Америкийн нэгдсэн улсад суугаа Монголчуудын мэдээллийн портал.

7/1/2026
Anu.mn
Америкчууд АНУ-ын 250 жилийн ойг хэрхэн хүлээж авч байгаа талаар санал асуулгын дүн

Америкчууд АНУ-ын 250 жилийн ойг хэрхэн хүлээж авч байгаа талаар санал асуулгын дүн

https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Wed Jul 01 2026
Америкчууд АНУ-ын 250 жилийн ойг хэрхэн хүлээж авч байгаа талаар санал асуулгын дүн

АНУ байгуулагдсаны 250 жилийн ойг угтан америкчуудын эх орноороо бахархах мэдрэмж улс төрийн үзэл бодол, насны ялгаанаас ихээхэн хамаарч байгааг шинэ санал асуулгууд харуулжээ.

Associated Press-NORC төвийн судалгаагаар, америкчуудын 40 хувь нь 250 жилийн ойгоороо бахархаж байгаагаа илэрхийлсэн бол 30 орчим хувь нь баярын уур амьсгал тэдэнд урам зориг төрүүлж байна гэжээ. Гэсэн ч олон хүн энэхүү ойг хоёрдмол сэтгэлээр хүлээн авч байгаагаа хэлсэн байна.

Бүгд найрамдах намынхан илүү бахархаж байна

Бүгд найрамдах намыг дэмжигчдийн 70 орчим хувь нь, АНУ-аараа бахархдаг гэж хариулжээ. Харин намын харьяалалгүй сонгогчдын дунд энэ үзүүлэлт 10 хүн тутмын 3, Ардчилсан намынхны дунд 10 хүн тутмын 2 байна.

Мөн санал асуулгаар Бүгд найрамдах намынхны 54 хувь нь 250 жилийн ойг догдлон хүлээж байгаагаа илэрхийлсэн байна.

Ихэнх нь улсын үндсэн үзэл санаа хэрэгжсэн гэж үзжээ.

Gallup-ын судалгаагаар, америкчуудын 10 хүн тутмын 7 нь АНУ байгуулагдах үед дэвшүүлсэн эрх чөлөө, ардчиллын үзэл санааг улс орон тодорхой хэмжээнд хэрэгжүүлж чадсан гэж үзжээ. Энэ байр суурийг хоёр намын дэмжигчид болон намын харьяалалгүй иргэдийн олонх хуваалцсан ч, Бүгд найрамдах намынхны дунд илүү өндөр байв.

Ардчилсан намынхан болон залуусын дунд эргэлзээ давамгайлж байна

Ардчилсан намын дэмжигчид болон 30-аас доош насныхны дунд 250 жилийн ойд хандах хоёрдмол сэтгэл эсвэл хайхрамжгүй байдал илүү түгээмэл байна.

Ардчилсан намынхны 40 орчим хувь, 30-аас доош насныхны 30 орчим хувь нь, баярыг хоёрдмол мэдрэмжтэйгээр хүлээж авч байгаагаа хэлсэн бол, мөн ойролцоогоор гуравны нэг нь энэ ойд төдийлөн ач холбогдол өгдөггүй гэжээ.

Улс орныг Үндэслэгчид өнөөгийн Америкт сэтгэл дундуур байх байсан гэж олонх нь үзэж байна.

Gallup-ийн өөр нэгэн судалгаагаар, америкчуудын 80 орчим хувь нь, Тусгаар тогтнолын тунхаг бичгийг баталсан улс орны үндэслэгчид өнөөгийн Америкийг хараад сэтгэл дундуур байх байсан гэж үзжээ. Харин 20 орчим хувь нь тэд өнөөгийн байдлыг сайшаах байсан гэж хариулсан байна.

1999 онд анх энэ асуултыг тавихад, иргэдийн 55 хувь нь үндэслэгчид сэтгэл дундуур байх байсан гэж, 44 хувь нь сэтгэл хангалуун байх байсан гэж үзэж байсан нь өнөөгийн үзүүлэлттэй харьцуулахад мэдэгдэхүйц өөрчлөгджээ.

Америкчууд 250 жилийн ойг хэрхэн тэмдэглэхээр төлөвлөж байна вэ?

Gallup-With Honor судалгаагаар:

44 хувь нь, гэр бүл, найз нөхдийн хамт тэмдэглэнэ.

30 орчим хувь нь, телевиз эсвэл сошиал сүлжээгээр баярын арга хэмжээг үзнэ.

20 орчим хувь нь, өөрийн орон нутагт зохион байгуулагдах арга хэмжээнд оролцоно.

10 орчим хувь нь, албан ёсны America 250 арга хэмжээнд очихоор төлөвлөжээ.

65-аас дээш насныхны талаас илүү нь, гэр бүлийнхэнтэйгээ баяр тэмдэглэхээр төлөвлөсөн бол, бараг тал хувь нь телевизийн шууд дамжуулалт үзэхээр байна. Харин 30-аас доош насныхан баярыг огт тэмдэглэхгүй гэж хариулсан нь бусад насныхнаас илүү байжээ.

Сүүлд нэмэгдсэн