрсэн тохиолдолд- 63 доллар
Цэвэрлэгээний үеэр гудамжинд машинаа зогсоовол - 73 доллар
Зөвхөн оршин суугчид машинаа байрлуулах зөвшөөрөлтэй газарт шөнө байрлуулвал - 68 доллар
Түгжрэл ихтэй, хориглосон газар зогсвол - 163 доллар
Гүүр эсвэл хонгил дээр зогсвол - 68 доллар
Автобусны тусгай эгнээнд зогсвол - 293 доллар
Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан зориулалтын талбайд зогсвол - 363 доллар
Хэрэв таны машин ачигдсан бол та торгуулахаас гадна, дээр нь 300 доллараас доошгүй ачилтын хураамж төлөх шаардлагатай болно. Хэрэв тэр өдөртөө машинаа авахгүй бол өдөр бүр 100 орчим долларынттөлбөр төлөх болдог. Энэхүү торгуулийн хэмжээнүүд хот бүрт ялгаатай байж болно.

Тусгай зориулалтын зогсоол
Гудамжны зогсоолоос гадна машинаа орхиж болох олон зориулалтын зогсоол, гаражууд байдаг. Тэд төлбөртэй, үнэ төлбөргүй байж болох бөгөөд эдгээр зогсоолууд нь хувийн эсвэл хотын өмчийнх юм. Олон худалдаа, зугаа цэнгэлийн цогцолборуудын зогсоол, зогсоолын эхний хоёр цаг үнэгүй эсвэл 1-2 долларын үнэтэй байдаг. Эдгээрт төлбөргүй цагийг авахын тулд VALIDATION авах шаардлагатай болдог бөгөөд цогцолбор дахь дэлгүүрүүдэд хүсэлт гаргах хэрэгтэй.
Хотын гарааш, худалдааны төвүүдийн зогсоолын төлбөрийг гарах үедээ төлнө. Худалдааны төвөөс гарах гарц дээр төлбөрийн машинууд байдаг ба машин руугаа явах, гараашаас гарах хугацааг тооцсон нэмэлт 15 минут үнэгүй өгдөг тул уг машинуудад төлөх нь дээр байдаг. Мөн Супермаркетуудын зогсоол үнэ төлбөргүй бөгөөд хаа сайгүй маш олон байдаг ч, тэнд энд тэндгүй PARKING FOR CUSTOMERS ONLY (Зөвхөн үйлчлүүлэгчдэд зориулсан зогсоол) гэсэн бичиг байдаг. Олонхи нь камертай тул, машинаа орхиж өөр газруудаар явсан тохиолдолд таныг гэнэтийн зүйл хүлээж магадгүй юм - ачих машин, 300 ба түүнээс дээш доллар байдаг.

Оффисын барилгын подвалийн зогсоол
Хотын төв болон бизнес хорооллуудад, оффисын барилгуудын подвалд автомашины зогсоол байдаг ч,цагийн 15-20 доллар хүртэл хамгийн үнэтэй байдаг байна. Үнийг санаатайгаар төөрөгдүүлсэн байдаг тул анхаарах хэрэгтэй. Жишээлбэл, 5 доллар гэж бараг хагас метр том үсгээр бичээд, доор нь жижиг үсгээр "15 минутын дотор" гэсэн бичиг байдаг. Хэрэв та ийм гаражид санамсаргүй орсон бол тэр даруй гарц руу эргэ - алдаа гаргасан гэж хэлээрэй, тэгвэл та үнэ төлбөргүй гарах болно.

Клуб, рестораны ойролцоох зогсоол
VALET зогсоол - ихэвчлэн ресторан, клубын ойролцоо байдаг. Таныг машинтайгаа ирэхэд Валей нь танд болон зорчигчдод хаалгыг онгойлгож, гарахад тусалж, төлбөрийн баримт өгнө. Та түлхүүрээ машиндаа үлдээх бөгөөд тэд машиныг авч яваад байрлуулдаг. Буцахдаа баримтаа Валейд өгөхөд машиныг чинь авчирна. Ийм зогсоол нь тухайн газраас хамаарч 5-40 долларын үнэтэй бөгөөд машин авчирсан "вале"-д цайны мөнгө 1-5 доллар нэмж өгдөг. Төлбөрийг ихэвчлэн бэлнээр хийдэг.

Гудамжны хувийн зогсоол
Эдгээр зогсоолууд задгай талбайд хөл ихтэй газруудад байрладаг ба ихэвчлэн нэг буюу хэд хэдэн ажилтантай байдаг. Ихэнх тохиолдолд та бэлнээр төлөх шаардлагатай болно. Хэрэв танаас машины түлхүүрээ үлдээхийг хүсвэл бүү гайхаарай, тэд зогсоолыг багтаамжтай болгохын тулд маневрлаж байдаг байна.

Эх сурвалж: forumdaily.com

Сүүлд нэмэгдсэн