Anu.mn
Америкийн барилгын салбарын тухай, мөн барилгачид хэр их орлого олдог вэ?

Америкийн барилгын салбарын тухай, мөн барилгачид хэр их орлого олдог вэ?

Sun Oct 02 2022
Америкийн барилгын салбарын тухай, мөн  барилгачид хэр их орлого олдог вэ?

Цалин

АНУ-ын барилгын ажлын хөлс мэргэжлээс нь шалтгаалж цагийн 12-93 долларын хооронд, илүү цагийн хөлс 1,5-р үржигдэж бодогддог. Цахилгаанчин гэхэд нэг цагийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 62 ам.доллар байдаг  Tesla Gigafactory гэх мэт олон хувийн төслүүд, ажлаа хурдацтай явуулах үүднээс долоо хоногт 6 өдөр, өдөрт 10 цаг ажилладаг стандарт горим бий болгосон бөгөөд ийм төсөл дээр мэргэшсэн боловсон хүчин долоо хоногт эхний 40 цагийг нэг цагт 40 доллар, дараагийн 20 цагийг 1.5, өөрөөр хэлбэл цагт 60 доллараар цалинждаг. Нийтдээ 11700 орчим ам.доллараас татвараа төлж, арав орчим мянган ам.доллар гар дээрээ авдаг байна. Гэхдээ, хуваарь нь маш хатуу, хүн хүрэлцдэггүй барилгын талбайд ийм байна. Харин  ердийн барилгын талбайд мэргэшсэн ажилчид долоо хоногт 40 цаг ажиллаж, цагийн 40 долларын цалин авдаг бөгөөд энэ нь татвар төлөхөөс өмнө 6,700 доллар, татварын дараа 5,650 орчим доллар болдог. Гэр бүлтэй хүмүүс 16%,  ганц бие хүмүүс 25% -н татвар төлдөг. Ийм цалин авахын тулд та сайн ажиллаж, чадварлаг ажилчин байж, хамт олон, удирдлагууддаа үнэлэгддэг байх хэрэгтэй.

Бүх нийтийн ажил (зам, гүүр, хотын нийтийн аж ахуй, сургууль, засгийн газрын барилга, цахилгаан станц, цэвэр бохир ус татах, цэргийн дэд бүтэц гэх мэт) нь ажилчдын цалингийн хяналттай төслүүд юм. Тиймээс тэд хувийн төслүүдээс хамаагүй илүү өндөр хөлстэй байдаг. Үүний нэг жишээ бол Нью-Йорк дахь НҮБ-ын барилгыг сэргээн босгох  төсөл нь 2.5 тэрбум гаруй долларын өртөгтэй байсан бөгөөд, үүний ихэнхи хувь нь хөдөлмөрийн хөлсний зардалд зарцуулагдсан байдаг.

АНУ-ын барилгын зах зээлд ажиллах хүчний эрэлт маш өндөр байна. Компаниудын төсөлд хүн олдохгүй, бүтээн байгуулалт ид өрнөж байна. Тиймээс урамшууллын механизм, ажилчдад хандах хандлага, ажилчидын ажлын үр дүн, өгөөжийг нэмэгдүүлэх сургалт зэрэгт онцгой анхаарал хандуулж байна. Чикагод нэг цагийн хөлс, илүү цаг нь ороод 72-75 доллар орчим байна.

Ажлын цаг

АНУ-ын бараг бүх барилгын компаниудын ажлын цаг ижил байдаг: барилгын талбай дээр хүн бүр өглөөний 6-аас 14.30 цаг хүртэл, оффис дээр 7.00-17.00 цаг хүртэл ажилладаг. Илүү цагийг 1,5-р үржүүлж тооцдог.

Эрэгтэй хүн 14:30 цагт ажлаа дуусгах нь улс орны нийгэм, эдийн засгийн байдалд бүхэлдээ ихээхэн нөлөөлдөг. Үдээс хойш байшин барьж, мотоцикль унаж, гэр бүлтэйгээ цагийг өнгөрөөж, маш их зүйлийг хийж чаддаг.

Төсөл

АНУ-д нэг ч төсөлд иргэний хамгаалалт, онцгой байдал, ПОС, эрчим хүчний хэмнэлт, байгаль орчныг хамгаалах, тооцоолол болон бусад баримт бичгийн хэсэг байдаггүй. Мөн дизайны стандартыг Барилгын дүрэмд тусгадаг.  Шүүхийн тогтолцоо нь ихэвчлэн оролцогч талуудын даатгалын нэхэмжлэлийг шийдвэрлэхийн тулд ажилладаг. Мөн тооцоог зөвхөн ерөнхий гүйцэтгэгчид болон туслан гүйцэтгэгч нар хийдэг бөгөөд гэрээний үнэ нь тогтсон байдаг тул хэзээ ч захиалагчдад үзүүлдэггүй.

