Anu.mn
Америкийн агаарын тээврийн компаниуд нисэх онгоцны буудал дээр алдагдсан ачаа тээшиндэх зү ...

Америкийн агаарын тээврийн компаниуд нисэх онгоцны буудал дээр алдагдсан ачаа тээшиндэх зүйлсийг зардаг.

Tue Sep 06 2022
Америкийн агаарын тээврийн компаниуд нисэх онгоцны буудал дээр алдагдсан ачаа тээшиндэх зүйлсийг зардаг.

Хэн нэгний алдагдсан ачаа тээшийг агаарын тээврийн компани олж өгч чадаагүйгээс нөхөн төлбөр төлсөн тухай, огт олдоогүй талаар сонсоогүй хүн бараг л байхгүй болов уу. Гэтэл эдгээр алдагдсан ачаа тээш, ямартай ч урт удаан хугацааны дараа олдож агуулахуудад хуралддагаас, нөхөн олговрын зардлаа хэсэгчлэн нөхөхийн тулд агаарын тээврийн компаниуд хэсэг хугацааны дараа эзэддээ хүрээгүй ачаа тээшүүдийг зардаг байна. Орхигдсон эсвэл эзэнд өгч чадаагүй ачаа тээшнүүдийг Unclaimed Baggagе дэлгүүр худалдан авч ангилан борлуулдаг бөгөөд ачаануудаас Rolex цагнаас өгсүүлээд амьд могой ч гарч ирдэг талаар VC.RU-д нийтэлжээ.

Жил бүр дэлхийн агаарын тээврийн компаниудаар 4.3 тэрбум чемодан, ачаа тээш тээвэрлэгддэг бөгөөд үүний 25 сая орчим нь нислэгийн үеэр алга болдог. Мөн 90 хоногийн дотор эзэндээ хүрээгүй ачааны 0.03% нь худалдаанд гардаг. Ихэнхдээ үүнийг Америкийн Unclaimed Baggage компани худалдаж авдаг бөгөөд энэ компани АНУ-д алдагдсан ачаа тээшний цорын ганц жижиглэн худалдаалагч гэж тооцогддог байна.

Компанийн агуулах дах эд зүйлсийн дунд хөө, хуяг дуулга, Египетийн эртний олдворууд зэрэг ер бусын зүйлс их байдаг байна.

Unclaimed Baggage дэлгүүр үүссэн түүх

Компанийг үндэслэгч Хьюго Дойл Оуэнс 1931 онд Алабама мужийн Скоттсборо хотод төрсөн. 1950-иад оны эхээр тэрээр Солонгосын дайнд оролцож, дараа нь эх орондоо ирж, даатгалын байгууллагад ажиллаж эхэлсэн. Ажлын бус үеэрээ радио шимтэн сонсдог байснаас тэр, Вашингтон дахь нэгэн автобусны компанид мартагдаж төөрөлдсөнөөс аваагүй олон ачаа тээш байгааг мөн түүнээсээ салах арга хайж байгаа талаар олж мэдэв.

