Anu.mn
Америкчуудын хэт шаргуу хөдөлмөр ба түүний шалтгаан

Америкчуудын хэт шаргуу хөдөлмөр ба түүний шалтгаан

Sun Feb 11 2024
Америкчуудын хэт шаргуу хөдөлмөр ба түүний шалтгаан

Хүн долоо хоногт 60, бүр 100 цаг ажиллахад амьдралд өөр юм хийх цаг үлддэггүй. Америкчууд долоо хоногт дунджаар 47 цаг ажилладаг. Харин өмнөдийн ажил болон улирлын чанартай ажилтай америкчуудын ажлын долоо хоногийн дундаж 34.4 цаг байгаа нь Франц, Германыхаас илүү, харин Балтийн орнууд, Грек, Мексик зэрэг улсуудаас бага байна гэж Gallup мэдээлэв.

АНУ-ын оршин суугчдын 18% буюу бараг тавны нэг нь долоо хоногт 60 ба түүнээс дээш цаг ажилладаг. Эдгээр хүмүүс хэн бэ, яагаад ингэж амьдардаг вэ? Эмч,эмнэлгийн ажилтнууд долоо хоногт 80 цаг ажилладаг бөгөөд ихэвчлэн нэг өдөр амардаг. Амралт - үндэсний баяруудаар тохиох, жилд 2 долоо хоног.Түүнчилэн резидент эмч нар бараг эмнэлэгт амьдардаг байсан бөгөөд өдөр, шөнийн аль ч цагт бэлэн байдаг байна.

Америкийн томоохон компаниудын ажилтнуудын хувьд дөчин цагийн ажлын долоо хоног бол нам гүм байна гэсэн үг. Тэд төсөл дээр ажиллахдаа долоо хоногт 90 цагийг, түүний дотор бүх амралтын өдрүүд, хэд хэдэн шөнийг ч зарцуулж чаддаг.

Сильвиа Гулет, Каролин Бак Люс нар, ажлын хэнээтнүүд буюу “онцгой ажилчид" гэж нэрлэгддэг хүмүүсийн талаар өргөн хүрээний судалгаа хийж үр дүнг нь, Harvard Business Review сэтгүүлд нийтлүүлжээ. "Онцгой ажилчид" гэдэг нь тэдний тодорхойлолтоор долоо хоногт 60 ба түүнээс дээш цаг ажиллаад зогсохгүй хариуцлагатай ажил хийж, их орлого олдог хүмүүсийг хэлдэг бөгөөд тэдний нэг нь болох Нью-Йоркийн томоохон арилжааны банкинд ажилладаг Судгир гэх залууг жишээ болгон дурджээ. Тэр энэтхэгээс ирсэн, 23 настай, ажлын долоо хоногт 120 цаг ажилладаг. Тэрээр долоо хоногт ердөө 48 цагийг унтаж, хооллож, усанд ороход зарцуулдаг. Гэвч Судгир үүндээ тун сэтгэл хангалуун байдаг. Түүгээр ч барахгүй тэрээр, АНУ-ын оршин суугчдын 94 гаруй хувиас өндөр цалин авдаг байна.

Судалгааны асуултуудад, "Онцгой ажилчдын" дийлэнх нь буюу 66% нь ажилдаа дуртай, бүх бодол санаа, эрч хүчээ ажилдаа зориулдаг. Гэр бүлтэй хүмүүс, хүүхэдтэй хүмүүс хүртэл ажил дээрээ илүү эерэг сэтгэл хөдлөл, урам зориг авдаг, зөвхөн амралтын өдрүүдээ гэр бүлтэйгээ өнгөрөөдөг. Тэдний цөөхөн хувь нь өөрийгөө хохирогч мэт санагдах үе байдаг гэсэн бол, харин гуравны хоёр нь эрэлт ихтэй, өндөр өгөөжтэй орчин нь тэдний зан чанарт тохирсон гэж үздэг гэж хариулжээ.

Түүнээс гадна, эдгээр хүмүүс өндөр цалин нь ажлаас таашаал авах хамгийн чухал хүчин зүйл биш гэсэн бодолтой байсан бөгөөд эрэгтэйчүүдийн хувьд мөнгө зөвхөн гуравдугаарт орж байв. Тэд сорилтууд, адреналин, түүнчлэн гайхалтай хамт олныг илүүд тооцож үнэлдэг гэсэн бол, эмэгтэйчүүдийн хувьд мөнгө нь жагсаалтын хамгийн сүүлд орсон бөгөөд ажил дээр тэдний анхаарлыг хамгийн ихээр татдаг зүйл бол бодит өөрчлөлтөд хүрэх, чухал үйл явцад нөлөөлөх, дэлхийн хэмжээний тоглогч байж чадах зэрэг байв.