Лицензүүд

АНУ-д барилгын лицензийг зөвхөн хувь хүмүүст олгодог, хэрэв ийм хүн компаниас гарвал өөр хүнд шинээр лиценз авах шаардлагатай болдог.Лицензийг 6 цаг үргэлжилдэг, 240 асуулттай, тал нь хууль тогтоомжийн мэдлэг, тал нь салбарын мэдлэг бүхий шалгалтыг амжилттай өгсөн хүнд олгоно. Тусгай зөвшөөрөлтэй Дизайны Инженер (Мэргэжлийн Инженер) болохын тулд барилгын лиценз авахаас арав дахин илүү хэцүү хоёр шалгалтыг (нэг нь карьерынхаа эхэнд, их сургууль төгссөнийхөө дараа, хоёр дахь нь 4 жил инженерийн дадлага хийсний дараа) өгөх шаардлагатай. Ийм хүмүүс л зураг болгонд гарын үсэг зурж, хувийн тамгаа дарах эрхтэй байна.. Ямар нэг зүйлийг буруу хийснээс алдаа осол гарвал энэ инженер хариуцна. Тиймээс тэрээр мэргэжлийн хариуцлагын даатгалтай байдаг. АНУ-ын барилгын зах зээл гүйцэтгэгчдийн ажлын чиглэлээр маш гүнзгий мэргэшсэн байдаг. Хэрэв та албан ёсны лицензийн ангилагчийг (google "CSLB Licensing Classifications") харвал 46 өөр лицензийг харах болно. Тус бүр өөрийн гэсэн шалгалттай, тусдаа журамтай байдаг.

Тооцоолол

Олон компаниуд програмистуудыг хөлсөлж, өөрсдийн програм хангамжийг бичдэг (жишээлбэл, Тернер гэх мэт). Тооцоолол нь энгийн бөгөөд ойлгомжтой тул ямар ч мастер түвэггүй ойлгоно. Маш энгийн зарчмын дагуу зохиогдсон: жишээлбэл, "Сокет 125V, 20A" шугам: залгуур нь гурван долларын үнэтэй бөгөөд хананд суулгахад хагас цаг зарцуулдаг.  Тооцоолол нь төслийг ялах зорилготой бөгөөд өрсөлдөөн, гэрээний төлөөх тэмцлийн үе шатанд тооцоо гаргахад маш бага хугацаа байдаг тул  20-30 сая ам.долларын өртөгтэй төслийн тооцоог ажлын 5-10 хоногт, 1-2 саяынх бол нэг, хоёр хоногт хийдэг.

Ажилтны харилцаа

АНУ-д хамт ажиллагсадтайгаа бүдүүлэг харьцах заншил байдаггүй, бараг хэзээ ч байдаггүй. Учир нь зөрчилдөөн маргалдаанууд, ажилтан өөрийн буруугүйг нотлоход биш, харин компани зохих ёсоор дүрэм журмыг мөрдсөн гэдгээ нотлох ёстой шүүхээр дуусдаг. Ажилтантай шүүхдэлцэх нь компанид 400,000 орчим долларын хохирол учруулдаг. Тиймээс тэд хараал хэлдэггүй, бүгд бие бие рүүгээ инээмсэглэдэг, биеэ зөв авч явдаг. Үүний зэрэгцээ инээмсэглэл нь заримдаа тодорхой албадан байдаг ч хүмүүжлийн соёл нь тэднийг ийм болгодог.

Калифорниа, Невада мужид "At Will”,хэмээх хууль үйлчилдэг. Энэ нь ажилтан 10 минутын өмнө өгсөн мэдэгдлээр компанийг орхиж болно гэсэн үг бөгөөд мөн компани ч ийм мэдэгдлээр хүссэн үедээ ажлаас халах боломжтой гэсэн үг юм. Энэ хууль ажилчидыг ч, компанийг ч, мөн хүн бүрийг сахилга баттай болгодог. Бусад аж ахуйн нэгжийн эзэд тэднээс үнэ цэнэтэй боловсон хүчнийг хоромхон зуур хулгайлж болно гэдгийг компани ойлгодог, харин ажилчины хувьд өдрийн хоолны үеэр шууд халагдаж болно гэдгээ ойлгож байдаг. Энэ бол зах зээлийн төгс өрсөлдөөн юм.

Ажилтан бүр ажилд орохын өмнө дөрвөн үндсэн шалгалт өгдөг: ерөнхий ойлголт, логик, англи хэлний мэдлэг болон ажлын сэдвийг тодорхойлох бичгээр шалгалт өгөх, дараа нь компанийн 3-4 ахлах ажилтантай ярилцлага хийх, дараа нь бүх хүмүүс заавал эрүүл мэндийн шинжилгээ өгнө, Хамгийн сүүлчийнх нь, Criminal Background и  DUI шалгах(архи, мансууруулах бодис хэрэглэсэн үедээ жолоодох). Энэ журам нь тухайн компани сайн хүнийг ажилд авна гэсэн баталгааг их бага хэмжээгээр өсгөж өгдөг байна.

