Америк эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хоорондын харилцааны ёс, хэв маяг
Fri Sep 08 2023
Хүн төрөлхтний түүхийн туршид, эр, эм хүйсийн хүмүүсийн хоорондын харилцаа хамгийн сонирхолтой, хамгийн эмзэг сэдэв байсаар ирсэн юм. Америк хүнтэй сууж, гэр бүлтэй болсон өөр улсын иргэд, цагаачид, тус улсын хүйс хоорондын харилцааны хэв маягийг үл ойшоон эх орондоо сурсан дадал, харилцаагаа хадгалдгаас, хайр дурлал, гэрлэлтдээ урам хугарах, бүр хуультай холбоотой асуудалд орох хүртэл хүндхэн асуудалд орж байсан олон жишээ байдаг байна. Америкийн хүйс хоорондын харилцааны соёл болон онцлог ялгаанууд:
1. Зөвшөөрөлд тулгуурласан ёс, соёл
Сэтгэл судлалд, эсрэг хүйсийн хүмүүсийн хооронд ойр дотно харилцаа үүсэх нөхцлийг, "зөвшөөрөл" ба "хүчирхийллийн арга" дээр үндэслэсэн гэж хоёр ялгаж үздэг бөгөөд хүчирхийллийг хаана ч, ямар ч улс орон буруушаадаг. Хачирхалтай нь Америкт, гадны зарим улсын хүмүүсийн огт гэм зэмгүй гэж бодсон зүйл нь, хувийн хил хязгаарыг зөрчсөнд тооцогдох, эсвэл шууд дарамт гэж үзэгдэх боломжтой байдаг нь олон хүний хувьд гайхшрал төрүүлдэг. АНУ-д харилцан зөвшилцлийн соёл давамгайлдаг бөгөөд ойртох бүртээ зөвшөөрөл хүсэхээс гадна хосынхоо баталгаатай зөвшөөрлийг авсны дараа л, дараагийн алхамаа хийдэг заншилтай байдаг. Мөн, танд бааранд таалагдсан бүсгүй тантай харилцах хүсэлгүй байвал, түүнээс ширээнд хамт суухыг хүсэх нь битгий хэл, утасны дугаарыг нь ч асууж болдоггүй. Харин бидний мэддэг патриархын ёсонд, эсрэгээр, эмэгтэй хүнийг халамжилж буй эрэгтэй хүн тууштай байж, бүсгүйн хайхрамжгүй байдлыг даван туулах ёстой гэж үздэг. Мөн эмэгтэй хүний хувьд энэ тохиолдолд идэвхгүй байдал нь хамгийн тохиромжтой зан гэж тооцогддог бөгөөд эрэгтэй хүн хайртай хүнээ олж, түүнийгээ ялж, өөрийн болгох ёстой гэдэг.
Мөн Америкийн соёлд, хосууд дотно харилцааныхаа үед төдийгүй, танилцах үедээ бие биедээ хийсэн ямар нэг үйлдлээ, "Би түүнийг зөвшөөрсөн гэж бодсон" гэж тайлбарлах ойлголт байдаггүй. Нэг талаас, энэ нь эмэгтэйчүүдийг хэт ядаргаатай хүнээс бүрэн хамгаалдаг боловч, нөгөө талаас эмэгтэйчүүдийн романтик зан, хөнгөн сээтэгнэл, нууцлаг тодорхойгүй байх зэрэг төрлөх чанарыг бууруулдаг. Зөвшөөрлийн соёл нь, зөвхөн эрчүүдийн санаа үйлдлийг хязгаарлахын зэрэгцээ эмэгтэйчүүдийг ч илүү их үүрэг хариуцлагатай байхыг шаарддаг. Эмэгтэй хүн, хэн нэгэнтэй ойр дотно харилцаанд орчихоод, "энэ нь яаж болсныг мэдээгүй" гэх маягийн тайлбар хийх боломжгүй, хэн ч ойлгохгүй. Мөн энэхүү ялгаатай харилцааны соёлоос болж нэгэн залуу санаа тавих гэсэн үйлдлийнхээ төлөө ноцтой асуудалд орсон тохиолдол байдаг. Тэрээр, хажуугийн ширээнд сууж байсан охидын хэн нэгнийх нь газарт унагасан зүйлийг анзаарч, авч өгөхөөр дөхөж очин тонгойсныг нь, охид буруу ойлгож сэжиглэн цагдаад хандсан бөгөөд цагаач залуу тэднийг хүчиндэхийг завдсан хэмээн баривчилагдаж хэд хэдэн шүүх хурлаар орж таагүй асуудалд орж байжээ.