Гэхдээ эдгээр ажлын хэнээтнүүд бүгд баяртай байдаггүй нь харагдсан. Ихэнх нь ажил нь эрүүл мэндэд нь хор хөнөөл учруулдаг, хүүхдүүдтэйгээ утга учиртай харилцаа тогтоох цаг хугацаа бага, эхнэр, нөхөртэйгээ харилцах харилцаа муу, тэр ч байтугай хэвийн бэлгийн амьдралд нөлөөлдөг гэж үздэгээ илэрхийлсэн байна.

Хэт их ажиллах нь, богино хугацаанд давуу талтай боловч урт хугацаандаа "онцгой ажилчид" болон компаниудыг өндөр төлөөс төлөхөд хүргэдэг гэж судлаачид дүгнэжээ.

Харвардын их сургуулийн судалгаагаар, АНУ-д жил бүр 125-190 сая долларыг ажлын стресс, ядрах зэргээс үүдэлтэй ядарч сульдах биеийн болон сэтгэл зүйн нөлөөлөлтэй холбоотой эмчилгээний зардалд зарцуулдаг нь харагджээ.

Хэт их цагаар ажилладаг хүмүүс, их ажилладгаа тайлбарласан шалтгаанууд:

1-рт, компаниудын нэгдэл, аутсорсингийн улмаас өрсөлдөөн нэмэгдэж байна. Албан тушаал цөөрч, ажлын байрны төлөөх өрсөлдөөн нэмэгдэж, ажилтан бүр илүү их үүрэг хариуцлага хүлээдэг болж байна. Нэмж дурдахад, АНУ-д эрүүл мэндийн даатгал болон бусад тэтгэмжийг үндсэндээ ажил олгогч олгодог бөгөөд олонхи тохиолдолд тэдэнд илүү цагийн төлбөрөөс татгалзах боломж хуулиар олгогдсон байдаг. Компаниуд ажилтнууддаа маш их зардал гаргадаг учраас хэд хэдэн хүнийг бага цалингаар ажиллуулснаас нэг хүнд их цалин өгсөн нь дээр гэж үзэж байна.

2-рт, АНУ-д хэт туйлширсан ёс зүй гэдэг зүйл цэцэглэн хөгжиж байна. Өөрийнхөө сүүлчийн шүүсийг шавхаж, эрсдэлд орж, үнэхээр ямар чадвартайгаа харуулах хандлага байнга сурталчилагдаж байдаг. Шилдэг банкирууд болон топ менежерүүд өөрсдийгөө хэт марафон болон “Төмөр хүн”-ий ​​тэмцээнд оролцогчидтой өөрсдийгөө харьцуулдаг байна.

3-рт, харилцааны шинэ түвшин нь ажилчдыг өдөр, шөнийн аль ч цагт ажиллах боломж олгодог болсон.

4-рт, дээд зэрэглэлийн мэргэжилтнүүд ихэвчлэн ижил чадвартай ажилтнуудаар хүрээлэгдсэн байдаг. Тэдэнтэй хамт цагийг өнгөрөөх нь найз нөхөд, тэр байтугай эхнэр, нөхөртэйгээ байхаас ч илүү сонирхолтой байдаг.

5-рт, даяарчлал нь, тэргүүлэгч компаниудыг 24 цагийн турш нээлттэй байлгахад хүргэж байна.

Түүнчилэн Протестант шашны, “Ажил бол хамгийн дээд үнэт зүйлсийн нэг мөн” гэсэн үзэл суртлын нөлөөг уг судалгаанд дурджээ. Санкт-Петербургийн уугуул иргэн Алиса Розенбаум, Айн Рэнд хэмээх нууц нэрээр өөрийн үзэн яддаг большевизм ба коллективизмын эсрэг "объективизм" хэмээх философийн үзэл баримтлалыг номлосон хэд хэдэн ном хэвлүүлсэн нь, америкчуудад асар их сэтгэгдэл төрүүлсэн бөгөөд түүнийг АНУ-ын консерватив үзэл суртлын тулгуур багана гэж нэрлэж болно. Объектив үзлээр, ажилдаа бүрэн зүтгэх нь хүний ​​амьдралын гол зорилго, үнэт зүйл юм. Мөн та орлогоо хэн нэгэнтэй хуваалцах шаардлагагүй гэдэг байна. Дашрамд дурдахад, “Вашингтон пост” сонин, Айн Рэнд нь, Дональд Трамп, Төрийн нарийн бичгийн дарга асан Рекс Тиллерсон болон түүний шинэ засаг захиргааны хэд хэдэн гишүүдийн дуртай зохиолч нь гэж бичжээ.

Өнөөдөр АНУ-д хөдөлмөрийн зах зээл, ялангуяа энэ ангилалд багтагсад ийнхүү нэмэгдэж байгаа нь Америкийн гэр бүл, улс төрийн амьдралд асар их үр дагавар авчирна гэж уг судалгаагаар дүгнэсэн байна.

Сүүлд нэмэгдсэн