October
13
2025
Anu.mn
Мэдээ
2025 онд АНУ-ын өмнөд хилийг хууль бусаар нэвтэрсэн цагаачдын тоо хамгийн бага байна
2025 онд АНУ-ын өмнөд хилийг хууль бусаар нэвтэрсэн цагаачдын тоо хамгийн бага байна
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
2025 онд АНУ-ын өмнөд хилийг хууль бусаар нэвтэрсэн цагаачдын тоо хамгийн бага байна

АНУ, Мексикийн хилээр хууль бусаар нэвтэрсэн хүмүүсийн тоо, 2025 оны санхүүгийн жилд огцом буурч, 1970-аад оны эхэн үеэс хойших хамгийн доод түвшинд хүрсэн талаар CBS News мэдээллээ.

Дотоодын аюулгүй байдлын яамны (DHS) урьдчилсан мэдээллээр, АНУ-ын хилийн харуулын ажилтнууд 2025 оны санхүүгийн жилд өмнөд хилээр хууль бусаар нэвтэрсэн 238,000 орчим цагаачдыг баривчилсан байна. Энэ нь, тус агентлаг АНУ-Мексикийн хил дээр ойролцоогоор 202,000 хүн баривчилсан 1970 оны мэдээллээс хойшхи, хамгийн бага тоо юм.

Энэ тоо нь, хил дээр урьд өмнө хэзээ ч байгаагүй хүмүүнлэгийн хямралтай тулгарч байсан Байдены засаг захиргааны үетэй харьцуулахад эрс ялгаатай байгаа бөгөөд Хил хамгаалах байгууллага 2022 оны санхүүгийн жилд 2.2 сая хүнийг баривчилчилж байсан нь дээд амжилт буюу 2025 оныхоос бараг 10 дахин их байсан юм.

Трампын засаг захиргаа, эхний найман сарын хугацаанд өмнөд хил дээр, сард 9,000-аас цөөн тооны хүн баривчилж байсан нь, Байдены үеийн нэг өдрийн баривчилж байсантай ижил тоотой байна.

Гэхдээ DHS-ийн дотоод мэдээллээр, есдүгээр сард АНУ-Мексикийн хил дээр ойролцоогоор 8,400 хүн баривчилсан нь, наймдугаар сард 6,300, долдугаар сард 4,600 байснаас өссөн харагдав.

Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Абигаил Жексон, “Ерөнхийлөгч Трамп манай өмнөд хилийг аюулгүй болгоно гэсэн амлалтаа бүрэн биелүүлсэн. Үүний үр дүнд Америкчууд аюулгүй болсон - хууль бус гэмт хэрэгтнүүд болон аюултай хар тамхи хилээр хяналтгүй гарахаа больсон. Хилийн аюулгүй байдлыг хангах боломжгүй эсвэл шинэ хууль гаргах шаардлагатай гэж мэдэгддэг байсан Ардчилсан намынханд бид, тэдэнд шинэ ерөнхийлөгч хэрэгтэй байсан гэдгийг харуулсан” гэж мэдэгджээ.

"Шинэ хэмжээ"

Цагаачлалын бодлогын хүрээлэнгийн шинжээч Ариэль Руиз Сото, “Байдены засаг захиргаа орогнол олгох хатуу хязгаарлалт тогтоосон 2024 оны зун хууль бусаар нэвтрэх явдал эрс буурч эхэлсэн. Харин Трампын засаг захиргаа, хэдхэн сарын дотор цагаачлалын урсгалд "шинэ хэмжээ" тогтоосон. Трампын засаг захиргаа хил дээр ч, дотооддоо ч хатуу арга хэмжээ авч байгаа нь, хүмүүс АНУ-д хууль бусаар нэвтрэхийг оролдохгүй байх шийдвэрт нь ихээхэн нөлөөлсөн" гэж тэмдэглэв.

Техасын хилийн Эль Пасо хотод байрлах хоргодох байрны сүлжээг тэргүүлдэг Жон Мартин, “Байдены үед түүний төвүүд олон зуун цагаачдыг байрлуулдаг байсан. Харин саяны 10-р сарын 6-нд хоргодох байранд цагаач байгаагүй. Сүүлийн саруудад бид, зөвхөн орон нутгийн орон гэргүй хүмүүсийг байрлуулж байсан. Энэ нь,Трампын явуулсан арга хэмжээнүүдтэй шууд холбоотой. Орж ирэх хүмүүсийн тоог бууруулах зорилгоамжилттай болсон” гэж Мартин ярьжээ.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2025 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.