Ямартай ч ийм соёлын эргэлзээгүй давуу тал нь, эмэгтэй хүнтэй "тэнцүү түвшинд", ялангуяа ажил хэргийн харилцаанд эн тэнцүү харьцах ёс юм. Ажилтнууддаа сээтэн хаях, бэлгийн дарамт үзүүлэх, садар самуун үг хэлэх, тэр бүү хэл зөвшөөрөлгүйгээр магтаал хэлэх ч заншил байдаггүй.
2. Хувийн зүйл үгүй, зөвхөн бизнес
Бизнесийн хүрээн дэх эмэгтэй хүнд хандах тэгш харилцааны нэг сул тал нь, эмэгтэйчүүдийг эмэгтэй хүнийх нь хувьд багахан зөөлөн хандаж буулт хийдэггүйд оршино. Бизнесийн өрсөлдөөнд тэгш эрхтэй тулалдах шаардлагатай. Америкийн бизнесийн соёлд, эрчүүд эмэгтэйчүүдэд ямар ч хөнгөлөлт үзүүлдэггүй, аятайхан ханддаг, дуртай хүмүүстээ ч хатуу ширүүн ханддаг байна.
3. Эмэгтэйчүүдийн эрх чөлөө
Олон улс оронд эмэгтэй хүн эрэгтэй хүний төлөө карьераа золиослох нь хэвийн гэж тооцогддог бол АНУ-д ийм тохиолдол маш ховор байдаг. Мөн эмэгтэй хүн алс хол, өөр улс руу суралцах юм уу ажиллахаар явахад эрэгтэй нь үүнийг бүрэн ойлгож, хүлээн авч салж суухдаа хүрэхгүй, харин ч карьерын ашиг сонирхлыг нь хүлээн зөвшөөрдөг. Америкт эмэгтэй хүн нөхрөөсөө тусдаа банкинд данс нээлгэх, хөрөнгө оруулалтын боломжоо өөрөө сонгох, гэрлэлтийн гэрээг шаардах нь хэвийн үзэгдэл. АНУ-д ийм үйлдэл нь заавал сална гэсэн үг биш юм. Гэхдээ, эмэгтэйчүүдийн ийм бие даасан байдал АНУ-д харьцангуй сүүлд бий болсон бөгөөд АНУ-д Үндсэн хуульд 19 дэх нэмэлт өөрчлөлт оруулснаар, Америкийн эмэгтэйчүүдэд бүс нутгийн болон үндэсний сонгуульд оролцох эрхийг 1920 оны 8-р сарын 18-нд олгосон. Харин эмэгтэйчүүдийн сонгох эрхийг хасах хөдөлгөөн 1970-аад он хүртэл үргэлжилж байжээ. Мөн 30-хан жилийн өмнө, америк эмэгтэйчүүдийн хувьд амжилттай гэрлэлт, эр нөхрийнх нь өндөр орлого, албан тушаал маш чухал байсан байна.
Орчин үеийн амжилттай Америк эмэгтэйчүүдээс олон эхчүүд, тэр ч байтугай эмээ нар гэрийн эзэгтэй байхыг илүүд үздэг байсан бөгөөд зарим мэргэжлүүдээр ажиллах нь, тэдэнд маш удаан хугацаанд боломжгүй байсан гэдэг. Жишээлбэл, эмэгтэйчүүд зөвхөн 1972 оноос хойш Холбооны мөрдөх товчооны ажилтан болох боломжтой болжээ. Мөн, 1973 онд ахмад теннисчин Бобби Риггс болон энэ үеийн мэргэжлийн эмэгтэй теннисчдийн нэг Билли Жан Кинг нарын хооронд болсон ижил бай шагналтай теннисний тэмцээнийг "хүйсүүдийн алдарт тулаан" болсон гэж үздэг. 2017 онд энэ тоглолтын тухай кино хийгдсэн байна.
Ийнхүү эмэгтэйчүүдийн эрх тэгш байдал, хамгаалалт гэсэн хоёр асуудлыг тэнцвэртэй байлгах сэдэв ихээхэн түвэгтэй байгаа юм. Гэхдээ, АНУ-д цагаачилсан эмэгтэйчүүд, энд тэдэнд хүндэтгэлтэй, нухацтай хандах болно гэдэгт итгэлтэй байж болно. Харин эх орондоо "эмэгтэй хүн" гэх нэрийн дор эдэлж байсан багахан буулт, боломжууд тань багасна гэдгийг мэдэх хэрэгтэй.