Барилгачдын барьцаа

АНУ-д гайхалтай хууль байдаг бөгөөд үүнийг Mechanics’ Lien  (Барилгачдын барьцаа) гэж нэрлэдэг. Энэ бол гэрээний дагуу хөлсөө авах эрхийг маш хатуу хамгаалсан бараг цорын ганц хууль юм. Энэ хуулийн дагуу гэрээлэгч, туслан гүйцэтгэгч, тоног төхөөрөмж, материал нийлүүлэгч, АЖИЛЧИД, архитекторч, засварчин гэх мэт гэрээний дагуу ажлаа гүйцэтгэсэн (зураг төсөл, барилга угсралт, материал нийлүүлэх болон бусад сайжруулалт) хүмүүс  цалин өгөөгүй тохиолдолд (хэн түүнд хөлс төлөөгүй нь хамаагүй) үл хөдлөх хөрөнгийг барьцаанд тавьж болно. Энэ бол хүмүүс ажилласан хөлсөө авах маш хүчирхэг хэрэгсэл юм.

Хэрэв та тухайн төсөл дээр ажиллаж байсан бөгөөд танд цалин өгөөгүй бол Бүртгэлийн байгууллагад  байшингийн барьцааг талбайн хамт бүртгүүлж, 30 хоногийн дотор энэ хөрөнгийг албадан зарах баримт бичгийг бүрдүүлж, заруулах, мөнгөө авах эрхтэй.  Энэ ажиллагаа нь ямар ч болзолгүй, өмчлөгчийн зөвшөөрөл шаардлагагүй. Тиймээс АНУ-д ажил олгогч нь, ажилчдын цалин хөлсийг төлөхгүй байх асуудал маш ховор байдаг

Гэхдээ энэ хууль хоёр талтай. Хэрэв та өөрөө орон сууцтай, түүндээ гүйцэтгэгч хөлсөлж ажиллуулж байгаа бол  бүх туслан гүйцэтгэгч, ажилчидад цаг тухайд нь хөлсийг нь өгч байх нь ТАНЫ хойшлуулшгүй үүрэг юм. Эс бөгөөс зөвхөн хашаагаа засуулсны төлбөр 700 долларын төлөө байшингаа албадан зарагдахад хүргэнэ.

Ажилчдын цалинг долоо хоногт нэг удаа өгдөг, хэрэв тэднийг хуурах гэж оролдвол тухайн компани дөрвөн сарын дараа оршин тогтнохоо болино. Сонголт байхгүй.

Мөн дундаж америк хүн гар буунаас эхлээд мэргэн буудагчийн буу зэрэг 5-7 том,  жижиг зэвсэгтэй гэдгийг битгий мартаарай. Тиймээс бүдүүлэг заль мэх хийх нь дэлхий дээрх амьдралыг зүгээр л аюултай болгоно.Тэгэхээр тухайн компанийн хүн бүр үүргээ үнэнчээр биелүүлж, үйлчлүүлэгч болон эрх баригчдад худал хэлэхгүй байвал компани цэцэглэн хөгжинө. Психоанализийн онолыг хэн нэгэнд итгүүлэх шаардлагагүй. Шударга байдал нь бизнесийг оновчтой болгох функцийн тэгшитгэлийн гол, асар том санхүүгийн хувьсагчуудын нэг юм.

Америкийн барилгын зах зээл дээрх олон компаниуд 100-150 ба түүнээс дээш жилийн настай (жишээлбэл, Маккарти, 1864 оноос хойш) тул тоосгон дээр тоосго тавих үнийн хувьсал маш урт замыг туулсан бөгөөд компаниудын тоглоомын дүрэм нь яг адилхан байдаг.

Мөн барилга дээр хүүхдээ дагуулаад ажил дээрээ юу хийдгээ харуулах гэж ирэх нь Америкт ердийн зүйл. Хүүхдүүд  бөөн бөөнөөрөө ирдэг. Барилгын талбай дээр ийм жагсаалыг үзэх нь үнэхээр инээдтэй, хоёр дахин томдсон хамгаалалтын малгайтай, улбар шар хантааз нь бараг газар шүргэсэн, хамар дээрээс нь хамгаалалтын нүдний шил нь гулсаж унасан бяцхан оцон шувууны цувааг сард бараг нэг удаа хардаг. Тэгээд тэдний нүд нь талбайн дарга руу үгээр хэлэхийн аргагүй харцаар  харж, эргэн тойрны ертөнцийг тархи руугаа хар салхи шиг сорж буйг харах үнэхээр гайхалтай байдаг.

Мөн барилга дээр маш олон дадлагажигчид ажилладаг. Тэд бүрэн бус цалинтай (цагт 17-20 доллар орчим), их сургуулийнхаа амралтаар гурван сар ажилладаг, Энэ гурван сарын хугацаанд компани тэднийг харж шинжиж, тэд ч мөн компанийг сонгох эсэхээ шийдэн ажиллаж байдаг. Тэдэнд хоёр гурван жил сурах хугацаа үлдээд байгаа ч тэд аль хэдийн ажиллаж байдаг.

Сүүлд нэмэгдсэн