Anu.mn
Америк эр, хорт хавдартай гэж оношлогдсоныхоо дараа Ирланд аялгаар ярьж эхэлжээ

Америк эр, хорт хавдартай гэж оношлогдсоныхоо дараа Ирланд аялгаар ярьж эхэлжээ

Mon Feb 20 2023
Америк эр, хорт хавдартай гэж оношлогдсоныхоо дараа Ирланд аялгаар ярьж эхэлжээ

Америк эр, түрүү булчирхайн хорт хавдартай гэж оношлогдсоныхоо дараа "замбараагүй ирланд аялгаар" ярьж эхэлсэн бөгөөд тэрээр урд өмнө Ирландад хэзээ ч очиж байгаагүй аж. Энэхүү дэлхийд цөөн бүртгэгддэг сонин тохиолдлын талаар BBC нийтэлжээ.

Хойд Каролинагийн 50 настай эрэгтэйд, гадаад хэлний аялгын хам шинж (FAS)  гэнэт гарч ирсэн бөгөөд энэ ховор хам шинжийн улмаас Ирландтай ямарч холбоогүй, ойр дотны хүнгүй байсан эр нас барах хүртлээ ирланд аялгатай ярьсан байна.

Энэ тохиолдлыг Хойд Каролина дахь Дьюкийн их сургууль болон Өмнөд Каролина дахь Каролина урологийн судалгааны төвийн эрдэмтэд хамтран судалсан бөгөөд "Бидний мэдэж байгаагаар энэ бол түрүү булчирхайн хорт хавдартай өвчтөнд бүртгэгдсэн FAS-ийн анхны тохиолдол, хорт хавдартай өвчтөнд бүртгэгдсэн гурав дахь тохиолдол юм. Өвчтөн залуу насандаа Англид хэсэг хугацаанд амьдарч байхдаа Ирландад найз нөхөд, холын хамаатан садантай байсан ч, урьд өмнө хэзээ ч ирланд аялгаар ярьж байгаагүй. Хавдрын эмчилгээ 20 сар хийлгэсний дараа ингэж ярьж эхэлсэн. Түүний аялга нь хяналтгүй, бүх нөхцөлд замбараагүй ярьдаг байснаа аажмаар тогтвортой болсон. Эрүүл мэнд нь, муудсан ч гэсэн аялга нь хэвээр байсан бөгөөд нас барах хүртлээ хэдэн сар ингэж ярьсан. Түүнд мэдрэлийн үзлэг хийхэд, мөн шинж тэмдэг илрэх үед нь тархины MRI шинжилгээнд оруулахад ямар нэгэн гажиг илрээгүй, урд өмнө  сэтгэцийн эмгэгтэй байгаагүй. Хими эмчилгээ хийлгэсэн ч, түүний мэдрэлийн дотоод шүүрлийн түрүү булчирхайн хорт хавдар нь даамжирч, тархины олон голомтот үсэрхийлэл, паранеопластик саажилтад хүргэж, улмаар үхэлд хүргэсэн" гэж тайландаа дурджээ.

Эрдэмтэд түүний ярианы өөрчлөлт нь паранеопластик мэдрэлийн эмгэг (PND) гэж нэрлэгддэг эмгэгийг үүсгэсэн гэж сэжиглэж байна. Хорт хавдартай өвчтөнүүдийн дархлааны систем нь тархины хэсэг, булчин, мэдрэл, нугас руу дайрах үед энэ нөхцөл байдал үүсдэг байна.

2006 онд цус харвасны дараа англи эмэгтэй Линда Уокерын аялга нь Ямайка болж өөрчлөгдсөн. Мөн 1941 онд, Дэлхийн 2-р дайны үеэр агаарын дайралтад өртөж шархадсан залуухан норвеги эмэгтэй Герман аялгаар ярьж эхэлснээр, түүнийг нутгийн иргэд нацистын тагнуул гэж үздэг байсан зэрэг тохиолдлууд бүртгэгдсэн байдаг байна.

Сүүлд нэмэгдсэн