Anu.mn
10-р сарын 4-нд АНУ даяар, хүмүүсийн гар утсанд онцгой байдлын хурц чанга дуутай дохиолол ...

10-р сарын 4-нд АНУ даяар, хүмүүсийн гар утсанд онцгой байдлын хурц чанга дуутай дохиолол ирнэ

Wed Oct 04 2023
10-р сарын 4-нд АНУ даяар, хүмүүсийн гар утсанд онцгой байдлын хурц чанга дуутай дохиолол ирнэ

Аравдугаар сарын 4-ний Лхагва гаригт дорнын цагаар 14 цаг 20 минутад, АНУ-ын телевиз, радио болон хүмүүсийн гар утас онцгой, хурц дуутай, цахим, онцгой байдлын дохио өгөх болно. Энэ нь анхааруулах системийн туршилт гэж USAToday мэдээлэв.

Албан ёсоор үүнийг улсын хэмжээнд онцгой байдлын дохиоллын тест гэж нэрлэдэг бөгөөд америкчуудыг аливаа хүнд, онцгой тохиолдлын үед хурдан сэрэмжлүүлэх чухал аргад тооцогддог. FEMA-ийн мэдээлснээр системийн үндэсний үнэлгээ нь хоёр хэсгээс бүрдэнэ. Эдгээр нь Онцгой байдлын дохиоллын систем (WEA) болон утасгүй яаралтай дохиолол (EAS) -ийг турших зорилготой юм.

WEA нь бүх гар утас руу илгээгдэх бөгөөд EAS нь бүх радио, телевизийн өргөн нэвтрүүлэг, кабелийн систем, хиймэл дагуулын радио, телевизийн үйлчилгээ үзүүлэгч, утастай видео үйлчилгээ үзүүлэгч нарт мэдэгдэнэ. Шалгалтад радио, телевизийн өргөн нэвтрүүлэг, кабелийн систем, хиймэл дагуулын радио компаниуд, үүрэн холбооны сүлжээнүүд хамрагдана.

Энэ үед АНУ даяар телевиз, радиогийн нэвтрүүлэг тасалдаж, "Энэ бол АНУ-ын Холбооны Онцгой байдлын газраас дорнын цагаар 14:20-14:50 цагийн хооронд Онцгой байдлын дохиоллын системийг улсын хэмжээнд турших туршилт ба системийн сургалтын тест юм. Олон нийт ямар нэг арга хэмжээ авах шаардлагагүй." гэсэн мэдээлэл өгнө. Гар утаснууд дуут дохио, чичиргээ болон мессежээр, “Энэ бол Үндэсний онцгой байдлын дохиоллын системийн туршилт юм. Ямар ч арга хэмжээ авах шаардлагагүй." гэсэн мэдээлэл хүлээн авна.

Сэрэмжлүүлэг аравдугаар сарын 4-ний Лхагва гарагийн 14:20 цагаас эхлэн орон даяар бүх цагийн бүсэд нэгэн зэрэг цацагдах бөгөөд цагууд, цагийн бүсээс хамаарч өөр өөр байна.

EDT 14:20

13:20 CDT

12:20 MDT

11:20 PDT

10:20 ADT

HST 8:20

Дуут дохио нэг минут орчим үргэлжлэхээр төлөвлөж байна.

Гар утас унтарсан байгаа тохиолдолд мессеж ирэхгүй. Зөвхөн асаалттай гар утаснууд мессеж хүлээн авах болно. Хэрэв утас Wi-Fi горим эсвэл Нислэгийн горимд тохируулагдсан бол мессеж үүрэн холбооны системээр илгээгддэг тул сэрэмжлүүлэг хүлээн авахгүй. Дохиоллын дуу чимээ нь, Үндэсний цаг уурын албанаас цаг агаарын таагүй байдлын үед гаргадаг сэрэмжлүүлэгтэй төстэй.

Холбооны Онцгой байдлын удирдлагын зохицуулагчид, Үндэсний дохиоллын систем нь америкчуудад үндэсний онцгой байдал, байгалийн гамшиг, халдлага, ослын талаар сэрэмжлүүлэх үр дүнтэй арга хэвээр байгаа эсэхийг баталгаажуулах үүднээс явуулж байна. Мөн яаралтай байдлын сэрэмжлүүлгийг шалгах нь хуйвалдааны онол биш гэдгийг тайлбарлах нь зүйтэй. Энэхүү сэрэмжлүүлгийн дохиотой холбоотой, америкчуудын биед суулгасан технологийг ямар нэгэн байдлаар идэвхжүүлж, тэднийг "хяналтад" оруулах гэж байна гэсэн цуурхал олон нийтийн сүлжээгээр тархаж байна. Эдгээр нь худал. Энэхүү туршилт нь хүмүүст хор хөнөөл учруулахгүй бөгөөд зөвхөн үндэсний дохиоллын системийн ажиллагааг шалгах зорилготой юм гэсэн ярилцлага өгчээ.

Хүйтэн дайны үед, улс орныг дайсны довтолгооноос сэрэмжлүүлэх зорилгоор засгийн газар, радио сүлжээг ашиглан АНУ-д анхны Үндэсний Онцгой байдлын өргөн нэвтрүүлгийн системийг 1951 онд бүтээжээ. 1950, 60-аад онд цөмийн довтолгооноос сэрэмжлүүлэх үүднээс улам боловсронгуй болж, өргөжсөн байдаг.

2011 оны 11-р сарын 9-ний өдрийн 14:00 цагт Онцгой байдлын дохиоллын системийн хамгийн сүүлийн хувилбарыг улсын хэмжээнд анх удаа туршиж байсан. Аравдугаар сарын 4-нд болох энэхүү системийн шалгалт нь радио, телевизийн хувьд долоо дахь, өргөн хэрэглээний гар утас, үүрэн холбооны хоёр дахь удаагийн шалгалт болно.

Мөн уг дохиоллыг бодит онцгой байдал эсвэл зөвшөөрөгдсөн туршилтаас бусад тохиолдолд хуулбарлах, ашиглахыг хориглодог. 2021 онд The ​​Doug Bashman Radio Show "онцгой байдал үүсээгүй үед" онцгой байдлын дохиоллыг нэвтрүүлэгтэээ ашигласныхаа төлөө 20,000 доллараар торгуулж байв. 2019 онд CBS телевизийн шоу Young Sheldon, хар салхинаас сэрэмжлүүлэх дууны эффект ашигласныхаа төлөө 272,000 долларын торгууль төлж байжээ. 

Нийтийг хамарсан дохиоллыг ашиглаж ирсэн энэ олон жилийн хугацаанд, алдаатай мессежүүд илгээгдэж, худал дохиолол үүсгэж байсан тохиолдлууд байдаг. Үүнд: Хамгийн сүүлд 2018 онд Хавайн онцгой байдлын албаны систем, “Баллистик пуужингийн аюул Хавайд ойртож байна. Яаралтай хоргодох газар хай. Энэ сургуулилт биш." гэсэн дохиог арлууд руу андуурч илгээснээр сандрал үүсгэж байсан. Энэхүү анхааруулга нь хэн нэгний алдаанаас болсон гэдгийг тогтооход 38 минут зарцуулж байжээ.

Сүүлд нэмэгдсэн