300 жилийн хугацаанд олдсон хамгийн том хэмжээтэй 170 каратын ягаан алмазыг олжээ
Wed Jul 27 2022
7-р сарын 27, 2022. Анголын уурхайчид сүүлийн 300 жилд олдсон хамгийн том хэмжээтэй, маш ховор ягаан өнгөтэй очир алмазыг олсон тухай уурхайн Австрали удирдлага Лхагва гарагт мэдэгдлээ.
Тус улсын зүүн хойд хэсэгт орших алмазны баялаг нөөцтэй Луло уурхайгаас энэхүү 170 каратын ягаан өнгийн алмазыг олсон бөгөөд "Луло сарнай" гэж нэрлэсэн байна. Энэ алмаз нь урьд өмнө нь олдож байсан хамгийн том ягаан алмазуудаас хэмжээгээрээ 5-д орж байна гэж Лукапа Даймонд компани мэдэгдэлдээ дурджээ.
Байгалийн чулуунуудын нэн ховор бөгөөд цэвэр хэлбэрийн нэг болох “IIa” төрлийн алмазны энэхүү "түүхэн" олдворыг тус уурхайн хамтрагч Ангол улсын засгийн газар талархан хүлээн авчээ.
"Лулогоос олдсон энэ дээд амжилт тогтоож буй гайхалтай ягаан алмаз нь Анголыг дэлхийн тавцанд чухал тоглогч гэдгийг харуулсаар байна" гэж Анголын Эрдэс Баялгийн Сайд Диамантино Азеведо хэлэв. Өмнө нь Луло уурхайгаас Анголоос олдсон хамгийн том 404 каратын тунгалаг алмазыг мөн олборлож байжээ.
Ягаан очир алмазыг олон улсын тендерээр зарах бөгөөд гайхалтай өндөр үнэ хүрч магадгүй юм.
Гэвч "Луло сарнай" алмазны жинхэнэ үнэ цэнийг нь тодорхойлохын тулд зүсэж, өнгөлөх зэрэг боловсруулалт шаардлагатай бөгөөд уг процессын явцад чулуу жингийнхээ ойролцоогоор 50 хувийг алдах болно. Үүнтэй ижил төстэй ягаан алмазууд хэдийгээр тодорхой жингээ алдсан ч зах зээл дээр дээд амжилт тогтоосон үнээр зарагдаж байжээ.
1999 онд, Африкаас олдож байсан, Де Беерс компанийн 132.5 каратын “Ягаан од” очир алмаз, хоёр жилийн хугацаанд боловсруулалт хийгдэн 59.6 карат болж буурсанч 2017 онд Хонконгийн дуудлага худалдаагаар 71.2 сая ам.доллараар зарагдаж урьд өмнө зарагдсан хамгийн үнэтэй алмаз болж байжээ.
Эх сурвалж: cbsnews.com








