Ногоон зүлэг мод, бут бүхий тохилог хувийн байшин нь хэн бүхний хүсч, мөрөөддөг, нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн стандарт байсаар ирсэн. Гэхдээ зоос хоёр талтай байдаг гэдэгтэй адил, орон сууцтай байх нь ч мөн сайн болон муу талтай байдаг байна.
Давуу тал: АНУ-ын залуу гэр бүлүүд, 20-30 жилийн хугацаатай ипотекийн зээлээр орон сууц худалдан авах боломжтой. Зээлийн хүү нь, жилийн 5% -иас хэтрэхгүй байхаар заагдсан байдаг.
Сул тал: Сүүлийн хэдэн жилийн хугацаанд АНУ-ын зарим бүс нутагт байшингийн үнэ мэдэгдэхүйц өссөөр байгаа. Энэ нь, 5 жилийн өмнөх үеийнх шиг байр худалдан авах сонирхолыг буурахад нөлөөлж байна. Зээл авч, тохилог байшин худалдаж авдаг байсан америк гэр бүлүүд, сар бүр түрээс төлж амьдрахыг илүүд үздэг болов. Тавин муж улсын гуравт нь л, байшингийн сарын түрээсээс доогуур орон сууцны ипотекийн зээлийн төлбөртэй байгаа аж.
Давуу тал: Байшингийн эзний хувьд та өөрийн үзэмжээр байшингаа засах боломжтой.
Сул талууд: Харамсалтай нь, таны дизайны санаанууд, байшин дотороос гадагш гарах боломжгүй. Хэрэв та үнэтэй, үзэсгэлэнтэй хороололд байшин худалдаж авсан бол, гудамж талаа тохижуулахдаа орон нутгийн хууль тогтоомжоор үүнийг хориглосон эсэхийг шалгах хэрэгтэй болдог. Энэ нь, зэргэлдээх нутаг дэвсгэрийн засвар үйлчилгээтэй холбоотой өөрийн дүрэм, хязгаарлалтын жагсаалтаар зохицуулагддаг. Эдгээр дүрмийг тодорхой газар нутаг бүрт орон сууцны эздийн нэгдсэн хурлаар баталж, бүх оршин суугчид дагаж мөрддөг. Хэдийгээрбайшин таных ч, орчиноо сайжруулах аливаа алхамыг бусад байшингийн эзэдтэй тохиролцсон байх ёстой болдог байна.
Давуу тал: Та байшинтай бол үдэшлэг зохион байгуулах боломжтой. Америкчууд бүгд арын хашаандаа мах шарж, шорлог хийх төхөөрөмжтэй байдаг. Харин түрээсийн байр эрхэмлэгчид нь, мах шарж идэхийн тулд хотын цэцэрлэгт хүрээлэнд очих хэрэгтэй болдог.
Сул тал: Гэхдээ, үдэшлэг хийхээсээ өмнө, ялангуяа хоёроос дээш гэр бүлийг урьсан бол ойрын хөршүүддээ мэдэгдэх ( зөвшөөрөл авах) хэрэгтэй болдог бөгөөд мэдэгдээгүй тохиолдолд, зочид тань явахаас өөр аргагүй байдалд орох боломжтой. Мөн зочидын тань машиныг "сэжигтэй"-д тооцон, байшингийнх нь хажууд байрлуулсан гэсэн үндэслэлээр цагдаа дуудах магадлалтай.
Давуу тал: Өөрийн гэсэн байшингүй найзуудынхаа дунд нэр хүндтэй болно, учир нь та одоо сайхан газар, сайхан ногоон зүлэгтэй өөрийн гэсэн байшинтай болсон.
Сул талууд: Одоо та байшин, орчиныхоо газрыг арчлах, хамгаалах хэрэгтэй болно. Байшингийн засвар, үйлчилгээг өөрөө хариуцна. Зүлэг хадагч ашиглан, долоо хоногт нэг удаа, зүлгээ засах хэрэгтэй болно. Эсвэл хүн хөлслөж хэтэвчээ нимгэлнэ. Харин түрээсийн орон сууцанд энэ бүгдийг түрээслэгчийн менежментийн компани хийдэг бөгөөд ихэнхдээ эдгээр үйлчилгээг түрээсийн төлбөрт багтаасан байдаг.
Давуу тал: Та байшин худалдаж авснаар, танай гудамжинд болж буй бүх зүйлд сонор сэрэмжтэй ханддаг “халамжтай” хөршүүдтэй болно. Тэд танихгүй хүмүүс танай байшингийн ойролцоо эргэлдэх зэрэг сэжигтэй үйлдлүүдийг анзаарч, анхаардаг учираас, үүдэнд тань үлдээсэн илгээмжүүд алга болохгүй, мөн тэжээвэр амьтнаа алдвал бүгдээрээ сэтгэл тавин, хайхад тусалдаг.
Хасах: Гэхдээ “халамжит” хөршүүд тань, таныг ч байнга ажиглаж байх болно. Зүлгэн дээрх навчисаа цэвэрлэж байгаа эсэх, зүлгээ тогтмол хадаж байгаа эсэх, бага насны хүүхдүүдийг хараа хяналтгүй орхиж байна уу, гэрийн тэжээвэр амьтдынхаа араас цэвэрлэж байна уу гэх мэт. Хэрэв та ямар нэгэн байдлаар эдгээр дүрэмүүдээс аль нэгийг нь зөрчвөл, хөршүүд тань нэг минут ч эргэлзэхгүйгээр холбогдох газарт нь мэдэгднэ.