12 настай хулгайлагдсан "баатар" охин, хүлээсээ шүдээрээ зажилж таслан зугтаж чадсан байна. Мөн цагдаа нар түүнийг хорьж байсан газраас хоёр цогцос олжээ.
Wed Aug 03 2022
Алабама мужийн нэгэн зөөврийн байшинд хулгайлагдан хоригдож байсан 12 настай охин хүлээсээ шүдээрээ тасалж зугтан, орон нутгийн зам дагуу явган явж байсныг олсон ба хэргийн мөрдөн байцаалтын явцад цагдаа нар түүнийг хорьж байсан байшингаас хоёр ялзарсан цогцос олжээ гэж мягмар гарагт Dadeville-ын хууль сахиулах албаныхан мэдээлэв.
Хэрэгтэн 37 настай Хосе Паулино Паскуаль-Рейесийг хүн хулгайлсан хэргээр Оберн хотод баривчилсан гэж Таллапуса тойргийн шериф Жимми Аббетт хэвлэлийн бага хурал дээр мэдэгдэв. Мөн дүүргийн прокурор Жереми Дуэрр, хэрэгтэн "олон тооны" хүн амины хэрэг үйлдсэн байх магадлалтай гэж нэмж мэдэгджээ.
Даваа гарагийн өглөө орон нутгийн замд явж байсан жолооч зам дээр хүүхэд байгааг олж хараад зогсож авсан бөгөөд тэр дор нь 911 рүү залгаж мэдээлэл өгсөн байна. Охины өгсөн мэдүүлгээс үндэслэн цагдаагийн ажилтнууд Паскуаль-Рейес гэгчийг баривчилсан юм. Мөн охиныг хорьж байсан хэрэгтний гэрт нэгжлэг хийх явцад хүний хоёр ялзарсан цогцос олдсон байна. Тус байранд хэрэгтнээс гадна өөр бусад хүмүүс амьдардаг байсан ч цагдаа нарыг ирэхэд эзэнгүй байсан гэж шериф Аббетт хэлжээ.
Мөрдөгчидийн үзэж байгаагаар, гэмт этгээд охиныг долоо хоног гаруй хугацааны турш орноос хүлж, түүнд архи өгч мансууруулж байсан гэж CBS Колумбус WRBL-TV агентлаг мэдээлэв. Мөн мөрдөн байцаагчдын хэлснээр, охин түүнийг хүлсэн хүлээсийг шүдээрээ зажилж таслан зугтсан байна. Гэмт этгээд охиныг 7-р сарын 24-ний орчим хулгайлсан бөгөөд түүнийг санаатайгаар гэмтээж, бэлгийн хүчирхийлэл үйлдэхийг зорьсон гэж мөрдөгчид үзэж байгаа юм.
WRBL-ийн мэдээлснээр, хэрэгтний зөөврийн байшингийн төмөр тулгуурыг цагдаагийнхан салгасан байсан бөгөөд энэ нь мөрдөн байцаагчид зөөврийн байшингийн доорх газарт анхаарлаа хандуулж байгааг харуулж байгаа юм гэжээ.
Охин хууль сахиулагчидад ямар мэдээлэл өгсөн нь тодорхойгүй байгаа ч шериф Аббетт түүнийг “Баатар” гэж нэрлэжээ.
Цагдаа нар нас барсан хүмүүсийн нэрс, үхлийн шалтгааныг зарлаагүй байгаа бөгөөд мөн шүүхийн бүртгэлд Паскуаль-Рейсейг төлөөлөх өмгөөлөгчийн нэрийг оруулаагүй байна.
Албаныхан охины талаар ямар нэгэн мэдээлэл, тэр дундаа сэжигтэнтэй ямар нэгэн холбоотой байсан эсэх талаар мэдээлэл өгөөгүй ба түүнийг алга болсон гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад ирээгүй гэж шериф хэлжээ.
"Бид түүнд эмнэлгийн тусламж үзүүлсэн байгаа", "Тэр одоо аюулгүй байгаа тул бид түүнийг цаашид ийм байлгахыг хүсч байна." гэж Аббетт хэлсэн байна.
Мөрдөн байцаалтын ажиллагаанд Холбооны мөрдөх товчоо болон Дотоодын аюулгүй байдлын яам ч оролцсон гэж WRBL мэдээлжээ.
Эх сурвалж: cbsnews.com








