Америк өсвөр насны хүү, голд унасан машинаас гурван охид болон туслахаар ирсэн цагдааг аварч “баатар” болжээ.
Fri Jul 08 2022
Миссисипи мужын 16 настай Корион Эванс, завьны зогсоолын машинаар завь усанд тавих төгсгөлийн хэсэгт, машин усруу унах үед "зоригтойгоор, амиа хайрлалгүйгээр" усанд шумбан машин дах хүмүүсийн амийг аварсан байна.
Энэ үйл явдал АНУ-ын өмнөд мужид орших Паскагула хотын ойролцоох голд болсон ба завьны зогсоолын төгсгөл хэсэгт, 3н өсвөр насны охид санамсаргүйгээр голруу машинтайгаа унажээ.
Эванс болон түүний найз, гол руу тэр даруй үсрэн орж, охидыг живсэн машинаас гарган, машины дээвэр дээр гарахад нь тусалсан байна. Тэрээр, "Би бодохдоо, эдгээр хүмүүсийн хэнийг нь ч үхэхийг хүлээн зөвшөөрч чадахгүй. Тэд уснаас гарах хэрэгтэй" гээд, "машин усан доогуур шууд яваад орчихсон. Машины дээврийн багахан хэсэг л усны мандал дээр харагдаж байсан" гэж Эванс орон нутгийн WLOX телевизэд өгсөн ярилцлагадаа хэлжээ.
Орон нутгийн цагдаагийн ажилтан Гэри Мерсер мөн машинд байсан охидод туслахаар усруу орсон боловч өөрөө асуудалд оржээ. Тиймээс Эванс түүнийг ч бас аварсан байна. “Би цагдааг харж байна. Тэр живж байна. "Туслаач!" гээд, би түүний араас сэлж очин, барьж аваад алхаж чадахаа мэдрэх хүртлээ буцаад сэлсэн" гэж Эванс мөн тухайн үйл явдлын талаар ярьжээ.
Орон нутгийн цагдаагийн дарга Брэндон Эшли, “Цагдаагийн газар болон миний бие, ноён Эвансын эр зориг, амиа үл хайхран, аюулд өртсөн хүмүүст туслахын тулд өөрийнхөө аюулгүй байдлыг эрсдэлд оруулж байгааг өндрөөр үнэлж, сайшааж байна. Хэрэв ноён Эванс туслаагүй бол бүх зорчигчийг эсэн мэнд аврахын оронд эмгэнэлтэй зүйл болж болох байсан" гэж тэрээр мэдэгдэлдээ хэлсэн байна.

Эх сурвалж: theguardian.com








