July
9
2025
Anu.mn
Мэдээ
Албадан гаргалтын баривчилгаатай холбоотой, Калифорнийн фермүүдийн ажилчдын 70% нь явснаас ...
Албадан гаргалтын баривчилгаатай холбоотой, Калифорнийн фермүүдийн ажилчдын 70% нь явснаас, ургац хураах хүнгүй болов
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Албадан гаргалтын баривчилгаатай холбоотой, Калифорнийн фермүүдийн ажилчдын 70% нь явснаас, ургац хураах хүнгүй болов
Photo: Linnaea Mallette | Dreamstime.com

Лос Анжелесаас хойд зүгт орших Вентура мужаас, Калифорнийн Төв хөндий хүртэлх өргөн уудам тариалангийн талбайд, ICE-н баривчилгаанаас болж ихэнх ажилчид талбай руу гарахаа больсноос, ургац хураалт алдагдаж, үр, жимс, тариа, ногоо үхэх эрсдэлд орж байна гэж Ройтерс агентлаг мэдээллээ.

Лиза Тэйт, жил бүр олон тэрбум долларын жимс, хүнсний ногоо тарьж нийлүүлдэг Калифорнийн Вентура дүүргийн зургаа дахь үеийн фермер юм. Ургац хураалтын ихэнх хэсгийг хууль бус цагаачид гараар тариалж, хураадаг байв. Тэрээр, "Ажилчдын 70% нь явсан гэж бодож байна. Ажилчдын 70 хувь нь ирэхгүй бол ургацын 70 хувь нь хураагдаагүй үлдэж, нэг өдрийн дотор муудна . Америк ажилчид ийм ажил хийхийг хүсдэггүй. Эндхийн ихэнх фермерүүд дамдуурахаас айж байна. Ихэвчлэн 300 ажилчинтай байдаг ферм ердөө 80-д хүнтэй, 80 ажилчинтай газар өнөөдөр ердөө 17 хүнтэй байна.” гэж ярьжээ.

Ихэнх эдийн засагчид болон бодлого боловсруулагчид, Америкийн фермийн олон ажилчид тус улсад хууль бусаар байдаг гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Гэвч ажилчдын тоо огцом буурах нь хүнсний хангамжийн сүлжээ болон ферм, мужуудын эдийн засагт сөргөөр нөлөөлж болзошгүйг тэд анхааруулж байна. Бүгд найрамдах намаас сонгогдсон, Конгрессын Төсвийн албаны дарга асан Дуглас Холтз-Эакин, “АНУ-ын фермийн ажилчдын 80 хувь нь гадаад ажилчид, бараг тал нь тус улсад хууль бусаар ажилладаг хүмүүс. Эдгээр ажилчдын хомсдол, хэрэглэгчдэд хүрэх үнийг өсгөнө. Энэ нь нийлүүлэлтийн сүлжээнд болон хөдөө аж ахуйн салбарт муугаар нөлөөлнө” гэсэн байна.

Калифорнийн Хүнс, хөдөө аж ахуйн яамны мэдээлснээр, АНУ-ын хүнсний ногооны гуравны нэгээс илүү, жимс жимсгэнэ, самар тариалалтын дөрөвний гурваас илүү хувь тус мужид ургадаг. 2023 онд, мужийн фермүүд болон өрхүүд хөдөө аж ахуйн борлуулалтаас бараг 60 тэрбум долларын орлого олжээ.

Нэгэн фермийн 54 настай хууль бус цагаач ажилчин, “Америкийн тариалангийн талбайд 30 жил ажилласан. Эхнэр хүүхэдтэй. Хамт ажилладаг хүмүүсийн ихэнх нь ажилдаа явахаа больсон. Хэрэв тэд ажилдаа явах юм бол, гэр бүлтэйгээ дахин уулзах эсэхээ мэдэхгүй. Бид өглөө бүр айж сэрдэг. Олон хүн гэртээ ч очихгүй байгаа. Бид гудамжинд асуудалд орохгүй байхыг хичээж байна. Одоо ямар ч шалтгаанаар баривчлагдсан, албадан гаргаж байгаа. Гэхдээ баривчилгаа явагдсаны дараах хэдэн өдөр тариалангийн талбайд ажилчид багасдаг ч, удалгүй ажилчид өөр орлогын эх үүсвэргүй тул буцаж ирдэг. Тэд хууль ёсны статустай хүмүүсийн машинаар ажилдаа явах эсвэл АНУ-ын иргэншилтэй хүүхдүүдээ дэлгүүр явуулах зэргээр, цагаачлалын төлөөлөгчтэй таарах магадлалаа багасгахын тулд нэмэлт урьдчилан сэргийлэх арга хэмжээ авдаг." гэж ярьжээ.

Энэ сард Трамп "Truth Social" платформ дээрээ бичсэн нийтлэлдээ, тариалангийн ажилчид болон зочид буудлын ажилчдад хийсэн ICE баривчилгаа нь эдгээр салбараас "Маш сайн, урт хугацаанд шалгарсан туршлагатай ажилчдыг нь булааж", тэднийг сольж, орлуулах боломжгүй байгаа гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Мөн тэрээр сэтгүүлчидэд, "Манай фермерүүд маш их зовж байна. Тэд маш сайн ажилчидтай байсан.Тэд иргэд биш ч, тэд маш сайн ажилчид байсан" гэж ярьсан бөгөөд энэ нөлөөллийг бууруулах тушаал гаргана гэж амласан ч, бодлогын өөрчлөлт хийгээгүй байна.

Oxford Economics-ийн АНУ-ын ахлах эдийн засагч Бернард Ярос 6-р сарын 26-нд нийтэлсэн тайландаа, АНУ-н иргэн ажилчид, баривчилгаагаар гарч буй цагаачдыг орлохгүй байх хандлагатай байна. Хууль бус цагаачид ихэвчлэн америк иргэд хийдэггүй ажлуудыг хийдэг " гэж тэр онцлон тэмдэглэжээ.

“Калифорни дахь ICE цагаачлалын үйл ажиллагаа нь, тус улсад хууль ёсны дагуу байгаа хүмүүст ч аймшигтай байна. Бидэнд ажиллах хүч хэрэгтэй байна. Жишээ нь, амтат чинжүүг боловсорч гүйцсэн хоёр гурав хоногийн дотор хураахгүй бол, наранд шатах юм уу хэт боловсорч мууддаг.” гэж Төв Калифорнид ферм эзэмшдэг фермер Грег Тэш ярьсан байна.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2025 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.