Америкийг өөрчилсөн домогт таван еврей хүн
Thu Jun 09 2022
АНУ-д дэлхийн хамгийн том еврей нийгэмлэг байдаг бөгөөд 2020 оны байдлаар 5.5 сая орчим еврейчүүд амьдардаг гэсэн судалгаа гарсан байдаг. АНУ-д иудейчүүдийг үргэлж халуун дотноор хүлээн авч, үнэнчээр ханддаг байсан нь дэмий хоосон зүйлд хүргээгүй юм. Семит гаралтай эдгээр хүмүүсийн зарим нь Америк болон дэлхийн хөгжилд нөлөөлж чадахуйц чанартай олон зүйлс хийсэн гэж Yandex.Dzen бичжээ.
Леваи Страусс - Levi Strauss
Түүний жинхэнэ нэр нь Лоеб Страусс. Тэрээр Германд төрсөн бөгөөд 18 настайдаа АНУ руу нүүж, тэнд нэрээ илүү Америкжуу болгон өөрчилсөн. Леви, үүргийн худалдаачны хувьд гайхалтай авьяастай нэгэн байсан гэдэг. Калифорнид алтны орд илэрснийг мэдээд тэр тийшээ яаран явжээ. Түүний зорилго алт олборлох биш харин эрдэнэс хайгчид ихэвчлэн амьдардаг майханд зориулсан галантерийн эдлэл, ялангуяа даавуу зарах явдал байжээ. Нэг өдөр нэгэн худалдан авагч Страуссын дэлгүүрт ирээд ажлын хувцас урагдаж, халаас хүрэлцэхгүй байна гэж гомдоллож эхэлснээс санаа авсан Леви удалгүй биед эвтэй, бөх, олон халаастай зотон өмд бүтээсэн ажээ. Аажмаар энэхүү шинэ бүтээл нь бүхний танил жийнс болсон бөгөөд эдгээр өмдний 500 сая орчим нь жил бүр зөвхөн АНУ-д зарагддаг байна.

Жозеф Пулитцер - Joseph Pulitzer
"Пулитцерийн шагнал" гэсэн хэллэгийг бид олонтаа сонсдог. Энэ шагналыг сэтгүүл зүй, утга зохиол, хөгжимд оруулсан хувь нэмрийг үнэлж өгдөг. Шагналыг үүсгэн байгуулагч нь Жозеф Пулитцер юм. Тэр л "шар хэвлэл"-ийг бий болгож, сониноо дуулиан шуугиан, цуурхал, ээдрээтэй мөрдөн байцаалтаар дүүргэсэн. Түүний нийтлэлийг үргэлж сонирхож уралдан уншдаг байсан бөгөөд сэтгүүл зүйд одоо ч гэсэн түүний зарчим ойлголтуудыг ашигладаг.

Жозеф Майкл Шенк - Joseph Michael Schenck
Энэ хүний жинхэнэ нэр нь Жозеф Михайлович Шейнкер юм. Тэрээр Оросын эзэнт гүрний нутаг дэвсгэрт төрсөн боловч ахынхаа хамт АНУ-д хувь заяагаа хайхаар явсан. Эхэндээ ах дүүс зугаа цэнгэлийн газрууд ажиллуулж, түүндээ тулгуурлан шинэлэг зүйл сэдсэн нь кино театрууд байв. Хүмүүсийн кинонд онцгой донтохыг ажигласан Шенк энэ бол ирээдүй, их ашиг гэдгийг ойлгосон байна. Тиймээс 1930-аад онд Жозеф АНУ болон дэлхийн кино урлагт үгээр хэлэхийн аргагүй хувь нэмэр оруулсан домогт 20th Century Fox-ийг үүсгэн байгуулж удирдаж байжээ.

Стэнли Мартин Либер - Stanley Martin Liber
Супер баатрын ертөнцийн шүтэн бишрэгчид энэ хүнийг Стэн Ли гэдгээр нь мэддэг. Тэрээр анх комиксыг зохион бүтээсэн хүн юм. Тэр л тэднийг жинхэнэ тренд болгож, улмаар гайхалтай супер баатруудыг бий болгосон. Түүний гэгээлэг оюун ухаан, уран сэтгэмжийн ачаар Төмөр хүн, Гайхалтай дөрөв, Хүн аалз, Халк болон бусад олон супер баатрууд гарч ирсэн. Стэн Ли өөрөө бараг бүх супер баатрын кинонд жижиг дүрүүдэд тоглосон бөгөөд мөн продюсер, нэвтрүүлэгч, зохиолч, ерөнхийлөгч, Marvel Comics-ийн захирлуудын зөвлөлийн дарга байсан ажээ. Тэрээр 2018 онд 95 насандаа таалал төгсжээ.

Сергей Брин - Sergey Brin
Америкийн бизнес эрхлэгч, компьютерийн технологи, мэдээллийн технологи, эдийн засгийн салбарын эрдэмтэн Сергей Михайлович Брин бол Google хайлтын системийн хамтран зохиогч юм. Тэр, Ларри Пэйж, Эрик Шмидт нартай хамтран орчин үеийн хүн түүнгүйгээр амьдралаа төсөөлөхийн аргагүй зүйлийг бүтээжээ. Сергей 1973 онд Москвад төрсөн боловч 6 настайдаа АНУ руу нүүжээ. Одоо тэрээр мульти тэрбумтан бөгөөд дэлхийн хамгийн баян 15 хүний нэг юм.

Эх сурвалж:
www.forumdaily.com/en/pyat-legendarnyx-evreev-kotorye-izmenili-ameriku/