1970-аад онд төөрөлдөж, хаягдаж, гээгдэж алдагдсан чемодануудын үнэ цэнийг хэн ч тооцож байгаагүй, мөн дотор нь юу хадгалагдаж байсныг хэн ч сонирхож байгаагүй юм. Гэтэл Оуэнс үүн дээр бизнесээ байгуулж чадна гэж ойлгосон нь хачирхалтай. Тэрээр хадам ааваасаа 300 доллар зээлж (2021 онд ойролцоогоор 2100 доллартай тэнцэнэ) бүх ачааг худалдаж авчээ. Хьюго хотын захад дэлгүүр нээж, үйлчлүүлэгчдийг татахын тулд орон нутгийн сонинд жижиг сурталчилгаа явуулжээ. Өдөр хүрэхгүй хугацаанд тэр бүх бараагаа зарж, сайн ашиг олсон бөгөөд удалгүй ажлаасаа гарч, алдагдсан эд зүйлс зарах бизнестээ эргэлт буцалтгүй оржээ.1978 он гэхэд тэрээр Eastern Airlines, National Airlines, Air Florida-тай ачаа тээшний гэрээ байгуулж, зургаан хүнтэй багийнхаа хамтаар Хьюго сард 3000 чемодан худалдаж авдаг болжээ.Тэрээр томоохон агаарын тээврийн болон ачаа тээвэрлэгч компаниудтай гэрээ хийж эхэлсэн бөгөөд үүний ачаар бизнес нь хурдацтай өргөжсөн байна.1995 онд бизнесийнхээ удирдлагыг хүү Брайандаа шилжүүлсэн бөгөөд үүсгэн байгуулагч өөрөө 2016 онд нас баржээ. Өв залгамжлагч хүү нь дэлгүүрийнхээ талбайг 4,600 м² болгон нэмэгдүүлж, ачаа хүлээн авалтаа өдөрт 7,000 чемоданд хүргэв. Тус дэлгүүрийн угаалгын газар сард 70,000 нэр төрлийн хувцас цэвэрлэдэг бөгөөд Алабама дахь хамгийн том угаалгын газар гэдэг. 2019 он гэхэд дэлхийн өнцөг булан бүрээс 1 сая гаруй худалдан авагч Скотсбород,Unclaimed Baggage-с юу олж авч болохыг үзэхээр ирдэг болсон аж.

Агаарын тээврийн компаниуд яагаад алдагдсан ачаа тээшийг зардаг болон Unclaimed Baggage хэрхэн ажилладаг вэ?

Алдагдсан ачаа тээшний хэмжээг багасгахын тулд агаарын тээврийн компаниуд ачаа тээшээ RFID чипээр тэмдэглэж, төвлөрсөн хяналтын системийг хөгжүүлж байна. Тэд алдагдсан ачаа тээшийг олохын тулд жилд 2.1 тэрбум доллар зарцуулдаг. Хэрэв энэ нь амжилтгүй болвол зорчигчдод нөхөн төлбөр төлөх үүрэгтэй бөгөөд дотоодын нислэгт 3500 доллар, олон улсын нислэгт 1780 доллар төлдөг. Тиймээс эдгээр алдагдсан ачаа тээшийг зарах нь нөхөн төлбөрийнхөө зардлын багахан хэсгийг нөхөх боломжийг олгодог.

Алдагдсан ачаа тээшний эд зүйлсэд, онгоцны суудал, тавиур дээр орхигдсон эсвэл онгоцны суудлын халаасанд үлдсэн эд зүйлс, усны тавцан, уулын цана, тахир дутуугийн тэргэнцэр, хивс зэрэг том ачаа хүртэл ордог байна.

Тус компани хэнтэй хамтран ажилладаг, алдагдсан ачаа тээшийг ямар үнээр худалдаж авдгаа нууцалдаг бөгөөд ихэвчлэн нэг чемоданаар тооцох эсвэл нэг кг жинг тооцож тогтмол үнээр худалдаж авдаг аж.

Дэлгүүрийн ангилах төвд ачаа тээш ирэхэд ажилчид чемоданыг гурван төрөлд ангилдаг.
-дахин худалдах;
-хандивлах;
-дахин боловсруулах;

Үүний дараа хувцас эдлэлийг угаах, үнэт эдлэлийг цэвэрлэхээр илгээдэг. Хувийн мэдээллийг бүх гаджетаас устгана. Ажилтнууд бүх зүйлийн үнэ цэнийг тодорхойлж, жинхэнэ эсэхийг шалгадаг. Мансууруулах бодис, зэвсэг, хуурамч мөнгө болон бусад хууль бус зүйлийг эрх бүхий байгууллагад шилжүүлдэг байна.

