Ерөнхийлөгч Дональд Трамп болон түүний засаг захиргаа, 2025 он тус улсын хувьд 50 жилд анх удаа “цэвэр цагаачлал”-ын үзүүлэлттэй анхны жил байх магадлалтай байна гэж мэдэгдсэнийг Time мэдээлэв.
CNN 8-р сарын 4-нд Трампын цагаачлалын бодлого нь, цагаачлалын урсгалыг хасах үзүүлэлтэд хүргэнэ. 2024 онд хүн амын цэвэр өсөлт 2.8 сая байсан гэсэн харьцуулсан дүгнэлт бүхий мэдээг цацсан юм.
Харин үүний дараахан Цагаан ордон X платформ дээр, энэ зорилгодоо аль хэдийн хүрсэн гэж мэдэгджээ. Гэхдээ үүнийг батлах ямар ч нотлох баримт ирүүлээгүйгээс гадна, Цагаан ордноос анх тараасан CNN-ны мэдээ ч мөн адил тодорхой тоо баримтгүй байгаа юм. Трампын цагаачлалын хатуу бодлогын архитектор гэж нэрлэгддэг Трампын тамгын газрын орлогч дарга Стивен Миллер, 8-р сарын 3-ны өдөр X дээр, " Америкийг, санхүү, соёл урлаг, цэрэг зэвсгийн хувьд, дэлхий нийтээрээ маргаангүй их гүрэн гэж үзэж байсан тэр үед, цагаачлалын өсөлт хасах үзүүлэлттэй байж, хүн амын өсөлт гэр бүлүүдийн өсөлт дээр бий болж байсан" гэж бичжээ.
Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Абигаил Жексон, “Ерөнхийлөгч Трамп хууль бус цагаачлалыг зогсоож, гэмт хэрэг үйлдсэн хууль бус гадаадын иргэдийг албадан гаргаж, Америкчуудыг нэгдүгээрт тавина гэсэн амлалтынхаа дагуу сонгогдсон. 3 сарын турш, гадаадын нэг ч иргэнийг хууль бусаар нэвтрүүлээгүй. Өнгөрсөн сард Хилийн алба, өдөрт дунджаар 141 хүнийг баривчилж байгаа нь, бараг 2000 миль урттай урд хил дээр, урьд өмнө байгаагүй өндөр үзүүлэлт юм. Трамп албан тушаалаа авсанаас хойш, ажил эрхлэлтийн бүх өсөлт,Америкийн ажилчдын хөдөлмөр эрхлэлт дээр харагдсан. Трампын засаг захиргааны бодлого нь, түүнийг сонгосон америкчуудын ашиг сонирхолд нийцэж байна." гэж бичжээ.
Хасах үзүүлэлттэй “цэвэр цагаачлал” гэдэг нь, тухайн улсаас гарч буй хүмүүсийн тоо, орж ирж буй тооноос давсан нөхцөл байдал юм. Ийм нөхцөлд хүн амын өсөлт нь юуны түрүүнд тухайн улсын иргэдийн төрөлтөөс хамаардаг байна.
“Байдены үед бараг 15-20 сая хууль бус цагаачид байсан. Эдгээрийн ихэнхи нь шорон болон сэтгэцийн эрүүл мэндийн байгууллагуудад байсан" гэж Трамп 2024 оны тавдугаар сард хэлж байсан. Үүнийг Time баримтжууланАНУ-ын хууль бус цагаачдын тоо 11 сая болохыг тогтоосон юм.
Трампын хоёр дахь бүрэн эрхийн эхний зургаан сарын хугацаанд, Цагаачлал, гаалийн алба (ICE) бараг 150,000 хүнийг, өдөрт дунджаар 800 гаруй хүнийг албадан гаргасан байна. Хэрэв энэ хурд үргэлжилбэл, тус агентлаг оны эцэс гэхэд 300,000 гаруй албадан гаргах бөгөөд энэ нь 2014 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт болох юм.
Америкийн аж ахуйн нэгжийн хүрээлэн (AEI) 2025 оны 7-р сард гаргасан тайландаа, 2025 онд цагаачлалын баланс, 525,000-аас 115,000-ын хооронд байх бөгөөд энэ нь "дотогш орох урсгал огцом буурч, зарим талаараа илүү их гадагшлах урсгал өснө" гэж дурджээ.
Цагаачлалын бодлогын хүрээлэнгийн АНУ-ын Цагаачлалын бодлогын хөтөлбөрийн дэд захирал Жулиа Геллатт, "Энэ жил хилийн боомтоор орж ирэх хүмүүс үнэхээр огцом буурсан. Мөн, Байдены засаг захиргаанаас Украин, Куба, Гаити, Никарагуа, Венесуэл болон бусад хүмүүст зориулж нээсэн бүх хүмүүнлэгийн хөтөлбөрүүд одоо хаагдсан. Гэхдээ АНУ-д жил бүр нэг сая гаруй хүн хууль ёсны дагуу, байнгын болон түр хугацаагаар нэвтэрдэг. Хууль ёсны цагаачлал, практик дээр мэдэгдэхүйц удаашрах ямар нэгэн томоохон өөрчлөлт хараахан харагдаагүй байгаа ч, энэ нь боломжтой гэж үзэж байна" гэж бичжээ.
Мөн АНУ-ын Хөдөлмөрийн статистикийн товчооны мэдээлснээр, 2022-2024 оны хооронд ажиллах хүчний өсөлтийн талаас илүү хувийг гадаадад төрсөн хүмүүс эзэлж байна.2024 оны 7-р сард Даллас хотын Холбооны нөөцийн сангаас хийсэн судалгаагаар, цагаачдын ажиллах хүч тахал өвчнөөс хойш ажил эрхлэлтийг нэмэгдүүлж, инфляцийг дарж байсныг тогтоожээ.
Трампын албадан гаргах бодлоготой холбоотой цагаачдын тоо огцом буурах нь, эдийн засагт сөргөөр нөлөөлж болзошгүйг эдийн засагчид анхааруулав. Даллас хотын Холбооны нөөцийн банкнаас 2025 онд хийсэн шинэ судалгаагаар, цагаачидын тоо буурснаар тус улсын дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт (ДНБ) удааширч байгаань харагдсан бөгөөд албадан гаргахаас илүүтэй, хилээр орж ирж буй цагаачдын урсгал багасах нь дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтөд үзүүлэх сөрөг нөлөөллийн ихэнхийн шалтгаан болж буйг тогтоожээ. Мөн, Төсөв, бодлогын тэргүүлэх чиглэлийн төвөөс, цагаачлал нь Нийгмийн аюулгүй байдлын итгэлцлийн санд эерэг нөлөө үзүүлж, "цагаачлалыг эрс бууруулж, албадан гаргахыг нэмэгдүүлэх төлөвлөгөө нь Нийгмийн даатгалын төсвийн хэтийн төлөвийг эрс дордуулна" гэсэн тайланг нийтэлжээ.