2026 онд нүүж очвол, мөнгө олгох АНУ-ын зургаан хот

АНУ-ын зарим хот, бүс нутаг алсын зайнаас ажиллагчид болон “дижитал нүүдэлчдийг” татахын тулд нүүж ирэхэд нь $15,000 хүртэлх урамшуулал санал болгож байгаа талаар Forbes мэдээлжээ.
Нүүж ирсний төлөө мөнгө олгож байгаа нь, шинэ оршин суугчдыг татах бодит стратеги юм.
АНУ даяар улам олон хот, бүс нутаг нүүж ирэх хүмүүст мөнгөн бонус, татварын хөнгөлөлт, дэмжлэгийн багц санал болгох болжээ. Зарим хөтөлбөрүүд зөвхөн тухайн хотод амьдрахаар шийдсэний төлөө $10,000 ба түүнээс дээш мөнгө олгож байна.
Эдгээр газруудын ихэнх нь том мегаполис биш, харин бүс нутаг эсвэл мужууд юм. Тус бүр нь өөрийн давуу ба сул талтай амьдралын хэв маягийг санал болгодог байна.
Талса, Оклахома (Tulsa Remote хөтөлбөр)

Талса нь, алсын зайнаас ажиллагсдад зориулсан хамгийн амжилттай хөтөлбөрүүдийн нэг. Ойролцоогоор $10,000 олгодог. Ажиллах оффис (coworking space)-ийн эрх болон орон нутгийн нийгэмд дасан зохицоход тусламж үзүүлдэг. Давуу тал: амьдралын өртөг бага, соёлын баялаг орчин, сайн хоол хүнс, тайван амьдралын хэмнэл. Ажил ба амьдралын тэнцвэрийг эрэлхийлэгчид ихээр нүүж ирдэг.
Баруун хойд Арканзас (Ascend Northwest Arkansas хөтөлбөр)

Фейетвилл, Бентонвилл зэрэг хотуудыг багтаасан энэ бүс нутаг, $10,000 хүртэл мөнгө болон унадаг дугуй бэлэглэдэг (өргөн хөгжсөн дугуйн замын ачаар). Харьцангуй хямд өртөг, сайн дэд бүтэц (Walmart-ын нөлөө их), соёлын орчин хосолсон. АНУ-ын хамгийн дутуу үнэлэгдсэн өсөн нэмэгдэж буй бүсүүдийн нэг.
Баруун Виржиниа (Ascend WV хөтөлбөр)

Санхүүгийн урамшуулал, спортын багц эрх, coworking төвийн эрх санал болгодог. Сайхан байгаль, нам гүм байдал, хямд өртөгтэй амьдрал хүсэгчдэд тохиромжтой. Гэхдээ жинхэнэ хөдөө орон нутаг тул хүн бүрт тохирохгүй.
Чаттануга, Теннесси

АНУ-д анхлан гигабит интернет нэвтрүүлсэн хотуудын нэг бөгөөд алсаас ажиллагсдад ээлтэй гэдгээрээ алдартай. Шууд мөнгөн урамшуулал нь, цаг хугацааны явцад өөрчлөгдөж байсан ч, сайн дэд бүтэц, байгальд ойр байдал, том хотуудтай харьцуулахад бага өртөг нь хүмүүсийг татсаар байна.
Топика, Канзас (Choose Topeka хөтөлбөр)

$15,000 хүртэл урамшуулал санал болгодог (ихэвчлэн ажилтай холбоотой нөхцөлтэй). Санхүүгийн ашиг, бага зардалд төвлөрдөг хүмүүст тохиромжтой, практик сонголт.
Аляска (Permanent Fund Dividend)

Энэ нь шууд нүүлгэн шилжүүлэх хөтөлбөр биш ч, байнгын оршин суугчдад газрын тосны сангаас жил бүр хэдэн мянган долларын ногдол ашиг олгодог. Давуу тал: гайхалтай байгаль, санхүүгийн дэмжлэг. Сул тал: хатуу ширүүн уур амьсгал, алслагдмал байдал, хязгаарлагдмал дэд бүтэц. Амьдралын хэв маягаа эрс өөрчлөхөд бэлэн хүмүүст л тохирно.
Мэргэжилтнүүд, нүүх шийдвэрийг зөвхөн “хэдийг авах вэ” гэдгээр биш дараах асуултаар үнэлэх хэрэгтэй гэж зөвлөдөг.
Уур амьсгал, амьдралын хэмнэл надад тохирох уу?
Энд нийгэм, хамт олон байна уу?
Би энд хэр удаан амьдрахад бэлэн бэ?
Хэрэв энэ санаа танд сонирхолтой санагдвал тухайн хөтөлбөрийн албан ёсны вэбсайтыг сайтар судлах хэрэгтэй — нөхцөлүүд нь байнга шинэчлэгдэж байдаг.