Дэлгүүрийн менежер Бренда Кантрелл “Сүүлийн 50 жилийн хугацаанд бид ангилах үйл явцыг боловсронгуй болгосон. Ачаа тээшний барааны гуравны нэг нь худалдаанд гардаг бөгөөд ихэвчлэн 20-80% хямдардаг. Барааны гуравны нэгийг буяны байгууллагад илгээдэг гэсэн байна.

Тээшнээс олдсон хамгийн ер бусын, үнэ цэнэтэй олдворууд

Ихэнхдээ чемоданд хувцас, гоёл чимэглэл, бусад хэрэгсэл, чихэвч, цахим ном, дэр олддог. Unclaimed Baggage-ын дэлгүүрт мөн хуримын даашинз, сүйн бөгж ч ирэх нь бий.

Гэхдээ мөн ер бусын зүйлүүд цөөнгүй таардаг:

  • МЭӨ1500 оны эртний Египетийн эд өлгийн зүйлсээр дүүрэн Gucci чемодан;
  • 1986 онд гарсан "Төөрдөг байшин" киноны 1.2 метрийн өндөртэй анхны Hoggle хүүхэлдэй;
  • АНУ-ын Тэнгисийн цэргийн F-16 сөнөөгч онгоцны удирдамжийн систем;
  • NASA-гийн Space Shuttle хөтөлбөрийн сансрын нислэгт зориулсан Nikon F камер;
  • "Өвчний хяналтын төвийг яаралтай дуудах" гэсэн шошготой битүүмжилсэн хайрцаг;
  • уутанд хийсэн амьд хоржигнуур могой;
  • вакуум савлагаатай мэлхий;
  • давс түрхсэн баавгайн арьс;
  • Страдиваригийн сурагчийн хийсэн хийл;
  • Нейл Даймондын дэлхийн аялан тоглолтын ксилофон хөгжмийн зэмсэг.

Unclaimed Baggagе нь мөн онлайн дэлгүүртэй бөгөөд эндээс та ер бусын барааг олох боломжтой.

  • гүрвэлийн арьсаар товойлгон чимэглэсэн билльярдны цохиур - 590 доллар;
  • шумбагчийн компьютер - 250 доллар;
  • Bluetooth-тэй hoverboard - 140 доллар;
  • 3 см урттай жинхэнэ үстэй хиймэл үс - 49 доллар.

Мөн маш өндөр үнэтэй эд зүйлс:

  • 64,000 долларын үнэтэй цагаан алтан Rolex цаг (32,000 доллараар зарагдсан);
  • 46,000 долларын үнэтэй 5,8 каратын алмазан бөгж (23,000 доллараар зарагдсан);
  • 40,95 каратын маргад эрдэнэ 25,000 доллар (17,000 доллараар зарагдсан).

Заримдаа худалдан авагчид өөрсдийн эд зүйлсээ эндээс олдог. Мөн олны танил алдартай хүмүүсийн эд зүйлс дэлгүүрт ирэх тохиолдол байдаг. 1992 онд сахилч Рой Холл, уг дэлгүүрээс Hickey-Freeman брэндийн хүрэм худалдаж авчээ. Хожим нь тэр доторлогоон дээр нь New York Yankees багийн тоглогч Уайти Фордын нэрийг анзаарчээ. Форд хүрэм олдсоныг мэдээд буцааж өгөхийг хүссэн боловч Холл өгөхөөс татгалзаж өөртөө үлдээжээ.

Энэ дэлгүүрийг, хүмүүсийн алдагдсан ачаа тээш, ялангуяа нэр, огноотой үнэт эдлэл, хувийн мэдээлэл бүхий цахилгаан бараа зэргийг буцааж өгөх ёстой гэж олон хүн үздэг. Үүний талаар Оуэнс 1994 онд The ​​Wall Street Journal сэтгүүлд өгсөн ярилцлагадаа "Бид жижиглэнгийн худалдаа эрхэлдэг тул хэн нэгний алдсан чемоданы эзнийг хайх шаардлагагүй" гэж хариулж байжээ.

Эх сурвалж: forumdaily.com

Сүүлд нэмэгдсэн