Anu.mn
Америкчууд анх удаа марихуаныг энгийн тамхинаас илүү их татдаг болсон гэсэн судалгаа гарчэ ...

Америкчууд анх удаа марихуаныг энгийн тамхинаас илүү их татдаг болсон гэсэн судалгаа гарчээ.

Thu Sep 01 2022
Америкчууд анх удаа марихуаныг энгийн тамхинаас илүү их татдаг болсон гэсэн судалгаа гарчээ.

Сүүлийн хагас зуун жилийн хугацаанд марихуаныг хэрэглэх нь асар их нэмэгдэж анх удаа энгийн тамхины хэрэглээнээс давсан байна гэж Gallup-ын судалгаа гарчээ.

Судалгаанд оролцсон Америкийн насанд хүрэгчидийн 16% нь марихуан тогтмол татдаг, мөн бараг тал хувь нь татаж, туршиж үзсэн гэсэн бөгөөд үүнтэй ижил судалгааг 1969 онд явуулахад зөвхөн 4% нь л туршиж үзсэн гэж байжээ.

Америкт өнгөрсөн хэдэн арван жилийн хугацаанд тамхины хэрэглээ багасч байгаа бөгөөд өнгөрсөн сард явуулсан асуулгад оролцогчидын 11% нь тамхи хэрэглэдэг гэсэн байна. Энэ нь 1944 оноос анх судалгаа явуулж эхэлсэн Gallup-ын хамгийн бага бүртгэгдсэн тоо мэдээлэл болж байгаа юм. Мөн энэ нь өнгөрсөн жилийн 16%-иас харьцангуй буурсан үзүүлэлт болж байна. 1950-иад оны үед насанд хүрэгчидийн 45% нь урьд өмнө нь тамхи татаж байсан гэсэн судалгаа гарч байжээ.

2019 оны судалгаанд, оролцогчидын 83% нь тамхи татах нь эрүүл мэндэд маш муу нөлөөтэй, 14% нь тодорхой хэмжээний уршигтай гэж хариулж байсан. 2013 онд, арван оролцогчийн ес нь тамхи татах нь хорт хавдар үүсгэдэг гэсэн бол 2015 онд 91% нь хэзээ ч тамхи татаж эхлээгүй байсан ч болоосой гэж харамссан хариу өгч байжээ.

“Ирэх жилүүдэд тамхи таталт буурах нь илт байна. Энэ нь тамхины сөрөг үр дагаврыг олон нийт ухамсарлаж байгаа болон түүний хэрэглээг багасгахын тулд засгийн газраас бүх түвшинд хүчин чармайлт гаргаж байгааг харуулж байна.” гэж Gallup-ын ахлах шинжээч Доктор Фрэнк Ньюпорт хэлсэн байна.

Үүний зэрэгцээ, марихуаны нөлөөний талаарх Америкчуудын үзэл бодол харьцангуй бага сөрөг байна. 18-34 насны насанд хүрэгчдийн 62%, 35-54 насны хүмүүсийн 53% нь марихуан хэрэглэх нь хүмүүст эерэг нөлөө үзүүлдэг гэж Gallup-ийн 7-р сард явуулсан санал асуулгад хэлжээ. Судалгаанд оролцогчдын 49% нь марихуан нь нийгэмд эерэг нөлөө үзүүлдэг гэж хариулжээ.

Залуу америкчууд хамгийн их каннабис татдаг бөгөөд 35-аас доош насны судалгаанд оролцогчдын бараг гуравны нэг нь марихуан татдаг гэж хариулжээ. Харин энэ насны хүмүүсийн ердөө 8% нь долоо хоногт ядаж нэг удаа тамхи татдаг байна.

Хэдийгээр амралт, тайвширлын зориулалтаар ашиглах марихуаныг АНУ-ын мужуудын талаас илүүд нь хууль бус хэвээр байгаа ч одоогийн байдлаар 38 мужид ямар нэг хэлбэрээр хууль ёсных болсон нь марихуаны нэр хүнд өсөхөд нөлөөлсөн хүчин зүйл болж байж магадгүй юм. Цаашилбал, нэмж олон муж улсууд марихуаны хэрэглээг хуульчлах тусам каннабис хэрэглэгчдийн тоо өссөөр байх болно. Мөн АНУ-ын насанд хүрэгчдийн 68% нь энэхүү санааг дэмжиж байгаа гэж Gallup-ын судалгаа гарчээ.

"Зарим эрх баригчид марихуан нь ялангуяа залуу насанд хүрэгчдэд маш аюултай гэж үзэж байгаа бөгөөд хэрэв ирэх жилүүдэд марихуаны сөрөг тал дээр анхаарлаа төвлөрүүлбэл түүний хэрэглээнд хандах хандлага өөрчлөгдөж магадгүй юм" гэж Ньюпорт хэлэв.

Харин согтууруулах ундаа хамгийн их хэрэглэдэг бодис хэвээр байгаа бөгөөд судалгаанд оролцогчдын 45 орчим хувь нь сүүлийн долоо хоногт архи уусан гэж мэдэгджээ. Gallup-ийн мэдээлснээр энэ чиг хандлага "он жилүүдийн туршид харьцангуй тогтмол хэвээр байна" гэжээ.

Эх сурвалж: CBS News

Сүүлд нэмэгдсэн