Америкчууд зарим мужуудаас бөөнөөрөө шилжин нүүж байна
Mon Feb 06 2023
Цар тахлын улмаас Америкийн амьдралд тайван бус байдал үүсч, олон гэр бүлүүд амьдрахад илүү дээр, амьжиргааны өртөг багатай газар хайж нүүж шилжих болсон. Энэ хандлага 2022 онд ч үргэлжилж, олон зуун мянган хүмүүс нутаг орноо орхин шинэ муж руу нүүсэн гэж CBS мэдээлэв.
Гэтэл, зарим бүс нутгууд шинэ оршин суугчдын шилжилт хөдөлгөөнөөс ашиг хүртэж, эдийн засгаа хөгжүүлэх, татварын бааз сууриа өргөжүүлэхэд нь шилжин ирэгсэд тус дэм болж байгаа аж. Харин зарим нь, оршин суугчдаа алдсаар байна. Өнгөрсөн жил АНУ-ын 25 орчим муж шинэ оршин суугчдаар хүн амаа нэмэгдүүлсэн бол, 25 орчим муж оршин суугчдаа алдсан, бусад нь харьцангуй өөрчлөгдөөгүй хэвээр байна гэж Үндэсний Реалторуудын Холбоо (NAR) тооллогын мэдээлэлд үндэслэн дүгнэлт гаргасан байна.
NAR-ийн үл хөдлөх хөрөнгийн судалгааны захирал, ахлах эдийн засагч Надиа Эвангелоу, -“Хүмүүс нүүж ирдэг мужуудад хэд хэдэн нийтлэг зүйл байдаг. Нэгдүгээрт, тахлын үед, хөдөлмөрийн зах зээл нь дунджаас хурдан өссөн. Хоёрдугаарт, эдгээр нь оршин суугчдаа алдсан тус улсын зарим хэсгийг бодвол, орон сууц нь илүү хямд байдаг мужууд юм гэжээ.
2022 онд хамгийн их шинэ оршин суугчдыг татсан мужуудад Флорида, Техас, Хойд Каролина болон Өмнөд Каролина, Теннесси, Аризона, Жоржиа мужууд, дараа нь өмнөд болон баруун зүгийн бусад мужууд оржээ.
"Эдгээр бүс нутагт татвар багатай, цаг агаар сайхан байдгийг хүн бүр мэддэг, гэхдээ эдгээр бүс нутгийг алдартай болгож, хүмүүсийг татсан нэг зүйл нь, тахлын дараа хөдөлмөрийн зах зээл идэвхтэй сэргэсэн явдал юм. Эдгээр мужуудын эдийн засаг алдагдсан бүх ажлын байраа нөхөж чадсан төдийгүй одоо 2020 оныхоос 5% илүү ажлын байр бий болгосон." гэж Эвангелоу ярьж байв.
Татварын сангийн мэдээлснээр, өнгөрсөн жил өмнөд болон баруун мужууд бага татварын бодлогоор илүү олон оршин суугчдыг татсан. Харин Калифорниа, Нью-Йорк зэрэг өндөр татвартай мужууд 2022 онд оршин суугчдаа алджээ. NAR-ын шинжилгээгээр, Флорида мужид өнгөрсөн жил 319,000 орчим хүн шилжин суурьшиж хамгийн өндөр хүн амын өсөлт ажиглагдсан. Харин Калифорниа, хамгийн олон оршин суугчдаа алдаж, 343,000 хүн тус мужийг орхин бусад бүс нутаг руу шилжсэн байна.
"Хүн амын шилжилт хөдөлгөөн нь, хүмүүс өндөр татвартай, өндөр өртөгтэй мужуудыг орхиж, бага татвартай, хямд төсөр хувилбаруудыг хайж буй, тодорхой дүр зургийг харуулж байна" гэж улс төр судлаач Жанел Фриттс энэ сарын эхээр блогтоо бичжээ.
Гэхдээ татварын хэмжээ нь, хүмүүсийг гэр бүлээрээ нүүх шийдвэр гаргахад бага үүрэг гүйцэтгэдэг. Харин хямд орон сууц, ажлын байрны олдоцыг илүү сонирхож байна гэж Төсвийн бодлогын хүрээлэнгийн Нью-Йорк дахь шилжилт хөдөлгөөний хэв маягт хийсэн шинэ дүн шинжилгээ харуулжээ. Өнгөрсөн жил Нью-Йорк мужийг 300 мянган хүн орхисон бөгөөд саяхны дүн шинжилгээгээр, Нью-Йорк мужаас нүүсэн хүмүүс татварын хэмнэлтээсээ илүү орон сууцны зардлаа 15 дахин их хэмнэхэд анхаарсан болохыг тогтоожээ. Нью-Йорк мужаас нүүсэн хүмүүс, орон сууцны үнэ хамаагүй бага газар нутгийг сонгон нүүсэн. Тэрхүү бүс нутгуудын дундаж үнэтэй орон сууцны ипотекийн зээлийн жилийн дундаж зардал 18,300 ам.доллараар бага байсан нь, Нью-Йорк мужийнхаас 34 хувиар бага байсан ажээ."








